Д.Очирбат: Нэгэнт л хүний эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор нэлээд хатуу, чангаар тавьж өгсөн
2010.04.16

Д.Очирбат: Нэгэнт л хүний эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор нэлээд хатуу, чангаар тавьж өгсөн

Энэ сарын 5-ны өдөр УИХ Эрүүл мэндийн тухай хуулийг баталсан.Тус хуулийг тойрсон асуудлаар хууль санаачлагчийн байр суурийг сонирхлоо.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээд явж байна. Ер нь өмнөх хуулиасаа нэлээд олон зүйл заалт өөрчлөгдсөн байгаа.Тухайлбал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусламж үйлчилгээний төрлүүд болон үйлчилгээний байгууллагын чиг үүргийг тодорхой болгож байгаа.Түүнчлэн, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх, бүтцийн асуудлыг тодотгож өгсөн.Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, магадлан итгэмжлэлтэй холбогдолтой зөвшөөрлийн асуудлуудыг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн эрүүл мэндийн санхүүжилт, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулахад бүрдүүлэх боломжтой талаас илүүтэй тусгасан байгаа.

Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтны нийгмийн баталгааны асуудал хамгийн чухлаар тавигддаг.Тэр дундаа хөдөө, орон нутагт ажиллаж байгаа ажилтнууд маш их ачаалалтай ажилладаг.Тиймээс нийгмийн баталгаа буюу цалингийн тусгай сүлжээтэй байх, ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарах үед нь мөнгөн хуримтлал тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг нэн тэргүүнд шийдэх чухал, чухал заалтууд орсон. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хурцаар тавигддаг.Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг стандартын дагуу мөрдөх, үүнд хяналт тавих асуудлыг оруулсан. Мэдээж, эрүүл мэндийн байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгосон. Нэгэнт л хүний эрүүл мэнд, амь настай холбоотой болохоор нэлээд хатуу, чангаар тавьж өгсөн. Одоо бол хувь хувьсгал гэж ялгахгүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг аль ч салбар чиглэлээр үнэхээр иргэддээ хүрсэн, хамгаалсан үйлчилгээг хүргэх ёстой.