Ж.Энхбаяр: УИХ тарахаас өөр сонголт үлдээгүй
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.05.13

Ж.Энхбаяр: УИХ тарахаас өөр сонголт үлдээгүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн  асуудлаар ярилцлаа.

-Та саяхан энэ Засгийн газар цаашаа  ажиллах ямар чадамжгүй бол­лоо, огцрох хэрэгтэй гэж мэдэгд­сэн. Ингэж мэдэгдэх болсон нь Таван­­толгойн хөрөнгө оруулалтын төсөл удаа­ширсантай холбоотой юу?

Засгийн газар шинээр  байгуу­лаг­даад  хагас жил орчим болох гэж байна. Ямар ч асуудал шийдэж чадсангүй.Засгийн газрын оруулж ирсэн төсөл  хөтөлбөрүүд УИХ-аас дэмжлэг авч чадахгүй байна. Эрх баригч намын Гүйцэт­гэх зөвлөл нь улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрынхаа эсрэг дуугарлаа. Энэ асуудал Засгийн газрын чадамжийг сулруулж байгаа юм  л даа. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд  байгаа энэ үед улс төрийн дэмжлэггүй гүйцэтгэх засаглал өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо авч гарах боломжгүй болж байна. Нэгэнт бодлого нь  дэмжигдэхгүй  бол­сон үед яаралтай огцрох  өргөдлөө өгөх нь илүү эх оронч алхам. Энэ санаа­гаа Ерөнхий сайдад хэлсэн.

-Мэргэжлийн Засгийн газар хэрэгтэй гэж таны үгэнд дурдагдсан байна лээ. Өмнөх Засгийн газар шат шат­ныхаа ажлыг бүрэн нэгтгэж амжаагүй байтал дахиад л дээгүүрээ бужигнахаар ард түмэн яах болж байна. Засгаа огцруулж тоглохоос өөр гарц шийдэл үнэхээр алга уу? 

Хатуухан хэлэхэд, бид эдийн засгийн асар гүнзгий хямралтай нүүр тулсан. Монгол үндэстэнд томоохон сорилт даван туулах шаардлага үүслээ.  Хэдэн тоо хэлье. Гадаад өр 20 тэрбум ам.доллар давсан, Засгийн газрын дотоод өр дөрвөн их наяд төгрөг буюу Монгол Улсад эргэлдэж байгаа  зээлийн 1/3-ийг Засгийн газар ашиглачихаад байна. Аж ахуй нэгжүүдэд буюу бодит эдийн засгийн салбарт мөнгөний нийлүүлэлт үндсэндээ зогслоо. Гадаа­дын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Хөрөнгө оруулалт гадагшилж  хасах руу орсон. Сая сая долларыг өдөр болгон алдаж байна. 

Монгол Улсын зээл­жих зэрэглэл, гадаад эдийн зас­гийн  бүх үнэлгээ, ирээдүйн төлөв сөрөг болж хувирлаа.  Төрийн сангийн төлбөр  гүйцэтгэх чадвар туйлийн муу, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх болом алга. Тэр байтугай тэтгэвэр, цалингаа  тавихад хүндрэл үүслээ. Валю­тын нөөц ноцтой байдалд орсон. Харин шийдвэр гаргах түвшинд улстөр, эдийн засгийн бүлэглэлийн хэдэн толгой тойрсон хэрүүл л болж байна. Ухахаас өөр ухаан санаа алга. Өнөөгийн нөхцөл байдлыг эрүүл ухаанаар  харах чадвараа улс төрийн намууд  алдсан байна.  Засгийн газар нөх­цөл байдлыг жолоодох гэж орол­дож байгаа боловч дэмжих ёстой улс төрийн гол хөдөлгүүр нь болох нам нь хөдөлж өгөхгүй байна шүү дээ.

-Эндээс бид яаж гарах вэ?

Яаралтай Үндсэн хуулийн өөрч­лөл­төө хийх. Ингэж байж хямралын суурь шалтгаан болсон улс төрийн намуу­дыг өөрчилнө. Улмаар өнөөдрийн засаглалын системийг өөрчилж чадна. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийж ирээдүйн шинэ дүрмийг гаргаж өгөөд УИХ яаралтай тарах хэрэгтэй. Ингээд  нийгмийг талцуулсан асууд­лыг шинэ УИХ шийдэх ёстой. УИХ ард түмний дэмжлэгийг үндсэндээ алдаад дуусч байна. Засаг удирдах чадвараа алдахаар УИХ ард түмнийг төлөөлөх чадамжаа давхар алдаж байгаа юм. Шулуухан хэлэхэд, өнөөд­рийн эдийн засгийн уналт УИХ-тай салш­гүй холбоотой.

Үүн дотроо эрх барьж байгаа АН-ын бодлогын алдаа. Дээрээс нь, Монголбанкны үйл ажиллагаатай шууд холбоотой гэж  үзэж байгаа. Өнөөдрийн үүссэн эдийн засгийн хүндрэлээс гарах нэг гарц нь Олон улсын валютын сангийн Стэнд­бай тогтворжуулах хөтөлбөрийг авах. Өөрөөр хэлбэл, улс орныхоо эдийн засгийг авч явж чадахгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх нь бодитоор унаж байгаа эдийн засгийн уналтыг хохирол багатай даван туулахад л хэрэгтэй. Харамсалтай нь, Монголбанк үүнийг хүлээн зөвшөө­рөхгүй байгаа.Шаардлагатай бол Монгол­банкны Ерөнхийлөгчийг өөрч­лөх хэрэгтэй. Ингэж  байж энэ хөтөл­бөрийг Засгийн газар, Монгол­банк хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Хамтран хэрэгжүүлж байж хохирол бага тусна.

-МАН  Засгийн газарт  орохдоо нөхцөл байдал тийм ч сайнгүй бай­гааг мэдэж л байсан. Мэдэж байсан учраас бид хамтраад хийнэ, улс ор­ноо аварна гээд  хамтарсан шүү дээ?

Бүхэлд аваад үзье л дээ. Засаг­лалын систем, бүтэц, төрийн байгуу­лал­тууд, авч хэрэгжүүлэхийг оролдож байгаа арга хэмжээ, нийгэмд үүссэн уур амьсгал гээд. Энэ бүхнийг бүхэлд нь харахаар улс орон нэг л биш болсон нь тодорхой харагдана. Төрд итгэх олон түмний итгэл үндсэндээ шалан дээр уналаа. УИХ, Засгийн газар, шүүх засаглал бүх  шатанд ард түмнийхээ итгэлийг алдлаа. Үнд­сэндээ улс орны аюулгүй байдалд ноцтой аюул занал бий болгож байна.  Тиймээс УИХ хариуцлагыг өөр дээрээ үүрч Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцээд тарах нь үүсч болох нийгмийн сөрөг үр дагавраас сэргийлнэ. Ийм  шаардлага байна.

“Тавантолгой төсөл бизнесийн зарчмаараа л явах ёстой”
-Үндэсний аюулгүй байдлын зөв­лөл саяхан  хуралдаад эдийн засаг  хүндэрснийг нухацтай ярьсан гэсэн. Мэдээж энд яригдсан асуудал нууц байдаг байх. Гэхдээ нөхцөл байдал ямар байгааг  ард түмэндээ шударгаар хэлэх цаг болсон юм биш үү?

Бодит байдлыг, бидний боди­тоор туулахаас аргагүй болсон  хүнд сорил­тыг ард түмэндээ хэлэхээс өөр арга байхгүй. Энэ сорилтыг даван туулахад ард түмнээ, аж ахуй нэг­жү­ү­­­дээ бэлдэх хэрэгтэй. Мэдээж хохи­рол амсана. Уналтаас хохирол бага­тай гарах, гол хүчээ хадгалж үлдэх чухал байна.

-Тавантолгойн асуудлаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийд­вэр, МАХН-аас хийсэн мэдэгдэл зэрэг нь энэ төсөл цааш явахааргүй болсныг харуулж байна уу. Таны хувьд, Засгийн газраас оруулсан хувилбар дээр ямар байр суурьтай байсан бэ?

Засгийн газраас оруулж ирсэн хувилбар явахгүй болсон. Бизнесийн асуудалд улстөрчид хошуу бага дүрэх нь тустай юм байгаа юм шүү дээ.  Улстөрчид  бизнест хангалттай хошуу дүрлээ, хангалттай үймүүллээ.  Эцэст нь ийм л байдалд хүргэж байна. Уг нь Тавантолгой төсөл бизнесийн зарчмаараа л явах ёстой. “Эрдэнэс Таван­толгой”  нь байна уу, “Энержи ресурс” уу УИХ-д хамаагүй. УИХ уул уурхайн салбарт баримтлах ерөнхий бодлогоо л гаргасан, татварын орчноо тогтоосон. Тэр хүрээндээ Засгийн газар ажиллах асуудал байсан. Нэг талдаа энэ бол хариуцлагын асуудал. УИХ оролцож байхад Засгийн  газар хариуц­лага хүлээх боломжгүй. Эзэн биегүй 76  хүн бас хариуцлага хүлээхгүй. Хариуцлага хаана буух вэ. Хариуцлага хүлээх хэн ч байхгүй. Гүйцэтгэх эрх мэдлийг авч байгаа Засгийн газарт эрх мэдэл алга. Энэ бол манай засаглалын хэлбэрийн  муу шинжийг ил гаргаж байна. Тавантолгойн асуудал дээр ил харагдсан нь энэ. 

Миний ойлгож байгаагаар бидний хамгийн том зовлон бол эрдэс баялаг. Хүний бүтээгээгүй, нэмүү өртөг шингээгүй байга­лийн бая­лагийг  ашиглахдаа ухаа­лаг хандах­­гүй бол  улс орныг сүй­рүү­лэх айхтар увидас­тай  гэдгийг л мэдэрч байна. Засаг­лалыг, улс төрийн намуу­дыг амар­хан залгидаг юм байна, төрт ёсыг унагаадаг юм байна. Үүнийг  эрдэс баялгийн хараал гэдэг юм байна гэдгийг одоо ойлгож байна шүү дээ. Тэр учир шалтгаанаасаа бид тойрч чад­сангүй. Уг нь тойрох боломж байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хуримтлалын сан бий болгох эрхзүйн зохицуулалт хийсэн ч хэрэгжүүлж чадсангүй. Гэнэтийн орлогыг замбараагүй, үр ашиггүй, сэтгэл  хөдлөлөөр зарцуулж дууслаа.

-УИХ-ын даргын  байр суурийг та ямар өнцгөөс харж  байна вэ. Нэг талаас дэгээдээд байгаа мэт хараг­­давч нөгөө талаас ард түмэнд үр өгөөж­гүй гэрээ байгуулахаас сэр­гийлж  байгаа юм биш үү?

Аль альных  нь  зөв. Нэг хэсэгт ингэж харагдаж байна, нөгөө  хэсэгт нь өөрөөр харагдаж байна.

-Тэгвэл бид алинд нь итгэх ёстой юм?

Асуудлыг гурван талт хэмжээсээр харах ёстой. Хэтэрхий нэг өнцгөөс асуудалд хандаад байгаа учраас ийм талцал үүсээд байна. Намууд,  УИХ-ын гишүүд, нийгэм хуваагдлаа. Энэ нь өөрөө үндэсний эв нэгдэлд нөлөө­лөхүйц, нийгмийн зөрчлийг бий бол­гож байна. Үүнийг улстөржүүлж, дэв­рээж, хөөргөж байгаа нь өөрөө ноцтой асуудал. Бид өдөр бүр захиалгат нэвт­рүүл­гүүд үзэж байна. Аль аль нь үндэслэлтэй.

“Монголбанк эсрэг байгаа ч Засгийн газар Стэндбай хөтөлбөрийг авах болов уу”
-Стэндбай хөтөлбөрийг авлаа гэж бодоход ямар хугацааны дараа ангал руу орох гэж байгаа уналтаа зог­соож чадах  вэ. Монголбанк энэ хөтөл­бөрийг авахын  эсрэг байгаа шүү дээ? 

Эдийн засгийг сэргээнэ гэхээсээ илүү бий болсон төлбөрийнхөө хүнд­рэ­лээс гарна. Ядаж л цалин тэтгэврээ тавина. Олон улсын валютын сан дэлхийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг сахиулдаг, дэлхийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй  байгууллага. Харамсалтай нь,  бид улс орныхоо эдийн засгийг авч явж чадах­гүй гэдгээ хүлээн зөшөөрч, дампуурлаа зарлана гэсэн үг.

Стэндбай хөтөлбөрт орсноор  Монгол Улсад эргэлдэж бай­гаа  бүх мөнгө ил болно,  хяналт бий болно, санхүүгийн сахилга бат сай­жирна. Монголбанк энэ  хөтөл­бөрийг авахгүй гэж байгаа ч Засгийн газар бол авахын төлөө байгаа болов уу. Миний л хувьд, оройтоогүй дээрээ энэ хөтөлбөрийг авах нь зүйтэй гэж үзэж байгаа.УИХ ойрын үед улс төрийн шийдвэр гаргах ёстой. Үүний тулд, Засгийн газар, Сангийн яам энэ санаачлагыг УИХ-д оруулах учиртай. УИХ шийдвэр гаргасан тохиодолд Монголбанк хэрэгжүүлэх үүрэгтэй.

“Засгийн газраа дэмжихгүй бол МАН засагт байх шаардлагагүй”
-МАН  Засгийн   газраас эхэлж гарч  магадгүй гэдэг таамаг яваад эхэллээ.  Тийм нөхцөл байдалд  хүрэх үү?

Эдийн  засгийн хүнд нөхцлөөс га­рах эрс шийдэмгий бодлого гаргах­­гүй  бол МАН засагт байх шаард­лагагүй.

-Засгаас гарах асуудлаар нам дотроо албан ёсоор ярилцсан  уу?

Нам дотроо хангалттай ярьж байгаа. Одоогоор  ярилцаж, хэлэлцэж л байна. Эцсийн эцэст хариуцлагын асуудал яригдана. Хамтарсан Засгийн газрын бодлогоо дэмжихгүй бол энд  байж яах юм.  Хамтарч засаг байгуу­­лаад юу хийв. Бүх л макро түвш­­ний үзүүлэлтүүд уналаа. МАН тулдаа л ард түмнийхээ эрх ашгийг бодож  засагт хамтарсан  юм шүү дээ. Н.Алтан­хуягийн тарьсан гай, лай хоёрыг цэвэрлэх гэж МАН хичээж байна. Хэрэв Засгийн бодлого дэмжиг­дэхгүй, ажил цааш явахгүй  бол МАН засагт байх шаардлагагүй. Олонхийг бүрдүүлж байгаа АН Засгийн газраа дангаар бүрдүүлээд асуудлаа шийдэг.

-Та байсгээд л Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлж байна. Уг нь УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан  ч  чухам ямар заалтыг яаж өөрчлөх  нь тодорхойгүй байна шүү дээ?

Өнөөгийн бий болоод байгаа нийгмийн үр дагавар, учир шалтгаан юу  вэ, яагаад ийм байдал үүсэв гэдгийг  эхлээд бодох  ёстой.  Үндсэндээ өнгөр­сөн 25 жилдээ дүгнэлт хийнэ гэсэн үг. Цаашдаа энэ байдлаараа явж болох уу, үгүй юу гэдэг дээрээ дүгнэлт хийж, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад эхэлбэл бусад хуулийн өөрчлөлт  зог­соно.  Зургаа, долдугаар сард УИХ Үндсэн хууль дээрээ төвлөрч ажиллаад шинэ арга замаар тодорхойлмоор байна. Өнөөдрийн  засаглал хол  явах­гүй гэдэг нь тодорхой болчихлоо.

-Үндсэн хуулиа өөрчилснөөр улс төрийн намуудыг төлөвшүүлж чадах болов уу?

Улс төрийн намаар дамжиж улс орныг авч явах бодлого гардаг. Харам­сал­тай нь намууд маань шинж чанараа алдсан, манлайлах чадваргүй болсон, нам өөрөө  ялзарч байна. Өнгө, мөнгөний эрх ашиг намуудад хүч­тэй үйлчилж байна. Нам гэдэг нэрийн ард муу муухайгаа хаацайлж, намаар дамжиж үл бүтэх   нөхдүүд төрд шургалж байна. Үүнтэй  холбоо­той­гоор төрийн нэр хүнд унаж,  олон түмний итгэл суларч байна.

Төр дарх­лаагүй болсноор эдийн засгийн өнөө­гийн нөхцөл байдал үүслээ. Мэргэж­лийн бус шийдлүүд маш их хийгдлээ. Мэргэжлийн хүмүүсийнхээ байр суу­рийг сонсохоо болилоо. Бид эдийн  засаг­чид, эрдэмтэн, судлаач­дынхаа үгийг  сонсч  байсан бол ийм байдалд орох­гүй байсан. Үүний учир шалтгаан нь улс төрийн намд байгаа юм. Намууд  мөн чанараа алдахаар төр чанараа алдаж, эдийн засгаа нурааж байна. Эх сурвалж нь улс төрийн нам дээр ирээд байна.

“АН-ын мөрийн хөтөлбөр байхгүй болсныг Н.Алтанхуяг ойлгоогүй, цаашид ч ойлгохгүй”
 -Одоо УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа нэг чухал хууль бол Сонгуулийн тухай хууль. Хуулийн төслийг удахгүй өргөн барих гэж байгаа гэж Ажлын хэсэг мэдээлсэн. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байгаа. МАН ард нийтийн санал асуулга явуулах санаачлага гаргасан. Тогтоолын төслийг хэлэлцээгүй байна. Хэлэлцсэн ч дэмжигдэх эсэх нь тодорхойгүй. Бидэнд ямар хувилбар хэрэгтэй юм бэ?

Гадаад дотоодын туршлагыг судлаад, тэднийг дагаж дуурайхдаа гол нь биш л дээ. Монгол Улсын өөрийнх нь онцлог, Монгол хүний мөн чанар дээр тулгуурласан сонгуулийн тогтолцоо хэрэгтэй. Яагаад гэхээр хүндрэлийн гол учир нь байгалийн баялаг. Байгалийн баялагтай улс орнуудад ямар тогтолцоо тохирохыг судалгаагаар гаргасан байдаг. Пропорциональ буюу олон намын тогтолцоо бий болох тусам, орон нутгийн удирдах ёсонд олон нам оролцох тусам эрдэс баялгийн нөөц улс орны төрийн байгуулалт, улстөрийн намуудыг мэрж иддэг юм байна.

Үүнээс хамгаалах дархлаагаа хийж чадаагүй. Энэ вакцинаа хийж чадсан Норвеги улс эрдэс баялгаас олсон орлогоо эдийн засагтаа оруулаагүй. Уул уурхайн орлого хүний гараар бүтээгдээгүй учраас эдийн засагтаа оруулах нь ноцтой байдалд хүргэнэ гэдгийг түрүүлж олж харсан. Тиймээс тусад нь сан байгуулж, түүнээс олсон нэмүү ашгийг жилдээ 5 хүртэлх хувийг нь эдийн засагтаа оруулдаг.Бидний хамгийн том алдаа бол уул уурхайгаас олсон орлогыг тэр чигт нь эдийн засагтаа оруулсан, үрэлгэн загнасан, нийтээрээ иргэн , өрх, Монголбанк Засгийн газар хэт өрийн сүлжээнд орсон. Гадаад зээл, бодлогогүй эдийн засгийн тэлэлт хийсэн, орлогоо үр ашиггүй зүйлд зарцуулсан.

Ингээд одоо ямар ч орлоогүй болсон. Энэ бүхний 90 хувь нь дотоодын зөрчлөөс үүдэлтэй. Бид өөрсдөдөө дүгнэлт хийж сургамж авах хэрэгтэй байтал тэгсэнгүй. Дахиад л Оюутолгой, Тавантолгой. Дахиад л алт тойрсон ухах асуудал. Яагаад бид ийм асуудал руу ороод байна вэ. Яагаад уул уурхайгаас улс орны төлбөр гүйцэтгэх чадвар, валютын урсгал хамааралтай болчихов. Дэндүү эмзэг, аюултай байдалд Монгол Улс орчихлоо. Энэ алдаагаа давтах гэж оролдож байна. Сонгуулийн хууль дээр эрдэс баялгийн нөөцтэй, цөөн хүн амтай улсад төрийн байгуулалт, засаглал, улстөрийн намд нь төрийн байгуулалт асар их нөлөөлдөг гэдгийг онцгой анхаарах ёстой.

Сум, багийн түвшинд ардчилалын элементүүдийг цаг нь болоогүй байхад бий болгосон нь Монгол Улс холбооны улсаас ч дор, нэгдсэн удирдлагагүй, төрийн систем ажиллах боломжгүй, хэт явцуу жижиг эрх ашиг үйлчилдэг болсон байна. Ийм улс орон болж хувирлаа. Үүнээс гарах гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийгээд, үүндээ тохирсон системээр сонгуулиа явуулмаар байна. Ингээд шинэ итгэлээр мандат авсан хүмүүс нь цаашаа бодлогоо аваад яваасай л гэж бодож байна. Дараагийн шийдлүүдийг шинэ улстөрийн мандат авсан хүмүүс нь гаргаад явах ёстой. Засаг, УИХ дэмжлэгээ алдаж байгаа нь нигймийг томоохон зөрчил тэмцэл рүү явуулж болзошгүй байна. Маш том газар хөдлөлт явагдана гэсэн үг.

-Орон нутгийн сонгуулийг жижиг мажоратор буюу тойргоос сонгогддог байх гэдэг дээр тохиролцсон юм билээ?

Нааштай зүйлүүд бий. Сумын Засаг даргыг ард түмэн сонгох, орон нутаг намын жагсаалт гэгчийг байхгүй болгож байна. Аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог болно. Эргэх хариуцлага, эргэх холбоог бий болгох системтэй болох ёстой. Хамгийн том нөлөөлөл нь уул уурхай. Үүнийг л тооцоолох ёстой юм байна гэдэг нь харагдлаа. - Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэх үед Н.Алтанхуяг гишүүн “Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг нураалаа.

Чадахгүй бол МАН зайгаа тавиад өг” гэж байр сууриа илэрхийлсэн? АН-ын мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Н.Алтанхуяг хариуцлага хүлээж огцорсноор АН-ын мөрийн хөтөлбөр нуран унасан. Улс орныг хүнд байдалд оруулсан. Энэ улсууд олон түмний шүүлтээс мултрахгүй. Цаг ирнэ. Маш их хөрөнгийг үр ашиггүй, хариуцлагагүй зарцуулсан ноцтой асуудлууд бий. Энэ хүндрэлээс гарах, хямралыг зогсооё гэж МАН-ыг Засагт хамтрахыг урьсан. Тэгэхээр аль нэг намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярих нь утгагүй. Улс орныг хохирол багатай даван туулах л асуудал ярьж байгаа. Үүнийг Н.Алтанхуяг гэдэг хүн одоо болтол ойлгоогүй яваа. Цаашдаа ч ойлгохгүй байх.

-Ярилцсанд баярлалаа.