ЯПОН УЛС АСАРГААНЫ ОЛОН ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭГ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТАА НЭВТРҮҮЛЖЭЭ
2025.02.26

ЯПОН УЛС АСАРГААНЫ ОЛОН ХУВИЛБАРТ ҮЙЛЧИЛГЭЭГ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТАА НЭВТРҮҮЛЖЭЭ

Монгол Улсад асаргааны хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор зарим УИХ-ын гишүүд, ГБХНХЯ, ЭМЯ, Грентлогийн үндэсний төв, Батсүмбэрийн асрамжийн газрын төлөөлөл бүхий баг Япон Улсад энэ сарын 12-19-ний өдөр ажиллаа.

Япон Улсын Засгийн газрын Жайка байгууллагын санхүүжилтээр сургалт, туршлага судалсан.

Япон Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, асаргааны даатгал, асаргааны олон төрлийн үйлчилгээ, гэрийн асаргаа, өдрийн үйлчилгээ, түр байршуулан асрах, урт хугацааны асаргаа, байнга асрах үйлчилгээ, эрүүл мэндийн болон асаргааны даатгалын санхүүжилт, тусламж үйлчилгээ, хүний нөөцийг бэлтгэх асрахуйн сургууль зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг газар дээр нь судлан танилцлаа.

Манай улсад Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хуулийн хүрээнд идэвхтэй насжилтыг дэмжих болон ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг нэвтрүүлэхээр холбогдох журам, заавруудыг баталсан бөгөөд цаашид хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатай байна.

Цаашид асаргааны хувилбарт үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн боловсон хүчнийг сургах, сайжруулах чиглэлээр Японы талтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.