Соёл урлагийн салбараас тэрбумтан төрөх үү
“Creative industries ”
2015.05.04

Соёл урлагийн салбараас тэрбумтан төрөх үү

ХХ зууны манлай “Халуун элгэн нутаг” дууны зохиогч, ардын урлаг судлаач, орчуулагч Ж.Бадраа агсан piano буюу “аяар, чанга" гэх итали үгийг монгол хэлнээ 'төгөлдөр хуур” хэмээн утгын орчуулга хийж орчуулсан гэдэг. Түүн шиг билэг оюуны төгөлдөр орчуулагч дахин төртөл бид гадаад нэршлийг гадаадаар нь хэрэглэхээс өөр аргагүй. Сүүлийн үед залуу сэтгүүлчид бид англи үг хэллэгийг ихээр ашиглалаа хэмээн ахмад сэтгүүлчдэдээ зэмлүүлэх болсонтой холбогдуулан Creative industries буюу бүтээлч үйлдвэрлэлийн тухай өнгөрөгч баасан гаригт Соёл Урлагийн Их сургуулийн 'Оюутан театр”-т зохиогдсон ийм нэгэн VIP лекцийн англи нэрийг ахмадууддаа ойлгомжтой байлгах үүднээс “соёл урлагийн салбараас тэрбумтан төрөх үү” гэдэг асуултаар орчуулчихья. Ингэх ёсгүй л дээ, гэхдээ л ингээд орчуулчихъя.

Дэлхий дахинаа Creative industries гэх ойлголт ихээр дэлгэрсэн цаг үед бид амьдарч байна. Байгууллага, компаниуд өөрсдийн бүтээлч байдлыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үйл явцаа зах зээл, бизнесийн ертөнцтэй холбож өгөх тал дээр хийгдэж буй шинэ санаа, сэдэл, шинэлэг арга барилыг тухайн байгууллагын “Creative" буюу “бүтээлч” алба хариуцдаг. Бидний хэлж заншснаар маркетинг, менежментийн ажлууд юм.

“Манай оюутнууд чинь бусад сургуулийн оюутнуудыг бодвол бас ч үгүй баян явдаг юм шүү дээ. Баяр ёслолоор дууны ангийн оюутнууд нэг байгууллагад очоод дуулчихна. Бүжгийн ангийнхан нь очоод бүжиглэчихнэ. Уран зургийн оюутнууд жуулчдад зургаа зарчихна” гэх зэргээр СУИС-ийн нэгэн багш энэ лекцийг зохион байгуулах болсон учир шалтгаанаа тайлбарлахдаа ийнхүү ярив.

Нээрэн л бидний сайн мэдэх дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар СУИС-ийн дуулаачийн ангид суралцаж байхдаа л “Болжмор жиргэсэн өглөө байсан..." гэж дуулсаар өөрсдийн зах зээл, брэндийг бий болгож чадсан баян, бас мундаг оюутнууд байжээ. Ингээд бодвол энэ сургууль дээр бүтээлч үйлдвэрлэл бусад сургуультай харьцуулахад харьцангуй өндөр үр дүнтэй өрнөдөг аж.

Гагцхүү энэхүү байдлыг нийт соёл урлагийн салбарынхаа хүрээнд хэрхэн эдийн засгийн ашигтай эргэлтэд оруулж баян оюутан, баян сургууль, баян Соёл урлагийн салбарыг Монголдоо бий болгох вэ гэдэгт энэ удаагийн лекцийн зорилго оршиж байв гэж ойлгосон. Тус лекцийн илтгэгчдийн жагсаалтад “Монголын эдийн засгийн форум"-ын нарийн бичгийн дарга Б.Ган-Очир, “Монгол масс медиа” группийн гүйцэтгэх захирал А.Амундра, УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “МСS” холдингийн маркетингийн захирал Б.Солонго /хөтөлбөр ёсоор уг нь түүний оронд МСS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал хүрэлцэн ирж лекц унших ёстой байсан/ нар хүрэлцэн ирсэн зочдод зориулан бүтээлч үйлдвэрлэлийн тухай өөрсдийн туршлагаасаа хуваалцан лекц уншлаа. Тус лекцийг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хөтлөн явуулав. Энэ удаагийн лекцэд хэн, юуг, хэрхэн яаж ярьсан тухай эрхэм уншигч танд тоймлон сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Creative industries –Хүний хөгжил”

“СУИС-ийн төгсөгчийн хувьд сургуульдаа ирж лекц унших болсондоо баяртай байна” гэсээр түүний лекц эхэлсэн. Ийнхүү тэрээр "бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулган”-д тавьж байсан өөрийн илтгэлээсээ сонирхуулсан юм. Тэрээр илтгэлдээ ийнхүү ярьж байна.” “Монгол Улс урт удаан хугацааны төлөвлөлтийг хийж явдаггүй нь ажиглагдсан. Дөрвөн жилд нэг удаа болдог мөрийн хөтөлбөр л байдаг. Энэ нь Монгол Улсынх бус улс төрийн намуудынх байдаг. Азид хөгжсөн бусад орны жишээг харахад өөрсдийн хөгжлийн төлөвлөгөөг 10-15, 20- 25 жилээр гаргасан байдаг. Сингапур, Малайз, Тайланд, Япон, Солонгос зэрэг улс нь хөгжлийнхөө төлөвлөгөөг дээрх хугацаагаар гаргаж, түүнийгээ хэрхэн яаж, ямар механизмаар хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцан тохиролцож ажилладаг.

Харин манай улсын хувьд сонгуулийн дөрвөн жилээр хөгжлийн төлөвлөгөө хэмжигддэг тул бодитой бүтээн байгуулалт өрнөдөггүй. Социализмын үед бол харин Монгол Улс “нэгдүгээр таван жил, хоёрдугаар таван жил” гэх зэргээр таван жилээр хөгжлөө төлөвлөж явж байсан юм билээ” хэмээн тэрээр улс орны хөгжлийн бодлогын талаар яриад, уул уурхай, төмөр замын дэд бүтцийн бодлогын талаар болоод улс орны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын талаарх яриагаар лекцээ үргэлжлүүлсэн.

Монгол бол асар баялагтай улс бөгөөд монгол малчид тэрбумтан болох боломжтой хэмээн тэрээр ярьсан юм. Ийнхүү ярьсны дараа түүнээс үзэгчдийн суудалд сууж байсан “Хан-Уул” дүүргийн Соёлын ордны дарга “Соёл Урлагийн салбараас тэрбумтан төрөх боломжтой юу” хэмээн асуулаа. Харин тэрээр хариуд нь “Улс орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, эдийн засаг нь эрчимтэй хөгжөөгүй нөхцөлд урлаг соёлын салбарт тэрбумтан төрөхөд хэцүү” хэмээн хариулав. Дараагийн асуулт Драмын эрдмийн театрын дарга Цэрэнсамбуугийнх байв.

“Монгол Улсад соёл урлагийн бодлого алдагдсан гэдэгтэй та санал нийлэх үү. Саяхан уг нь Соёлын яамтай болсон. Ер нь таныг Соёлын сайд болооч гэвэл та болох уу” хэмээн асуусан түүний асуултад УИХ гишүүн Х.Баттулга “Би санал нийлж байна. Энэ асуудалд эргүүлээд та нарыг шүүмжилмээр байна. Соёлын сайдтай байх үедээ бүх л болохгүй байгаа асуудлаа сайн ярилцаж хэлэлцээд хийх хэрэгтэй байсан юм” гэхэд Цэрэнсамбуу гуай хариуд нь “Тэр сайд чинь гарч ирээд баахан хүн халж солихоос өөр зүйл хийгээгүй шүү дээ” хэмээн хэлэв.

Ийнхүү 40 минут үргэлжилсэн лекцийнхээ төгсгөлд тэрээр СУИС-ийг төгссөн хүнийхээ хувьд энэ салбарыг дэмжиж Монголын уран барималчдаар Чингисийн хөшөө болоод түүний баатруудыг урлах төслийг хийлгэсэн тухайгаа ярьж уран барималчдын урланг мөн барьсан Монголын бүх уран барималч тэнд очиж уран бүтээлээ туурвиж болно хэмээн хэлэв. Ийнхүү тэрээр уран барималчдыг урландаа урилаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ “Монгол бол хөгжихөд ойрхон улс. Хүмүүс нь цоглог. Жаахан нүүр өгчихөөр толгой дээр гарч суучих гээд байдаг хүмүүстэй” хэмээн хэлж олныг инээлгэн лекцээ дуусгасан юм.