Хилийн боомтын тухай эрх зүйн орчныг оновчтойгоор тодорхойлох шаардлага үүссэн
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо
2015.05.13

Хилийн боомтын тухай эрх зүйн орчныг оновчтойгоор тодорхойлох шаардлага үүссэн

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороо өнөөдөр хуралдаж Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. 

Байнгын хорооны дарга О.Баасанхүү хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан өгсөн мэдээлэлдээ намрын чуулганы завсарлагаанаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтуудын үйл ажиллагаатай танилцсан.

Мөн Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилт, боомтын үйл ажиллагааны талаар хилийн боомтуудад хяналт, үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын санал болон иргэдээс ирүүлсэн өргөдлийг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн үзсэн болохыг танилцуулав.

Ийнхүү Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн С.Баярцогтын мэдээллийг сонсов.

Хилийн боомтын тухай хууль 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдан, 2014 оны 04 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газраас 26 боомтын захиргаадыг харьяалуулан Боомтын нэгдсэн захиргааг байгуулсан. Гэвч улс орны өмнө эдийн засгийн хүндрэл, төсвийн орлогын таслалдал тулгарсан.

Иймд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хууль болон Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаад нь үйл ажиллагаа явуулах төсөвгүй болсон юм.

Цаашид Хилийн боотмын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах байгууллагын эрх зүйн орчныг оновчтойгоор тодорхойлох шаардлага үүссэн. Түүнчлэн төрийн байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох, зарим агентлаг, ажлын алба, нэгж, улсын үйлдвэрийн газар, төвийг татан буулгах, нэгтгэх саналыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон зэргийг үндэслэн Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох бусад шийдвэрийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.

Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд чиглэл өгөх тогтоолын төсөл батлах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн байна.