Намууд сонгуулийн тогтолцоог эцсийн байдлаар тохирчихсон
Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн боловсруулалт хэзээ дуусч УИХ-д өргөн барих вэ?
Манай Ажлын хэсэг хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт хуралдсан. Хуулийн төслийн боловсруулалт ерөнхийдөө дууссан гэхэд болно. Цөөхөн хэдэн асуудал дээр л санал зөрөлдөж байгаа. Бусдаар бол нэгдсэн байр суурьт хүрчихсэн. Хэдхэн асуудал дээр саналаа нэгтэгчих юм бол өргөн барихад бэлэн.
-Саналаа нэгтгэж чадахгүй байгаа асуудал нь юу юм бэ?
МАН-аас Сонгуулийн нэгдсэн хууль биш, зөвхөн УИХ-ын сонгуулийн хуулиа хэлэлцье гэж санал тавиад байгаа юм. Харин манай нам нэгэнт л эхнээсээ Сонгуулийн нэгдсэн хуультай болохоор Ажлын хэсэг байгуулж ажилласан учраас одоо тусад нь салгаж хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа.
Хэрэв УИХ- ын сонгуулийн тухай хуулийн төслийг тусад нь хэлэлцэнэ гэвэл Ажлын хэсэг дахиад шинэ төсөл боловсруулах болно. Хоёрдугаарт, УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах дээр байр суурь зөрсөн. Үндсэндээ энэ хоёр дээр л санал зөрөлдөж байгаа. Гуравдугаарт, цахим сурталчилгааг хэрхэн явуулах вэ гэдгийг судлах шаардлагатай. Цахим ертөнцөд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл.
мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон мэргэжлийн байгууллагуудаас судалгаа авах ажлыг Ажлын хэсгийн гишүүн С.Дэмбэрэл, Г.Батхүү нарт даалгасан. Цахим хэлбэрээр сурталчилгаа хэрхэн явуулахыг хуульчлахгүй .бол сурталчилгааны хугацаанд эзэн холбогдогч нь тодорхойгүй байдлаар хэн нэгнийг гүтгэж доромжлох магадлалтай. Нэг талдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулахгүй байх, нөгөө талдаа сонгуулийг ёс зүйтэй, шударга явуулах үүднээс цахим сурталчилгааг хэрхэн явуулахыг сайн судлах шаардлагатай. Ажлын хэсгээс үүрэг авсан гишүүд судалгаагаа хийж дууссаны дараа Ажлын хэсэг хуралдаад энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
-Фэйсбүүк, твиттерээр сурталчилгаа хэрхэн хийхийг бас хуульчлах уу?
Фэйсбүүк, твиттерийн сурталчилгаа нь цахим сурталчилгаандаа орох учраас хуульчилна. Мөн сэтгэгдэл бичиж байгаа нэрийн дор ямар ч эзэн холбогдогчгүйгээр бусдыг гутаан доромжлох байдал гардаг. Тиймээс үүнийг ч бас Ажлын хэсэг анхаарч ажиллана.
-Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт орж байгаа юу?
Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт оруулаагүй. Хуучнаар нь үлдээсэн.
-Ажлын хэсгийн төвшинд саналаа нэгтгэж чадахгүй байгаа асуудалд сонгуулийн тогтолцоотой холбоотой зүйл алга. Тэгэхээр тогтолцоогоо эцсийн байдлаар тохиролцчихсон гэсэн үг үү?
Намууд сонгуулийн тогтолцоогоор нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй нэлээд хугацаа алдсан. Харин сүүлд хэд хэдэн хувилбараар санал хураалт явуулж УИХ-ын сонгуулийг 48:28 гэсэн холимог тогтолцоогоор явуулъя гэдэгт санал нэгдсэн. Тодруулбал, нэг мандаттай 48 тойргоос 48 нэр дэвшигч сонгогдохоос гадна таван бүсээс намын жагсаалтаар 28 хүн сонгогдох юм. Таван бүст хуваасан аймгуудынхаа хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан нэг бүс хэдэн мандаттай байхыг шийднэ. Одоогийн байдлаар таван бүст яаж хуваахаа шийдээгүй байна. Энэ холимог тогтолцоо нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн 48:28 гэдэг харьцаатай тооны хувьд адилхан боловч ялгаа ихтэй.
Өмнөх сонгуулиар намын нэрийн ард хэнийг жагсаалтаар сонгож байгаагаа сонгогчид мэдэхгүй байна гэх шүүмжлэл их гарсан. Тиймээс энэ удаад бүс тус бүрт жагсаалтаар нэр дэвшигчдийн нэр намынхаа араас саналын хуудаст бичигдэнэ. Сонгогч саналын хуудаст хоёр тэмдэглэгээ хийнэ. Нэгдүгээрт, тойрогт нэр дэвшигчдээс нэг л хүнийг сонгоно. Хоёрдугаарт, жагсаалтад бичигдсэн хүмүүсийг нь харж байгаад зөвхөн нам, эвслийг нь дугуйлна.
-Намд нь санал өгөхөөс гадна жагсаалтад байгаа нэр дэвшигчдэд нь санал өгч сонгогчид өөрсдөө тэднийг эрэмбэлнэ гэх санал яригдаж байсан. Энэ санал дэмжигдээгүй юм уу?
Энэ санал Ажлын хэсэг дээр яригдсан. Гэвч санал хураалтаар олонхийн дэмжлэг авч чадаагүй. Яагаад дэмжээгүй вэ гэхээр, хэрэв тэгж сонгох юм бол нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх учраас сөрөг үр дагавар их гарна гэж үзсэн. Мөн эсрэг санал өгсөн гишүүд олон мандаттай мажоритар тогтолцооноос ялгаагүй болно гэдэг тайлбар хийсэн.
-Саналын хуудас тойрогт нэр дэвшигчид, тухайн бүст нам, эвслүүдээс жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрийг бичнэ гэхээр саналын хуудасны загвар нь ямар байх вэ?
А4-ийн хэмжээтэй нэг саналын хуудаст багтана гэж үзэж байгаа. Эхний баганад нь тойрогт нам, эвслээс нэр дэшигчдийн нэр, дараагийн баганад нь тухайн бүст намын жагсаалтын таван мандаг ногдсон гэж үзвэл намынх нь нэрийн дор таван нэр дэвшигчийн нэр бичигдэнэ гэсэн үг.
-Сонгуульд хэдэн нам, эвсэл орж байгаагаас шалтгаалаад намын жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрс 10, 15, 20 гэх мэтээр нэмэгдэнэ. Ингэхээр тэр олон нам, эвсэл, нэр дэвшигчдийн нэр саналын хуудаст багтана гэж үү?
Олон улсын туршлагыг судалж үзсэн. Бусад улс орны туршлага болон өмнөх сонгуулиудад оролцсон нам, эвслийн тоог харахад нэг хуудаст багтах боломжтой юм билээ. (ХБНГУ-ын парламентын сонгуулийн саналыг хуудсыг үзүүлэв)
-2012 оны сонгуулиар намын жагсаалтаар сонгогдсон гишүүд дахин жагсаалтаар нэр дэвшиж болох уу. Үүнийг хуульчлах уу?
Үүнийг хуульчлахгүй. Тухайн нам, эвсэл энэ асуудлаа дотоод дүрмээрээ шийдвэрлэнэ. Бид энэ асуудлыг бусад улс орон яаж шийддэгийг судалж үзэхэд сонгуулийнхаа хуульд тусгадаггүй, намынхаа дотоод дүрмээр зохицуулдаг юм билээ.
-МАН УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөс салгаад тусад нь хэлэлцэх санал гаргаж байгаа гэсэн. Хэрэв тусад хэлэлцэхээр болбол одоо тохирчихоод байгаа тогтолцоо хэвээрээ хадгалагдах уу?
УИХ-ын сонгуулийн тогтолцоог Ажлын хэсэг ярилцаад албан ёсоор тогтоочихсон учраас өөр санал гарснаар өөрчлөгдөхгүй байх. 48:28 гэдэг санал дэмжигдсэний дараа “Шударга ёс” эвсэл 38:38 гэсэн холимог тогтолцоотой байх санал гаргасан боловч дэмжигдээгүй. Тиймээс ямар ч тохиолдолд 48:28 гэдэг тогтолцоо өөрчлөгдөхгүй л болов уу.
Орон нутгийн сонгуулийн хуулийн тухайд намын жагсаалтаар сонгогдохыг болиулж байгаа. Орон нутгийн сонгуулиар сонгогчид нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигчдээс төлөөллөө шууд сонгохоор хуулийн төсөлдөө тусгасан.
-Сонгогчдын саналыг тоолохдоо автомат машиныг ашиглах уу?
МАН, “Шуцарга ёс” эвслийи бүлэг соншгчдын саналыг 100 хувь гараар тоолъё, автомат машин хэрэглэхээ больё, хэрэглэсэн ч гэсэн гараар тоолъё гэж санал гаргасан. Гэвч энэ нь Ажлын хэсгийн төвшинд олонхийн дэмжлэг авч чадахгүй байгаа. Гараар тоолох тохиолдолд сонгуулийн дүн гарах гэж удна. Тухайлбал 2008 онд сонгуулийн дүн 72 цагийн дараа гарч байсан шүү дээ.
Сонгуулийн дүн гарахгүй удах нь сөрөг үр дагавар ихтэй. Тиймээс машинаар саналаа тоолоод сугалаагаар зарим хэсгийн хороог сонгож гараар хяналтын тооллог хийнэ гэж тусгасан. Автомат машинаас саналын хуудсыг гаргаж тоолох үйл ажиллагааг намуудын ажиглагч, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн хянах эрхтэй. Өмнө нь зөвхөн намын ажиглагч нар л хяналт тавьдаг байсан шүү дээ.