Хуурай сүүний импортыг хязгаарлаж өгөхийг хүсэв
2015.06.16

Хуурай сүүний импортыг хязгаарлаж өгөхийг хүсэв

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 13-нд нийслэлийн орчимд байрлах сүүний фермүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Үүнд: СХД-ийн 21,32 дугаар хороо буюу бидний нэрлэж заншснаар Баруунтуруун, Партизан, Нарийний хэсэгт байрлах, сүүний үхрийн аж ахуй эрхлэж буй таван ч фермээр орсон юм. Тус фермүүд 20-60 сүүний чиглэлийн үнээтэй. Өдөртөө нэг үнээнээс дунджаар 8-15 литр сүү авдаг. Авсан сүүгээ сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад болон зарим хүнсний дэлгүүрт шууд худалдаалдаг юм байна. 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа сүүний фермийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзаж, төрөөс эрчимжсэн мал аж ахуйн талаар баримталж буй бодлого болон салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр яамнаас хийж байгаа ажлын талаар танилцуулж, санал хүсэлтийг сонссон юм.

Энэ уулзалтанд сүүний фермерүүдээс гадна Монголын Сүүний нэгдсэн холбооны удирдлагууд оролцож нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнээс хангах асуудлаар өөрсдийн саналаа илэрхийлж, зөвшилцлөө.

Тэдний хүсч буй хамгийн гол зүйл бол хуурай сүүний импортын асуудлыг улирлын байдлаар хязгаарлалт хийж зохицуулж өгөх, сүүний нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн сүлжээтэй болох юм. Мөн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ болон сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг сайжруулах, тэжээлийн хангамж, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг асуудал байсан. 

Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Энэ төсөлд тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын тэжээлийн ургамлыг тариалах, нэр төрлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байна.

Мөн Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Энэ бүгд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, тоог биш чанарыг эрхэмлэдэг болгоход чухал нөлөөтэй” гэсэн юм. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход эрүүл ахуйн хувьд олон улсын стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд эрчимжсэн мал аж ахуйг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл бүсэд эрхлэх, үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулах ажлыг шат дараалан хийх хэрэгтэй.

Эрүүл бүсийг бий болгож чадвал малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дөхөм үзүүлнэ гэдгийг онцоллоо. Мөн малчдын тэтгэвэрийн насны асуудлыг ч хөндсөн. “Тэтгэвэрт гарах насыг наашлуулах, эсвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрийн насыг нэг болгох зэрэг асуудлууд яригдаж байна. Харин малчдын хувьд цаг наргүй, жилийн дөрвөн улиралд ажилладаг гэдэг утгаараа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулан үзэх нэгэн боломж бий” гэсэн. Энэ саналыг фермерүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Нөгөө талаас хоршоо болж, нэгдэн нийлж ажиллах нь дангаараа үйл ажиллагаа явуулснаас илүү ашигтай, санхүүгийн хувьд ч хүчирхэг байх боломжтой гэдгийг онцолсон. Ингэснээр дангаараа байхдаа авч чаддаггүй байсан зээл тусламж авах, дэвшилтэт техник тоног төхөөрөмжтэй болох, хамгийн гол нь арвин ашиг шимтэй үхэртэй болж, нэг үхрээс авах сүүний гарцыг ч нэмэгдүүлэх сайн тал хоршоонд бий гэдгийг сануулсан юм. 

Сүүний фермүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа олон жил хөдөө аж ахуйн салбарт ажилласан таван хүнийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, хоёр хүнд жуух бичиг гардууллаа.