МҮЭХ-ноос Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхийг шаардав
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.05.08

МҮЭХ-ноос Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхийг шаардав

ҮЭХ-ноос 2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг Засгийн газар биелүүлэхгүй байна хэмээн мэдэгдлээ.

1999 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг нийгмийн түншлэлийн талуудтай хамтран байгуулж, биелэлтийг тухай бүр дүгнэж ирсэн.  Долоо дахь хэлэлцээрт  нийт 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон асуудал нэг бүрээр нь хэлэлцжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа,“Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрт энэ онд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэрийг 90 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр улсын төсөвт суулгасан.

Гэтэл өнөөдөр Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байна. Тавдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхээр тохиролцсон хэрнээ өнөөдөр чимээгүй сууна. Тиймээс бид хоёр хоногийн дотор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна. Энэ нэмэгдлийг тавдугаар сарын эхний цалин дээр нэмэх ёстой. Хэлэлцээрийн үеэр талууд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан.

Санамж бичиг үйлчлэх хугацаанд үүссэн маргаан, зөрчил, гомдлыг гурван тал хамтран ярилцаж гэрээ хэлэлцээр, зөвшилцлийн журмаар шуурхай шийдвэрлэн ажил хаялт зэрэг тэмцлийн хүнд хэлбэрт хүргэхгүй байх үүргийг хүлээж байгаа. Энэ үүргийнхээ дагуу бид тэмцлийн хэлбэрийг сонгохгүй байна. Харин шийдсэн хэлэлцээрээ биелүүлэхийг шаардана. Өнөөдөр бидэнд Засгийн газраас төсөв, мөнгө хүрэлцэхгүйгээс болж цалин нэмж чадахгүй нь гэсэн тайлбар ирээгүй. 90 тэрбум төгрөг төсөвт хүндрэл үүсэхгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албаныхан хэлж байсан” гэв.