Хэн, юу хэлэв
Ж.Энхбаяр: Эдийн засгийн уналт эрх барьж байгаа АН-ын бодлогын алдаанаас болсон
УИХ-ын гишүүд болоод эдийн засагчид, иргэний хөдөлгөөнийхөн гээд амтай болгон улс орон, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн байр суурийг илэрхийлж, УИХ тарах ёстой гэдгийг хэлжээ. Тэрбээр “Хатуухан хэлэхэд, бид эдийн засгийн асар гүнзгий хямралтай нүүр тулсан. Монгол үндэстэнд томоохон сорилт даван туулах шаардлага үүслээ.
Хэдэн тоо хэлье. Гадаад өр 20 тэрбум ам.доллар давсан, Засгийн газрын дотоод өр дөрвөн их наяд төгрөг буюу Монгол Улсад эргэлдэж байгаа зээлийн 1/3-ийг Засгийн газар ашиглачихаад байна. Аж ахуйн нэгжүүдэд буюу бодит эдийн засгийн салбарт мөнгөний нийлүүлэлт үндсэндээ зогслоо.
Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Хөрөнгө оруулалт гадагшилж хасах руу орсон. Сая сая ам.долларыг өдөр болгон алдаж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл, гадаад эдийн засгийн бүх үнэлгээ, ирээдүйн төлөв сөрөг болж хувирлаа. Төрийн сангийн төлбөр гүйцэтгэх чадвар туйлын муу, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх боломж алга.
Тэр байтугай тэтгэвэр, цалингаа тавихад хүндрэл үүслээ. Валютын нөөц ноцтой байдалд орсон. Харин шийдвэр гаргах төвшинд улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэдэн толгой тойрсон хэрүүл л болж байна.
Ухахаас өөр ухаан санаа алга. Өнөөгийн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харах чадвараа улс төрийн намууд алдсан байна. Засгийн газар нөхцөл байдлыг жолоодох гэж оролдож байгаа боловч дэмжих ёстой улс төрийн гол хөдөлгүүр нь болох нам нь хөдөлж өгөхгүй байна шүү дээ.
Одоо бид яаралтай Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй байна. Ингэж байж хямралын суурь шалтгаан болсон улс төрийн намуудыг өөрчилнө. Улмаар өнөөдрийн засаглалын системийг өөрчилж чадна. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийж ирээдүйн шинэ дүрмийг гаргаж өгөөд УИХ яаралтай тарах хэрэгтэй.
Ингээд нийгмийг талцуулсан асуудлыг шинэ УИХ шийдэх ёстой. УИХ ард түмний дэмжлэгийг үндсэндээ алдаад дуусч байна. Засаг удирдах чадвараа алдахаар УИХ ард түмнийг төлөөлөх чадамжаа давхар алдаж байгаа юм. Шулуухан хэлэхэд, өнөөдрийн эдийн засгийн уналт УИХ-тай салшгүй холбоотой. Үүн дотроо эрх барьж байгаа АН-ын бодлогын алдаа.