“Эко” дүүрэг болох зорилт тавин ажиллаж байна
“Баянгол Агро Парк” ОНӨУТҮГ–ын захирал Д.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр Баянгол дүүргийн хүн амын нягтаршил хамгийн их нэгдүгээр хороо буюу хуучнаар төмөр замын районоос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч юм.
-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хийж, хэрэгжүүлж буй ажлын тань талаар ярилцлагаа эхэлье.
-Хорооны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгийг орон нутгийн төсөвт суулгуулах, хэрэгжүүлэхэд нь анхаарч ажиллаж байна. Тухайлбал, манай хороонд олон жилийн настай барилга, байшин их бий. Тиймээс тэдгээрийн дээвэр, лифтийг засварлах, шинэчлэх шаардлага тулгардаг. Мөн дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор зам, гудамжинд гэрэлтүүлэг тавих, камержуулах, орцыг электрон цоожтой болгоход 2012 оноос хойш нэлээд анхаарал хандуулж ирсэн. Энэ чиглэлээр Ажлын хэсэг ч ахаллаа. Одоогоор зургаан хороог бүрэн камержуулж, байруудын орцыг нь электрон цоожтой болгоод байна. Баянгол дүүргийн ИТХ-д зургаан Ажлын хороо бий. Миний бие Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт, газрын асуудал эрхэлсэн хороог удирдаж ажилладаг юм.
-Баянгол дүүрэг гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгож чадсан. Үүнд иргэд ам сайтай байна лээ?
-Тийм ээ. Бид иргэд, оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд 2381 гэрэлтүүлэг суурилуулж, гэр хорооллыг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгоод байна. Гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэгтэй болгох ажлыг Нийслэлийн төсөв, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2013-2014 онуудад хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг иргэд маш таатай хүлээн авч, ам сайтай байгаа.
-Гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдал, асалтыг алсаас удирдах боломжтой болсон гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулах үүднээс бид Шинжлэх ухааны информатикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж гэрэлтүүлгийн удирдлагын шитийг сүүлийн үеийн техник технологи, программ хангамжийн тусламжтайгаар алсаас хянаж удирдах систем бүхий аппаратаар тоноглож, үр ашиггүй зардлыг бууруулж чадсан. Мөн энэхүү аппаратны тусламжтайгаар эвдэрч гэмтсэн гэрэлтүүлгийг цаг алдалгүй тогтоож засварлах арга хэмжээг авч ажиллаж байна.
-Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, тохижилт, газрын асуудал эрхэлсэн хороон дарга, мөн “Баянгол Агро парк” ОНӨУТҮГ-ын захирлын хувьд дүүргийнхээ ногоон байгууламж, тохижилтод хэр их анхаарч байна вэ?
-Бид “Эко” дүүрэг болох зорилт тавин ажиллаж байна. Баянгол Агро паркийн хувьд одоогоор 23 нэр, төрлийн ургамал 50 гаруй га газарт ургуулж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дараа орох хэмжээний том бүтээн байгуулалт хийхээр зорьж байгаа. Агро парк гэдэг нь дан ганц мод, сөөг ургуулах биш, хүлэмжийн аж ахуй, эмийн ургамал зэрэг бүхий л эко зүйлийг хамруулсан ойлголт юм.
Ерөнхийдөө бид паркаа гурван чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нэгдүгээрт, иргэдийн амралт, зугаалгын хэсэг байлгана. Өнөөдөр мод тарих талаар их ярьж байгаа ч яаж тарих мэдлэг дутмаг байна. Тиймээс энэ чиглэлээр мэдлэг олгох эко сургалтын төв байгуулахаар төлөвлөж буй. Цэцэрлэгийн хүүхдээс авахуулаад аж ахуй нэгж гээд хүссэн болгон нь сурах боломжтой. Гуравдугаарт, хүлэмжийн аж ахуйг онцолж байна. Сургалт, практикийг хослуулан цогц байдлаар шийдэх гэсэн хэрэг л дээ.
-Иргэдэд мод, цэцэг тарих хүсэл байдаг ч мэдлэг дутмаг байдгаас төдийлөн үр дүнд хүрдэггүй гэж та хэллээ. Танай байгууллага энэ чиглэлээр ямар нэгэн сургалт зохион байгуулдаг уу?
-Манай байгууллага жил бүрийн хавар болон намар “Эко Баянгол” худалдааг зохион байгуулдаг. Энэ нь зөвхөн цэцэг худалдаалаад өнгөрдөг арга хэмжээ биш л дээ. Хаврын улиралд зохион байгуулдаг худалдаагаар мандлын цэцэг, гоёлын мод, бут зэргийг худалдаалдаг. Харин намрын худалдаагаар сургууль, цэцэрлэг, айл гэрт эко орчныг бүрдүүлэх зорилгоор тасалгааны цэцгийн худалдааг зохион байгуулдаг байгаа.
Бид энэхүү арга хэмжээнд ирсэн бүх иргэдэд ногоон байгууламжийн талаар зөвлөгөө өгдөг. Мөн иргэдийн дунд тасалгааны болон мандлын цэцэг, мод, бут, сөөг тарьж ургуулах эко сургалтыг байнга зохион байгуулдаг. Ингэснээр иргэд ногоон байгууламжийн талаар илүү өргөн мэдлэгтэй болж, арчлалт хамгаалалтаа сайжруулж чаддаг.