Шүлхий өвчний талаар хэлэлцэн шийд гаргав
2010.06.23

Шүлхий өвчний талаар хэлэлцэн шийд гаргав

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцуулав. Дорнод аймгийн Халхгол, Мата д, Баянтүмэн, Булган сумын нутагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд 80,6 сая, зориудаар устгасан малын нөхөн олговорт 247,3 сая, нийт 327.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний тархалтад тандалт судалгаа хийж гарал үүслийг нь тогтоохыг холбогдох яам, Дорнод аймгийн удирдлагад даалгав. Шүлхий өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгааг харгалзан хорио цээр тогтоосон нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх, баяр наадам болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт зүүн аймгуудаас үржлийн мал шилжүүлэхийг 2 жилийн хугацаагаар зогсоохоор боллоо.

Халдварын голомт илрээгүй Дорнод аймгийн сумдаас зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлж, түүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох яам, байгууллага, аймгуудын удирдлагад даалгав. Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага болон гамшгаас хамгаалах улсын албаны хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт үүрэг болгов. Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод үүрэг болголоо. Дорнод аймгийн дээрх сумдад шүлхий өвчний шинж тэмдэгтэй 1308 малыг устган булшилж, орчныг нь ариутгаж халдваргүйжүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.