2025.05.12
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцоно
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд 30 байршилд байрлуулсан. Мөн “ХУРДАН” цэгээр хүндрэлгүй, тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн ойлголт өгөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг хангах зорилгоор “ХУРДАН” клубийг 21 аймгийн Засаг даргын дэргэд үе шаттайгаар байгуулж байна.
Энэ хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад 110 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэдийг төлөөлөн ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалантай дээрх байгууллагын төлөөлөл уулзалт хийж, санал солилцсон юм. Ж.Баясгалан гишүүний зүгээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаад зогсохгүй төрийн үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй хүргэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан бодлого хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Цаашид:
- • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх;
- • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ХУРДАН” клубийн үйл ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо онцоллоо.

Сэтгүүлч