Өнөөдөр хэрэглэгчийн өдөр
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж буй өргөдөл гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны м2, СӨХ-ийн үйл ажиллагаа, үүрэн телефон операторын компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой гомдлууд давамгайлдаг бол үлдэж буй хувь нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн байдаг.
ШӨХТГ нь сүүлийн гурван жилд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр нийт 1446 удаа хяналт, шалгалтын ажил хийж хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авч байгаа хэдий ч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна.
Иймд бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх тал дээр үүрэгжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгуулах гэж байна.
Энэ өдөрлөгт үүрэн холбооны оператор компаниуд, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид, ОСНАУГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцоно.