Зочид буудлуудад олгох зээлд Манай байгууллага хяналт тавих боломжтой
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд хийсэн шалгалтынхаа талаар танилцуулсан юм.
Уг шалгалтад орон сууц өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын чиглэлээр голлон үйл ажиллагаа эрхэлдэг “Ард даатгал”, “Улаанбаатар хотын даатгал", “Хаан даатгал” ХХК-иуд хамрагдсан аж. Даатгалын компаниуд Даатгалын тухай хууль болон бусад хуулийг зөрчиж иргэдийг хохироож байсныг шалгалтаар илрүүлсэн байна.
“Хаан даатгал” ХХК Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай хамтран түүний харьяа 16 хэрэглэгчдэд үйлчЛэх төвөөр дамжуулан орон сууцны иж бүрэн даатгал хөрөнгийн болон хариуцлага/-ын үйлчилгээний хураамж 1500 төгрөгийг хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, бичгээр байгуулсан гэрээгүйгээр бүлгээр хийгдэх даатгал нэрийдлээр оршин суугчдын байрны төлбөрт шууд тооцон авч байжээ. Түүнчлэн “Хаан даатгал” ХХК-ийн үйл ажиллагаанд даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг зөрчил илэрсэн байна.
“Хаан даатгал” ХХК нь 2013-2015 оны байдлаар сар тутам 1500 төгрөгийг 55411 өрхөөс хууль бусаар татан авч нийт нэг тэрбум 12,1 сая төгрөгийн хохирлыг иргэдэд учруулжээ. Мөн тус компаниас даатгуулагчийн шилжилт хөдөлгөөн нэг бүрийг хийдэггүй, даатгалын хураамжийг давхардуулан авдаг, гэрээний сунгалт болон дүгнэх, цуцлах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийг хуульд заасан шаардлагын дагуу гэрээнд тусгадаггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
“Хаан даатгал" ХХК- ийн энэхүү үйлдэл нь бүхэлдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмуудыг тус тус зөрчжээ. Харин “Ард даатгал” ХХК-ийн хувьд Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх байдлаар 1000 төгрөгийг СӨХ-ны төлбөртэй хамтатган авдаг байжээ. Тус компани нь 246,5 сая төгрөгийг иргэдээс хууль бусаар авсан байна.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-ОСНААУГ, СӨХ-үүд нийт хэдэн өрхөөс хураамжииг авч байсан бэ?
ОСНААУГ 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулж нийслэлийн хэмжээний 90419 өрхөөс дээрх төлбөрийг авсан. Хувийн хэвшлийн 52 нийтийн аж ахуйн компани 57333 өрхөөс даатгалын мөнгө нэрийдлээр хураасан. Мөн түүнчлэн 39 СӨХ дээрх даатгалын компаниудтай гэрээ байгуулан Орон сууцны хариуцлагын даатгал нэрийдлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хяналтад хамрагдсан байгууллагуудыг шалгаж үзэхэд дээрх байдлаар зөрчил тогтоогдсон байгаа.
-Орон сууцны баримт бичиг дээр даатгал авч байгаа бичилт хийдэг байсан болов уу?
Иргэд орон сууцны төлбөрийн бичгээ хянаж үзэх хэрэгтэй. Нэг- дүгээрт орон сууцны төлбөр дээр “Хаан даатгал" ХХК-ийн нэрээр даатгал 1500 гэсэн нэрийдлээр шууд тооцон авч байсан. Энэ бол ОСНААУГ 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулж авсан зөрчил. Хоёрдугаарт СӨХ-ны төлбөр гэж бий. Үүн дотроо даатгал хэмээн 1000 төгрөгийг “Ард даатгал” ХХК СӨХ-үүдээр дамжуулж иргэдээс хурааж авсан. Эдгээрээс гадна өөр даатгалын компаниуд иргэдийг хохироосон байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас иргэд байрны төлбөрийн бичилтээ сайн нягтлан харж эргэлзээ төрүүлсэн зүйл гарвал манай байгууллагад хандаарай.
-ОСНААУГ даатгалын компаниудтай гэрээ байгуулснаар дундаас нь ямар нэгэн мөнгө авдаг байсан болов уу?
Хууль бус гэрээ байгуулж, даатгалын компаниудад дээрх мөнгийг төвлөрүүлэн өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хууль бус үйл ажиллагаанд нь хамтран оролцсон байгаа юм. Хамтран оролцохдоо ОСНААУГ-т даатгалын компаниуд аливаа нэгэн шагнал, урамшуулал олгосныг манайхаас тогтоож чадаагүй. Үүнийг зохих ёсны хуулийн байгууллага тогтоох боломжтой.
-Зөрчил гаргасан дээрх компаниудад ямар хариуцлага тооцож байгаа вэ?
Зөрчлийг арилгуулах, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах улсын байцаагчийг дүгнэлтийг “Ард даатгал" ХХК, “Хаан даатгал” ХХК, нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хүргүүлсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдийг хохироосон нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагад хариуцлага тооцуулах, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах саналыг дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн байгаа.
-Хууль бусаар мөнгө төвлөрүүлсэн байгууллага, компаниудад иргэдийн хохирлыг арилгах талаар ямар шаардлага өгсөн бэ?
Иргэдийг эргээд хохиролгүй болгох ажлыг зохион байгуулахыг бид даатгалын компаниуд болон ОСНААУГ-т улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Энэ албан шаардлагын дагуу дээрх компани, байгууллага нь холбогдох газар иргэдийг хохиролгүй болгох ёстой. Хэрхэн ямар графикаар ажиллаж хохиролгүй болгохоо хэвлэл мэдээллийн байгууллагаар олон нийтэд мэдээлж байх үүргийг өгсөн байгаа.
-Машин ачилт, дугуй түгжилтийн талаар хуулийн дагуу, хууль бус гэсэн янз бүрийн мэдээлэл гарах боллоо?
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу автомашиныг ачсан. 2013-2014 онд автомашин ачихдаа хууль бус байсныг манайхаас тогтоосон байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн автомашины дугуй түгжих энэ ажил хууль бус нь үнэн. Манай улсын байцаагчийн хууль бус болохыг тогтоосон албан шаардлага бол эрхзүйн хувьд бүрэн хүчин төгөлдөр болсон. Яагаад гэвэл энэ албан шаардлагын дараагаар 30 хоногийн дотор хууль бус гэсэн гомдлыг нийслэлийн ИТХ тэргүүлэгчид гаргаагүй.
Ингэхээр хүчин төгөлдөр албан дүгнэлт болсон нь тогтоогдсон гэсэн үг. Нөгөө талаас хууль бус шийдвэр гаргасан ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдэд захиргааны арга хэмжээ авч тус бүрийг нь 960 мянган төгрөгөөр торгосон. Иргэдийг хохиролгүй болгох асуудал бий. Иргэдийн төлөөллийг авч стратегийн өмгөөлөл үзүүлэх ажлыг олон нийтийн байгууллагатай хамтарч гэрээ хийсний үндсэн дээр ойрын үед хэрэгжүүлэхээр болсон байгаа. Үндсэн хуульд заасны 1 дагуу нийслэлийн ИТХ хуульд заагаагүй харилцааг журам гаргаж зохицуулах эрхтэй байдаг.
Гэвч нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьж хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ гэж хуульд заасан байхад журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн байгаа юм. Манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга нь хууль зөрчөөгүй гэсэн саналыг хүргүүлсэн гэж нийслэлийн ИТХ- ын дарга хэлж байгаа. Манай байгууллагын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга нь санал хүргүүлсэн байж болно. Гэхдээ энэ хүн Өрсөлдөөний хэлтсийн өмнөес ! түүнчлэн агентлагийн байр суурийг дангаараа илэрхийлэх эрхгүй юм. Үүнийг ч хуульд заасан байгаа.
-Банкуудын холбоо нэг хувийн шимтгэлийн асуудлаар мэдээлэл хийсэн?
Банкуудын нэг хувийн шимтгэлийн асуудал хоёр шатны шүүхээр хэлэлцэгдсэн байгаа. Хууль бус юм гэсэн манай байцаагчийн албан шаардлага хууль зөрчөөгүй юм гэдгийг нотолсон хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэр цахим хуудсанд олон нийтэд нээлттэй болсон. Үүнийг олон нийт бүгд харах боломжтой.
Гэтэл банкны холбооноос нэг хувийн хүүг биш манай зарим үйл ажиллагаатай холбоотой гомдол ярьсан гэсэн байдлаар ташаа мэдээлэл олон. нийтэд өгсөн. Т иймээс манай хараат бус үйл ажиллагаа явуулах эрхэд халдсан, дээд шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэж үзэж хэвлэл мэдээлэлд тодорхой тайлбар мэдэгдлийг гаргасан байгаа.
-АСЕМ-ын уулзалтыг угтаж 33 зочид буудалд жилийн есөн хувийн хүүтэй 191 тэрбум төгрөгийн зээлийг олгох тухай мэдээлэл гараад байгаа. Энэ шударга өрсөлдөөний хувьд хэр нийцэх зүйл вэ?
Тодорхой буудлуудыг яаж сонгон шалгаруулж байгаа юм гэдгийг харна. Энэ нь тодорхой аж ахуй эрхлэгчдэд давуу байдал бий болгосон эсэх, сонгон шалгаруулахдаа Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн эсэх, мөн улмаар цаашдаа энэ зээлийг авсан аж ахуйн эрхлэгчид гэрээнийхээ үүргийг биелүүлсэн байна уу үгүй юу, тухайн мөнгийг ямар зүйлд хэрхэн зарцуулсан байна гэдэгт манай байгууллага хяналт тавих боломжтой. Одоогийн байдлаар ямар нэгэн гомдол хүсэлт ирээгүй байна.