Одоо сэтгэнэ, өрсөлдөнө. Яг л тэдэн шиг
Юуны өмнө уншигч таниас үнэ цэнийн тухай асууя. Мөнгө үү, албан тушаал уу, аль эсвэл алдар нэр үү гээд л. Үнэ цэнэ гэх энэ ойлголтод та бид өөр өөрийн хариултаа дугуйлж таараа. Хүн бүрт өөр өөрийн өмч бий. Өмч байж гэмээнэ өөрийн гэсэн үнэ цэнээ дархалж таараа. Ухаандаа юмс бүхэн үнэ цэнэтэй гэсэн үг.
Тэгвэл бидэнд юу юунаас илүү эрхэм, чухал, нандин тийм нэгэн өмч бий. Энэ бол бидний уураг тархинд мөнхөд оршиж бидэнтэй хамт хөгжиж, хэрэгтэй бол задарч, зарим үед саарч байдаг оюуны өмч. Бид үүнийг ихэвчлэн шинэ сэтгэлгээ гэж нэрлэдэг. Нөгөө талаас амьдралаас олгож байгаа боломж бүхний эхлэл нь шинэ сэтгэлгээ гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Улс орны хөгжлийн үндэс нь оюуны өмч буюу оюуны Капитал яах аргагүй мөн. Нийгмийн хурдацтай хөгжлийн эрхээр хэн хүнгүй тэр хурдыг гүйцэх гэж, болж өгвөл түрүүлэх гэж чадлаараа зүтгэж байна. Ингэхэд зүтгэж байна гэдэг үг маань өрсөлдөөнийг арай зөөлрүүлж байгаа хэрэг л дээ. Угтаа бол өнөөдөр та өрсөж хэн нэгний талхыг авахгүй л бол маргааш таны талхыг хэн нэг нь булаагаад авна. Нийгмийн хурдацтай хөгжлийн мөн чанар нь энэ.
Харин бидний зарим нь арай өөр нөхцөлд дасчихсан байх нь бий. Бусдын гарыг харж гандангын тагтаа шиг бэлэн будаа зажлах хүсэлтэй хэвшмэл сэтгэлгээтэй хүмүүс цөөнгүй байгаа нь энэ нийгмийн эмгэнэл. Тэгвэл таньд хандаж хэлье. Цаг өөр болсон. Энэ цаг үеэс эхлэн хэвшмэл сэтгэлгээтэйгээ зууралдсаар байвал өөр нэг нь таны өмнөөс уралдана гэсэн үг. Тиймээс албан тушаал, алдар нэр гээд үнэ цэнэтэй бүхнээ хадгалж үлдэхийг хүсвэл шинийг санаачлан сэтгэх шаардлагатай болж байна. Шинэ сэтгэлгээ гэдэг Орос эхнэр оймс нэхэхтэй ижил хялбар зүйл биш нь ойлгомжтой. Гэсэн ч хөгжилд хөсөр хаягдахгүй л гэж бодож байгаа бол мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хүн төрлөхтөн даяараа үүнтэй санал нэгдэж байгаа. Бүх зүйл өөрөөс шалтгаална гэж бурхдын сургаалд заасан байдаг шүү дээ.
Тиймээс шинээр сэтгэнэ гэдэг мэдээлэлтэй хүний овсгоо хэмээе.
Тиймээс шинээр сэтгэнэ гэдэг мэдээлэлтэй хүний овсгоо хэмээе. Харин мэдээллийг жинхэнэ агуулгаар нь харах хэрэгтэй гэдгийг сануулья. Манайхан олон нийтийн цахим сүлжээнээс харсан зүйлээ мэдээлэл гэж үзээд байдаг. Угтаа бол мянган хуудастай номоос таньд хэрэгтэй мэдээлэл ганц өгүүлбэр байж болдгоороо мэдээллийн гайхамшиг оршдог юм. Тиймээс л нийгмийн аль ч салбарт мэдээлэл сайтай хүн бусдаас арай илүү сэтгэж чаддаг аж. Ингэхэд мэдлэг, мэдээлэл таны хамгийн үнэн ч нөхөр байж чаддаг аж. Учир нь таныг орвоогийн мөнх бусыг үзүүлэхэд ч хамт л байх хамгийн үнэн ч нөхөр. Тийм дээ ч түүний үнэ цэнийг тодорхойлох аргагүй байгаа юм.
Ямартай ч хуучин шинэ сэтгэлгээний алтан зааг дээрээс их өрсөлдөөн яг л хурдны морьд шиг гарлаа гэдгийг эрхэм та ойлгоорой.