Үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.05.12

Үйлдвэрчний эвлэлээс цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талд хэлэлцээрийн биелэлтийг хангах шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өчигдөр хүргүүлжээ.

Учир нь тус гэрээний дагуу энэ сарын нэгэн гэхэд төрийн албан хаагч, тэр дундаа үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэх ёстой байсан хэдий ч Засгийн газар үүргээ биелүүлсэнгүй гэж МҮЭХ үзэж байгаа гэнэ. Энэ тухайд МҮЭХ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цалингийн нэмэгдлийг өнгөрсөн сардаа багтаан баталгаажуулах ёстой байсан ч тэгсэнгүй.

Уг нь 2015 оны улсын төсвийн төслийг боловсруулахаас өмнө Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалинг нэмэгдүүлэх саналаа тавьсан. Үүний дүнд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэр болох 90 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгаж чадсан. Улс орны санхүү, эдийн засгийн байдал тун хүндрэлтэй байгаа өнөө үед цалин нэмэгдүүлэх зүй зохисгүй шаардлага бид тавиагүй. Ердөө л улсын төсөвт тусгагдчихсан мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглахгүй, яагаад гацаагаад байгааг шүүмжилж буй хэрэг. Тэгээд ч энэ нэмэгдэл нь улсын төсөвт ачаалал үүсгэхгүй. Харин цалинг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэхийг зарлахгүй” гэсэн юм.

Энэ удаа цалинг хувиар бус мөнгөн дүнгээр шууд нэмэгдүүлэх аж. Уг нь энэ онд төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх ёстой гэнэ. Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талд хэлэлцээрийн дагуу энэ сарын 1-нээс үйлчилгээний, долдугаар сараас төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх юм байна. Харин аравдугаар сарын 1-нээс захиргааны буюу удирдах албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх гэнэ.