Шаардлагатай тохиолдолд үүл буудаж хур оруулахыг даалгалаа
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Юуны өмнө энэ онд гарсан ой, хээрийн түймэр болон гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
Тус комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар “Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 1957 гамшиг, осол гарсан. Үүний 128 нь ой, хээрийн, 1568 нь обьектын гал түймэр, 131 нь хүн, малын гоц халдварт өвчин болон газар хөдлөлт, хүчтэй цасан шуурга байлаа. Ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон ч бүх талын хүчийг дайчлан түймрийг бүрэн унтраагаад байна” гэсэн мэдээлэл өгөв.
Үүнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх гал түймрийн эрсдэл өндөртэй аймаг, сумдын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ногоон бүсэд явуулах эргүүл, шалгалт хяналтыг ОБЕГ-тай хамтарч зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлыг судалж үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулахыг Улсын онцгой комиссын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгалаа.
Мөн болзошгүй гамшгийн үед ажиллах онцтой байдлын албан хаагчид машин техникийн бэлэн байдлыг хангуулах ой хээрийн түймэрт дайчлагдан ажилласан албан хаагчдад хувцас нөхөн олгох талаар холбогдох яамдын саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулахыг ОБЕГ-ын дарга Т.Бадралд, түймэр тавьсан буруутныг тогтоож, хариуцдага тооцон олон нийтэд мэдээлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингист даалгалаа.
Хуралдаанаар үүнээс гадна Улаанбаатар хот орчимд суурилуулсан геофизикийн мониторонгийн станц, газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг энэ онд ашиглалтад оруулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар ярилцсан байна.
Улсын онцгой комисс цагийн байдалтай холбогдуулан энэ оны эхний таван сарын байдлаар Засгийн газрын дөрвөн удаагийн хуралдаанд 10 асуудал хэлэлцүүлжээ. Засгийн газар хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаанд 2.7 тэрбум төгрөг гаргаж, аймаг, орон нутагт хуваарилуулан ажиллажээ