Их тамир-Олимп цогцолборыг нээлээ
Монголын спортын хөгжилд ташуур нэмсэн түүхэн үйл явдал Хандгайтад боллоо. МВА-ийн стандартаар барьсан "Их тамир-Олимп" цогцолборыг өчигдөр нээсэн юм.
МҮОХ, Сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн, спортын мастер Дашнямын Содномзундуй агсны нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордон, тамирчдын бэлтгэлийн танхим, зочид буудал зэргээс бүрдсэн Үндэсний олимп цогцолборын нээлтэд УИХ-ийн гишүүн, ХАХНХ-ын сайд, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ, ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамба, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Спорт бэлтгэлийн төвийн дэд дарга Ц.Одонбаяр тэргүүтэй спорт холбоодын төлөөлөл, тамирчид оролцсон.
Шал нь зөөлөвч бүхий дөрвөн үеэс бүрдсэн, ил харагдах эрэг шураг, хадаасгүй гээд олон давуу талтай тус цогцолборын сагсан бөмбөгийн ордны "А" танхим 400, "В" нь 2000 суудалтай. Уг цолцолборын бүтээн байгуулалтын ажлыг Д.Содономзундуй агсны ач хүү Э.Ганболор захиралтай "Молор Констракшн" ХХК хоёр жил гаруй хугацаанд гүйцэтгэжээ.
Нээлтийн үеэр С.Эрдэнэ "МВА-ийн стандарт бүхий ордонтой болох нь миний мөрөөдөл байсан. Насаараа Монголын сагсан бөмбөгийн спортын төлөө зүтгэсэн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, түүний нэрэмжит цогцолбор барьж чадлаа. Энэ цогцолбор манай сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадвар тив, дэлхийн түвшинд хүрэхэд тодорхой хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.