Тойргийг жижиглэснээр хөрөнгө мөнгөөр нөлөөлөх хүчин зүйлийг ихэсгэх магадлалтай
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт багтаж буй УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын явц хэр байна вэ. Хэзээ УИХ-д өргөн барих вэ?
Сонгуулийн хуулийн ажлын явц 90 хувьтай явж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр (өчигдөр) сонгуулийн ажлын хэсэг хуралдана. Тэгээд УИХ-д өргөн мэдуүлж хэлэлцэх шатанд шилжүүлэх байх. Нэг сайн хууль гаргаад түүнийгээ тогтвортой хэрэглэх нь чухал. Гэтэл сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилж байна.
Энэ нь харддага сэрдлэг дагуулж байгаа. Мөн эрх баригч намууд өөрийн талд ашигтай байх бүх нүх сүвийг эрэлхийлж байна. Ер нь 2012 онд мөрдсөн сонгуулийн хууль сайн болсон. Элдэв шоу цэнгээн зохион байгуулах зэрэг ард түмнийг мөнгө төгрөгөөр урвуулах байдлыг хязгаарласан хууль болсон.
Мөн аймгийг нэг тойрог гэж үзэн, томсгосон тойргоор сонгууль явуулсан. 28 гишүүн намын нэрээр УИХ-д сууж, Үндсэн хууль зөрчсөн дутагдалтай тал бий л дээ. Гэхдээ л сайн хууль. Одоогийн боловсруулж буй хууль 2012 оныхоос нэлээд өөр болох шинжтэй байгаа. 28 нэр дэвшигч нь намын нэрээр, 48 нь тойргоос нэр дэвшинэ гэж байгаа. Гэхдээ нэг аймгийг хувааж, хоёр тойрог болгох гэж байна. Хувааж байгаа үндэслэлээ нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөөд байна гэж тайлбарладаг.
Энэ бол жижиг асуудал. Нэг намын нэр дэвшигчид эв найртай, хөтлөлцөөд явах л ёстой. Тойргийг жижиглэснээр мөнгө хөрөнгөөр нөлөөлөх хүчин зүйлийг ихэсгэх магадлалтай. Жижиг тойрогт цөөн сонгогчтой тулж ажиллана. УИХ-д мөнгө, хөрөнгийнхөө тоог мэдэхгүй, авлига хээл хахуулиар баяжсан хүн олон байна. Тэд мөнгийг хайр найргүй зарна шүү дээ.
-Тойргийг бүр томсгож сонгууль явуулах хувилбар ярьж байгаа гэсэн.
Монгол Улсыг таван бүс болгоод явах хувилбар ярьж байгаа. Энэ хувилбараар Улаанбаатар нэг бүс, хойд, урд, зүүн, баруун, бүс гэж хуваах юм байх. Нэг бүсэд таван аймаг багтана. Ингэхдээ нэр дэвшигчийн нэрийн ард намын нэрийг зүүнэ. Нэр дэвшигчид өгсөн санал намд нь бас тоологдоно гэсэн үг. Энэ хувилбараар явуулахаар хоёр нам тохиролцсон гэж яриад байгаа. Энэ бол оновчтой хувилбар биш.
Таван аймгийн сонгогчид сонгуулийн 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчийг 4 таньж чадахгүй. Ялангуяа шинэ нэр дэвшигчийг танихгүй. Тэгэхээр УИХ-д олон жил суусан хүмүүсийнхээ нэрийг сонгогчид дугуйлчихна. Энэ хувилбар парламентад “шинэ салхи сэвэлзэх” боломжийг хаана. Нэг намаас таван хүн нэр дэвшинэ. 10 нам сонгуульд оролцвол 50 нэр дэвшигч нэг. тойрогт өдсөлдөх нь. Хүмүүс таамгаар дугуйлна. Итгэл үнэмшилтэй сонголт хийж чадахгүй.
Уг нь Монголын төрд шинэ хүмүүс оруулж ирэх хэрэгтэй байна. Шинэ хүн олноор орж ирэх тусам Монголын төр цэвэршинэ. МАНАН-г бүрдүүлж буй хүмүүс үнэхээр бохирдсон, авлигад баригдсан. Дунд нь орж ирээд л үүнийг мэдэрлээ. Шинэ хүн парламентад орж ирэх боломжийг нээх хэрэгтэй.
-Ажлын хэсгийнхэн тойрог жижиглэх хувилбарыг дэмжихээр болчихсон юм уу?
Намууд ингэж хэлбийгээд байна. Түрүүний миний ярьсан, нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг гэсэн тайлбар л үүн рүү хөтлөөд байгаа.Энэ тийм ч оновчтой биш. Жишээ нь, Дорнод аймгийг Хэрлэн голын хойд урд гэж хуваагаад сонгууль явуулах нь байна шүү дээ.
Дорнод аймагт 2012 онд 50 мянган хүн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс 30 мянга нь саналаа өгсөн. Хоёр тойрогт хуваавал нэгд нь 15 мянган хүн санал өгнө гэсэн үг. Мөнгөөр шийдэх сонирхолтой хүмүүс 8000 сонгогчид нөлөөлөхөд ялах нь байна. Нэг аймгийг хоёр хуваах нь сөрөг үр дагавартай.
-Хоёр том нам хувилбар дээрээ тохиролцчихвол хуулийн төсөл бэлэн болчих гээд байна уу?
Засгийн газарт хамтарч байгаа хоёр том нам парламентын олонхийг бүрдүүлдэг. Ер нь хамтарсан үедээ л олон муу муухай юмыг хийдэг шүү дээ.
-Ажлын хэсгийнхэн хөндлөнгийн эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн сонгуулийн системийн хувилбарыг хэлэлцсэн болов уу?
Яам, Тамгын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэд олон улсын жишгийг судалсан. Ер нь Монголд сонгуулийн хуулиар мэргэшсэн эрдэмтэн байхгүй. Хуулийн төслийг Байнгын хороо, УИХ хэлэлцэнэ. Ямар хууль батлагдахыг өнөөдөр таашгүй.
-Бие даагчид нэр дэвших боломжгүй хувилбар батлахаар ярилцаад та нарыг намдаа элсэхийг урьсан гэсэн. Энэ үнэн үү?
Бие даагчдыг шахсан хууль болох гэж байгаа. Бидэнд манай намд орж, нэр дэвшээч, тойрог өгье гэсэн санал ирсэн. Намынх нь нэрийг хэлээд юу хийх вэ. Бие даагчдын рейтинг намуудын дээр гарч айлгалаа. Нам гэж аалзны торонд хүлэгдэж, өөрсдийнх нь эсрэг үйлчлэх хууль баталдаг, гэрээ хийдэг байдлаас ард түмэн залхаж байна.
Тиймээс хараат бус гишүүдийг хүсэж байгаа хэрэг. Найман бие даагч ялалт байгуулаад ч бүлэг болж чадахгүй. Тийм эрх зүйн орчин байхгүй. Ер нь бие даагч баг болж улс төр хийх субьект биш гэж боддог. Харин болж бүтэхгүй байгаа зүйлийг гарган ирж шүүмжлэл өрнүүлж болно.