ҮНДСЭН ХУУЛЬ БА ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ Онол практикийн бага хуралд хэлсэн үг
Цензурт өртсөн МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлийн хэлсэн үгнээс.ҮНДСЭН ХУУЛЬ БА ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ Онол практикийн бага хурал.
Өнөөдөр дэлхий ертөнц даяар улс орнууд хоорондын нөөц баялагийн төлөө өрсөлдөөн болж байна.
Өнгөц харахад улс орнуудын хоорондын гэж харагдах боловч үнэн хэрэгтээ төрүүдийн өрсөлдөөн юм. Аль улсын төр судалгаа, мэдээлэл, прогноз сайтай байна ?. аль нь стратеги, тактик, бодлого, төлөвлөгөө сайтай байна, аль нь шийдвэрлэх, хэрэгжүүлэх, гүйцэтгэх чадамж өндөр байна гэдгээрээ уралдаж байгаа билээ.
2014 онд АНУ-ын Принстоны Их сургуулийн доктор John Mickletwait and Adrian Wooldridge нарын бичсэн “The Fourth revolution Global Race to Reinvent the state гэсэн нэртэй ном гарч одоо дэлхийн thinktank- уудын хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна.
Гол агуулга нь ямар төрийн тогтолцоо илүү вэ ?. Барууны либерал төрүүд үү эсвэл Ази, Скандинавын загварууд уу ?, Сингапур, Хятад эсвэл Энэтхэгийн төрийн чадамж аль нь илүү вэ ? гэдгийг хэлэлцүүлэхийн сацуу барууны либерал төрийг бэхжүүлэх дутуу хийсэн хувьсгалаа гүйцээх номлол гэж ойлгож болно.
Монгол үндэсний ардчилсан нам 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдахдаа нийгэмд гаргасан үзэл санаа бол үндэсний үзэлдээ суурилан Монгол төрийг урлан бүтээх асуудал байв. Бид өнгөрсөн хугацааны улс төр нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, төрөө түвшитгэхгүйгээр хөгжлийн замналаар замнах бололцоогүй гэдэг дүгнэлтэд хүрч, монгол төрөө урлах үзэл санааг олон түмэнд хүргэх, төр барих бололцоотой том гэгдэх намуудын үзэл санаанд нөлөөлөх замаар, төрийн үзэл суртал бодлого болгохыг зорьж ирсэн.
Монгол төрийн чадвар, чадамж ямар байна ? гэдэг асуудал анхааралын төвд байх хамгийн чухал сэдэв юм. Монголд Таван толгой, Оюу толгой гээд олон толгой байна. Эдгээр нь яах аргагүй мега төслүүд гэхдээ эдгээрээс том мега төсөл бол төрийн гурван толгойнхоо асуудлыг цэгцлэх, 76 толгойныхоо асуудлыг цэгцлэх нь амин чухал болоод байна. Ингэж чадвал нүүрс, зэсний толгойдыг шийдэх нь үнэндээ техникийн асуудал юм. Өнгөрсөн 25 жилд нам бүрийн, засгийн газар бүрийн мөрийн хөтөлбөрт, төмөр зам, цахилгаан станц, зэс, төмөр хайлуулах олон төслүүд эхлүүлнэ гэж тусгаж ирсэн. Харамсалтай нь нүдэнд харагдаж гарт баригдах зүйл алга байна. Төрийн бодлого хэрэгжилтээр байгуулсан театр, музей, үйлдвэрүүд байхгүйтээ адил байна.
Жишээ хэлэхэд 1991 оны 1 сард Засгийн газраас Багануурын уурхайд барихаар шийдвэрлэсэн 750 Мв хүчин чадалтай станц, 30 жил амласан Асгатын мөнгөний ордыг ашиглах үйлдвэр одоо хир нь баригдаагүй л байна. Социализмын үед байгуулсан дэд бүтцийн сүүлчийн хүчин чадлыг ашиглан барилга орон сууцаа барьж байна.
Монгол төрийн машины мотор нь цохиж, хянах самбаргүй болоод удаж байна.
Энэ бүхэн нь монгол төрийн бодох, төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх чадамж туйлын сул дорой байгааг харуулж байгаа бус уу. 1992 оны үндсэн хуулийг хамгаалагчид олон байдаг, энэ танхимд ч бас байгаа л харагдана. Би ойлгож байна. Та бүхэн өөрсдөө баталсан учир өөрийн үр хүүхэд мэт хайрлан хамгаалдаг биз. Одоо цаашид ийм байр суурьтай байх нь хөгжлийн саад, дайсан болж байгаагаа ухаарах цаг болж. Манай шинэ гэгддэг үндсэн хууль тусгаар тогтнолын хууль байсан бол одоо бидэнд хөгжлийн эх хууль хэрэгтэй байна.
Азийн бар гэгддэг орнууд хурдтай хөгжлийнхөө цаг үеүүдэд ардчилсан гэхээсээ илүүтэй авторитар маягийн төртэй байсаныг харж болно. Тэдгээр орнуудад төр засаг нь тогтвортой байж, бодлого, залгамж чанар нь хадгалагдаж, ялангуяа нийгмийн хөтөч байгууллагуудаа хэлбэрэлтгүй хадгалж ирсэн байдаг. Японы Худалдааны яам, Солонгосын Санхүү эдийн засгийн яамны Эдийн засгийн төлөвлөлтийн зөвлөл, Тайваны Эдийн засгийн харилцааны яамны Эдийн засгийн төлөвлөлт, хөгжлийн зөвлөл болон Үйлдвэржилтийн товчоо, Малайзын Засгийн газрын эдийн засгийн төлөвлөлтийн алба зэрэг элит байгууллагууд нь байнга тогтвортой ажиллаж улс орныхоо хөгжлийн хөтөч болж ирсэн байдаг. Гэтэл бид 23 жилд 14 засгийн газар, 18 ерөнхий сайд сольжээ. Боддог төлөвлөдөг байгууллагагүй шахам явж ирлээ. Хөгжил шинэтгэлийн хороо гэж байгуулж үзсэн, Шинэчлэлийн засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн яам байгуулаад саяхан хүнээс нь болоод тайраад хаячихлаа. Бид яг морь унасан толгойгүй хүн шиг давхицгааж байна.
Монгол төрийн машины мотор нь цохиж, хянах самбаргүй болоод удаж байна.
Энэ онол практикын бага хуралд гадны олон судлаач, докторууд ирсэн байгаад олзуурхаж байна. Тэд олон сайхан санааг хэлж, ойлгуулах байх гэхдээ хэн нь ч энэ танайд тохирно гээд хэлчих тийм тогтолцооны загвар, шууд хуулчих сонгодог модель хаана ч байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухамдаа Монголчууд бид тойрон сууж, зөвлөлдөж, алдаа оноогоо дэнслэн байж хэлэлцэн зөвшилцөж гэмээнэ өнөөгийн нөхцөлд манай хөрсөнд суурьшиж чадах, Монголчуудын амьдралын чанарыг дээшлүүлж, хөгжил дэвшилд хүргэж чадах тийм Үндсэн Хуулийг бүтээж чадна.
Өнөөдрийн хэлэлцүүлэг Нэг Монгол Нэг зүгт гэсэн сайхан уриан дор болж байгаад бэлэгшээж байна. Нийгмийн хөгжил, шинэчлэлийг гэнэт шинэ хүмүүс гарч ирээд хийчихнэ гэж бодохгүй байхгүй. Харин ч өнгөрсөн нийгмийн ололт амжилт, сайн мууг мэдэх, өнөөгийн нийгмийн алдаа онооны хариуцлагыг хүлээх ёстой өнөөдрийн төр барилцаж байгаа улс төрчид, энэ танхимд цугласан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, энэ тайзан дээр суугаа намуудын дарга нарын зөвшилцөл, ухаарал, иргэний зоригоос илүүтэй шалтгаалах юм.
Улсын Их хурлаар үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулаад байгаа эн үед улс төрчид, намууд ухаажсан улс төр хийж, ухаалаг төрийг урлан бүтээх цаг болжээ.
Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.