Хөгжих үү, эс хөгжих үү
2015.05.15

Хөгжих үү, эс хөгжих үү

Нийт газар нутгийн 77 хувь нь цөлжжээ

Улс төрийн намуудын үе үеийн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр үндэслэсэн Засгийн газрын хөтөлбөрөөр Монгол Улс хөгжихгүй нь гэдгийг Парламент дахь нам, эвслүүд хүлээн зөвшөөрч байна.

УИХ дахь гурван бүлгийн даргаар удирдуулсан Ажлын хэсэг Хөгжлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улс хөгжих бас уруудан доройтох хоёр хувилбарын өмнө зогсож байгаа аж.

Дорвитой арга хэмжээ авалгүй энэ хэвээр цааш явбал манай улс ямар эрсдэл хүлээхийг ийн хэлж байна. Тухайлбал, Монгол Улс дэд бүтэц сул хөгжсөн, эрчим хүч, шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг, эдийн засаг нь зөвхөн уул уурхайн салбарт голлодог.

Мөн нийт газар нутгийн 77 хувь нь цөлжжээ. Үүний 44 хувь нь дунджаас дээш түвшний цөлжилттэй байгаа нь усны хомсдлыг бий болгох аж. Мөн малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн байдал нь хөдөөгийнхөнд хүндээр тусаж болзошгүй байгаа гэв.

Тухайлбал, уур амьсгалын огцом өөрчлөлт, эрс тэс байдал, байгалийн гэнэтийн үзэгдэл нь асар их хохирол дагуулна хэмээн тооцоолж байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг олон жилээр ганхуулдаг аж. Энэ бол байгаль экологиос үүдэлтэй хүлээх эрсдэл. Харин нийгэм эдийн засгийн хувьд бүр ч хүнд үзүүлэлтүүд харагдаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн татвар, төсөвт төвлөрүүлэх орлого талаас нь хараад байвал улс орныг үндэстэн дамнасан корпорациудад цөлмүүлнэ гэв. Цаашлаад баялгийн колоничлолын талбар болох аюултайг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль тайландаа дурдсан. Энэ бол тулгарч болзошгүй эрсдэлүүд. Өөрөөр хэлбэл хөгжлийн бодлогоо оновчтой төлөвлөж, зөв зохицуулан, тууштай хэрэгжүүлэхгүй бол дээрх хямралууд бодитоор нүүрлэнэ гэдгийг анхааруулсан юм.

Харин хөгжлийн урт хугацааны бодлогын талаар УИХ дахь намын бүлгийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг сонслоо.

УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙХ ЁСТОЙ

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг: Энэ бол сонгуулийн мөрийн хөтөлбөр биш. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн амьдралын чанарын тухай асуудал. Тиймээс хөтөлбөр улс төрөөс хол байх ёстой. Монголын улс төрийн орчин тогтворгүй, гүйцэтгэж буй байгууллагууд нь хагас зарчмаар ажилладаг эмзэг, хэврэг байдлаа өөрчилье гэж байгаа юм. Хөгжлөө манлайлж чаддаг төртэй, Засгийн газартай байх талаар энд тусгасан.

Манайд хөгжлийн бодлого төлөвлөлт байсан. 2005 онд Мянганы хөгжлийн цогц бодлоготойгоор 10 жил явсан. Гэвч түүнд тусгасан стратегийн 103 зорилтын тун цөөхөн нь хэрэгжсэн байх жишээтэй. Энэ нь бодлогыг тогтвортой авч явах төрийн институц байгаагүй, хоёрдугаарт Монголын улс төрийн голлох намууд зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоог хэт хялбаршуулж ойлгосонтой холбоотой.

ЗАСГИЙН ЭРХЭНД ЯМАР НАМ ГАРСНААС ҮЛ ХАМААРАН ХЭРЭГЖИНЭ

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Бодлогод таван чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлж байна. Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, төрийн байгууллагыг бэхжүүлэх, хүнээ хөгжүүлэх зэрэг зорилт багтсан.

Нэг үгээр хэлбэл, энэхүү бодлогын баримт бичиг нь сонгуульд аль ч улс төрийн хүчин ялснаас үл хамаарч тууштай хэрэгждэг байх, Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль болж батлагдахаараа ач холбогдолтой. Мөн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэдэг, ийм үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог болъё гэж байгаа.

Өмнө нь мөрөөдлийн, тунхагийн шинжтэй 400 гаруй баримт бичгийг УИХ-аар баталсан байдаг. Эдгээртэй адилхан болгохгүйн тулд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг давхар баталж өгнө. Тэгж байж, амьд баримт бичиг болох юм. Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлыг гол сууриа болгосон.

ТӨРИЙН ИНСТИТУЦИЙН ЧАДАВХ МУУ БАЙНА

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Өнөөдрийн хувьд Монгол Улсын төрийн институцийн чадавх муу байна. Аливаа хөгжлийн асуудлыг зөв төлөвлөж, хэрэгжүүлэх нь төрийн чадавхаас хамаардаг.

Манайх өмнө нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн зорилтыг баталсан. Гэхдээ энэ нь ерөнхийдөө зорилтуудын жагсаалт болчихсон. Хэрэгжүүлэх механизм байхгүй. Мөн сонгууль бүрийн дараа байгуулагдсан Засгийн газраар төрийн залгамж чанар алдагддаг. Уг нь УИХ-аар баталсан л бол аль ч нам Засгийн эрхэнд гарснаас үл хамааран хэрэгжүүлээд явах ёстой.

Гэтэл тэр бодлогын хувьд хэрэгжүүлэх боломжгүй, жагсаалт л байсан учраас шинээр боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ шинэ баримт бичиг цомхон, тавих зорилт нь тодорхой байх юм. Хамгийн чухал нь аль ч нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ баримт бичигт нийцүүлэн боловсруулах ёстой.