Тэрбум ам.долларын зээлийг улсын өрөнд тооцохгүй
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.05.18

Тэрбум ам.долларын зээлийг улсын өрөнд тооцохгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг хэлэлцэх эсэх, хоёрдугаарт УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэжээний талаар бүлгээс гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдаад нэлээн удаж байна.

Манай бүлэг энэ хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт яг энэ хуулийн төслүүдээр холбогдох яамдын сайд нараас асуулга асуухтай холбогдуулаад энэ асуудал хойшлогдсон. Энэ тавдахь өдөр Хууль зүй, Сангийн сайдаас дээрх хоёр хуулийн талаар асуулга асууна. Үүний дараа хууль цаашаа явах эсэх шийдвэр гарна. Дээрхи асуудалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Бизнес эрхлэгчидтэй уулзаж, хүндрэлтэй, тулгамдаж байгаа асуудлыг судлах тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Наранхүү ахлах юм.

Хоёрдугаар асуудал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын ахалсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Тус ажлын хэсэг УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, анхаарч ажиллах асуудлуудыг багцалсан. Үүнд гурван чиглэлээр ажиллах ёстой гэсэн дүгнэлт гарч ирлээ. Үүний дагуу дэд ажлын хэсэг байгуулж, тодрохой хугацаанд нарийвчлан судлах зүйл байна гэж үзлээ. Хот төлөвлөлт, Ажилгүйдэл, Шинэ хөдөө гэсэн гурван багц ажлын хэсгийг байгууллаа. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга та гурав энэ танхимд сууж байгаад уг гэрээний төслийг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр боллоо гэх мэдээллийг өгч байсан. Гэтэл бүтэн нэг сар хагасын хугацаа өнгөрчихөөд байна шүү дээ. АН-ын бүлэг дээр тус асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгээс мэдээлэл хийсэн үү?

Тавантолгойн гэрээний төслийн асуудлыг сүүлийн хоёр долоо хоногийн бүлгийн хуралдаанаар ярилцаагүй байгаа. Ажлын хэсэг холбогдох мэдээллээ нарийвчлан судлах зорилгоор Засгийн газар болон холбогдох байгууллагуудад асуулга тавьсан байгаа хариу нь ирээгүй байгаа юм. Ерөнхий сайд З.Энхболд дарга бид гурав энд сууж байгаад тухайн үед мэдээлэл өгсөн. Гэхдээ Ерөнхий сайд уг асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн болохоос яг тэд хоногт багтаан шийднэ гэсэн зүйл байхгүй. Ажлын хэсэг эцсийн байдлаар дүгнэлтээ гаргачихвал АН-ын бүлгээр хэлэлцэхэд бэлэн байна.

-Б.Гарамгайбаатар таньтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байна. Солонготын даваа хүртэлх 100 км замыг тавихдаа ажлаа хийж эхлээгүй байхдаа “Хөгжлийн банк”-аас авсан гэх юм. Та үүнд тайлбар өгөөч?

Энэ асуудлаар би өөрөө хариулт өгөөд байх нь зохимжгүй юм. Би ажлаа өгөөд 10 гаруй жил болж байна. Хувьцаа эзэмшигчийн хувьтд мэдээлэл байгаа. Халзан бүргэдэйгээс Солонготын давааны чиглэлд 100 км замыг тавих ажлын тендерт “Монроуд” компани ялсан. Үүнийг холбогдох яам, тамгын газар мэдэж байгаа. Тэндээс тодруулбал илүү дээр байх гэж бодож байна. Хөрөнгийн эх үүсвэр буюу санхүүжилтийг 100 хувь урьдчилаад авсан гнэдэг нь ташаа мэдээлэл юм. Тухайн аж, ахуй нэгж гүйцэтгэлээрээ санхүүжээд явж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Манай улс Энэтхэгээс 1 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо. Энэ асуудалтай холбоотойгоор бүлэг ямар мэдээлэлтэй байгаа вэ? Ийм эрх зүйн боломж бий юу?

Ням гаригийн хүндэтгэлийн чуулганд Энэтхэг улсын Ерөнхий сайд энэ асуудлаар мэдээлэл өгсөн. Бүлэг дээр мэдээлэл байхгүй. Энэтхэгээс авах зээл Төмөр зам болон Эрчим хүчний салбарт зарцуулагдана. Төмөр зам, Эрчим хүчний салбарт авах зээлийг улсын өрөнд оруулж тооцохгүй гэдэг хуулийн заалт байгаа. Тэгэхээр эрх зүйн боломжтой.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хууль үндсэндээ нийт аж ахуй нэгжүүдийг хамрахгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийг хамарсан хууль болж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Хямралын уршигаар аж ахуй нэгжүүд татвараа төлж чадахгүй байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг хамруулах тухай хуульд тусгасан уу?

Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэсэн хоёр багц хууль УИХ-д орж ирсэн байгаа. Ил тод байдлыг дэмжих тухай хууль төсөл үндсэндээ урагшлаад эхэлсэн. Ил гаргаагүй хөрөнгийг мэдүүлэгтээ тусгах тухай асуудлыг тусгаж өгсөн. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвар дээр юм уу эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад янз бүрийн торгуультай аж ахуй нэгжүүдийг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ. Тиймээс энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой гэж үзээд байгаа. Харамсалтай нь улс төрийн ашиг сонирхлоор энэ хуулийг мушгин гуйвуулах явдлаас болгоомжилж уг хуулийн төсөлд их няхуур хандаж байна. Энэ баасан гаригт С.Бямбацогт гишүүний асуулга явагдана. Энэ үеэр хоёр хуулийн чиглэлийг асуулгын дараагаар хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудал яригдана. Ямар ч байсан Эдийн засгийн өршөөлийн тухай хууль зайлшгүй гарах ёстой хуулийн төсөл гэж АН дэмжиж байгаа.

Ш.Түвдэндорж: Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч одоогийн байдлаар хичнээн аж ахуй нэгжүүд татварын дарамтанд ороод байгааг судлаж байна. Хууль зүйн сайдын хэлж байгаагаар урьдчилсан байдлаар 11 мянга гаруй аж ахуй нэгж бий гэсэн тоо хэлээд байгаа.

-Энэтхэгээс манай улс 1 тэрбум ам.долларын зээл авахаар болоод байна. Мөн Олон улсын валютын сангаас зээл авах төлөв харагдаж байна. Ерөнхий сайд Арабын нэгдсэн улс руу айлчилахаар явсан нь мөнгө гуйхаар явсан байхыг үгүйсгэхгүй байгаа. Энэ нь өрийн таазад нөлөөлөхгүй юу?

Энэтхэгээс яг ч тэрбумын зээл авчихсан юм биш. Ням гаригт хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “1 тэрбумын зээл өгөхөөр болж байна” гэдгийг л мэдэгдсэн. Зээлийн гарц нээгдсэнийг ойлгох хэрэгтэй. “Ерөнхий сайд Араб руу мөнгө гуйх гээд явсан” гэдэг яриа бол тийм ч зүйтэй биш. Монгол улс бол тусгаар тогтносон улс. Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон талт арга хэмжээнүүдийг авах нь зайлшгүй. Энэ утгаараа гадны хөрөнгө оруулалтыг татах, тэр нь үйлдвэржилтийн чиглэлээр, мөнгө санхүүгийн чиглэлээр ч байж болно.