Хэлмэгдэгсдийн үр хойчис нөхөн олговор нэхэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг өчигдөр Төрийн ордонд хүлээж авч уулзаад, хамт хэвлэлийн хурал хийв.
Өргөдлийн байнгын хороонд хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн олговор олгох асуудлыг зохих шатны байгууллагад нь уламжилж өгөхийг хүссэн олон өргөдөл гомдол ирсэн учир энэ уулзалт, мэдээллийг зохион байгуулж буй аж.
Энд ирсэн хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “1998 онд гарсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу авсан нэг сая төгрөг бидний эцэг эх, ах дүүгээ алдсан, мал хөрөнгөө хураалгасан хохирлын дэргэд өчүүхэн юм. Тэр бол нэг удаагийн тэтгэмж байсан.
Одоо бид амьдрал, сэтгэл зүйд учирсан хохиролтойгоо тэнцэх нөхөн олговор авмаар байна” гэж байв. О.Баасанхүү “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байгаа.
Тэр төсөл батлагдвал энэ хүмүүст олгох нөхөн олговорт хоёр их наяд төгрөг шаардагдах учир батлагдах магадлал бага байна. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхөн олговор авах хүмүүсийн тоо цөөрсөөр, одоо 73-92 насны 400 орчим хүн байгаа.
Манай Байнгын хороо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай хэлэлцэж батлах, Нийгмийн халамжийн болон тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа” гэв.
Дээрх асуудалтай холбоотой тогтоолын төслийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. Уг төсөлд улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 100 мянган төгрөгийг тэтгэвэр дээр нь нэмж сар бүр олгох асуудлыг тусгажээ.