Ерөнхий сайдыг огцруулах бичигт таван гишүүн гарын үсэг зуржээ
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.05.14

Ерөнхий сайдыг огцруулах бичигт таван гишүүн гарын үсэг зуржээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд нийслэл болон боловсролын салбартай холбоотой1000 гаруй гомдол иржээ. Тиймээс тус байнгын хороо энэ асуудлаар холбогдох албаны хүмүүсийг оролцуулан өчигдөр хуралдах байсан ч тодорхойгүй хугаацаагаар хойшилсон. Энэ тухай болон зарим асуудлыг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Танай байнгын хороо яг ямар асуудлаархуралдах байсан бэ?

Өргөдлийн байнгын хороо боловсролын салбарын асуудлаар хэлэлцүүлэг хийх байсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараас хэн нь ч ирсэнгүй. Мөн асуудал хариуцсан дээд боловсролын газар, Нийслэлийн боловсролын газраас нэг ч хүн ирээгүй. Шийдвэр гаргах төвшний ямарч албан тушаалтан байхгүй учир хэлэлцүүлгээ хийсэнгүй. Манайд сурагчийн дүрэмт хувцас, сургуультай холбоотой олон өргөдөл ирсэн. Тухайлбал, 61 дүгээр сургуульд заал байхгүй байгаа.

Тус сургууль Япон улсын тусламжаар өргөтгөлийн байшин бариулж, тэр өргөтгөлдөө хүүхдүүд нь бүгд хичээллэж байна. Гэтэл уг өргөтгөлийн хажууд заал барина гэж 1.1 тэрбум гаруй төгрөгөөр тендерт оролцсон компани хагас тэрбумаар нь ажлаа хийгээд үлдсэн мөнгө нь хүрэхгүй гээд ажлаа зогсоосон байдалтай байж байна. Энэ асуудлаар салбарын сайд болон холбогдох хүмүүст мэдээлэл өгсөн боловч хариулаагүй. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлгээр авч хэлэлцье гэж дуудсан юм.

-Мөн нийслэлийн иргэдээс ч олон гомдол ирсэн гэсэн. Иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?

Нийслэлийн асуудлаар манайд 1214 өргөдөл ирсэн. Иргэд голдуу хандаж, сургууль, цэцэрлэг, газартай холбоотой гомдол гаргасан. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг удахгүй нээлттэй хэлэлцүүлэгт урина. Манайд ирсэн гол өргөдлүүдийг уншиж танилцуулж, нэг бүрчлэн хүлээлгэж өгнө. Мөн то­дорхой хугацаа зааж бие­лүүлэх үүрэг өгөх болно.

-Танай байнгын хороо­ноос зарим компаниудад шалгалт хийх шийдвэр гарсан. Ямар компаниудад шалгалтхийх бол?

Өргөдлийн байнгын хороо “Петро чайна дачин” компани болон газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудад АТГ болон бусад байгууллагатай хамтарсан шалгалт хийхээр болсон. Монгол хүмүүсийг ажлын байраар хангах ёстой гэдэг асуудлаар Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Манайд ирсэн гомдлоор 10, 20 тэрбум төгрөгийн ажлыг гадаадынхнаар хийлгэж байна. Мөн хууль бус үйлдлийг шалгаж, газар дээр нь ажиллах юм.

-Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг судалж байгаа гэлээ. Ямар үндэслэлээр энэасуудлыг тавих гэж байгаа юм?

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар судалж байна. Энэ нь манай байнгын хороотой холбоотой асуудал биш гэдгийг хэлье. Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгой­гоо хөдөлгөнө эсвэл юу ч хийхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг улам муудна. Тиймээс ОУВС-ийн хөтөлбөрөөр ажиллана гэж байна. Ажил хийх дургүй хүнээр бид ажил хийлгэнэ гээд байгаа юм шиг. Ер нь “Рио Тинто”, “Энержи Ресурс” компанийн бие төлөөлөгчөөр суугаад байвал солиод хийж чадах хүнийг нь тавих хэрэгтэй.

Хоёр компаниас хамааралтайгаар Монголын эдийн засгийг авч явна гэж орилж байгаа хүнийг ажиллуулах хэрэггүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нийт 19 гишүүн гарын үсэг зурах ёстойгоос одоогоор таван гишүүн зурсан. Манай Засгийн газар хуулийг дэндүү их зөрчих болсон. Тухайлбал,тендерээр хийх ёстой ажил байтал Засгийн газар өөрөө тогтоол гаргаад тухайн ажлыг гүйцэтгэх компанийн нэрийг хүртэл зааж байна. Засгийн газраас багадаа 294 тогтоол гарсан байж магадгүй байна. Бүх тогтоолыг нь шүүж үзнэ. Энэ бүхнийг сайн шалгасны дараа мэдээлэл хийнэ.