Цалингийн хэмжээг ажлын гүйцэтгэлтэй уялдуулах хэрэгтэй
Манай улсын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үнэлэмж аль ч салбарт хангалтгүй байдаг гэж иргэд хэлдэг. 2012 онд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага гишүүн орнуудынхаа цалингийн хэмжээг судлаж, жагсаалт гаргасан.
Үүнд манай улс 72 улсаас 66-т буюу сүүлийн зургаад жагссан байна. “Ажилчдын цалинг нэмэхийн тулд ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог манай улс нэвтрүүлэх шаардлагатай” гэж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ц.Эрдэнэбаатар хэллээ.
Өөрөөр хэлбэл, ажилтны цалинг хийсэн ажлынх нь чанар, хэмжээгээр тогтоодог байх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд гүйцэтгэлийг тооцдог журмыг аж ахуйн нэгж байгууллага дотооддоо нэвтрүүлэх шаардлагатай юм. Манай улсад гүйцэтгэлийн системийг “АПУ” ХК компани нэвтрүүлэн ажиллаж байгаа нь үр дүнд хүрж байгаа гэж тэрбээр хэлж байна. Манай улсад хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал ажил олгогч, ажилтны дунд их гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь гурван талын түншлэлийг өргөжүүлэх юм.
Тэгвэл энэ сарын 4-нд аймгийн ЗДТГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэл хамтран томоохон аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалт, семинар зохион байгууллаа. Уг зөвлөгөөний үр дүнд эдийн засгийн хямралын хүнд үед гурван талын төлөөлөл ажилчдын цалин, нийгмийн баталгааг хангахад хэрхэн хамтарч ажиллах нь зүйтэй талаар нэгдсэн ойлголтод хүрэх юм.