2016 оноос зочид буудлууд хагас цэрэгжилтийн байдалтай ажиллана
МСТрэйвел ХХК Ерөнхий Захирал, Монголын зочид буудлын холбооны удирдах зөвлөлийн гишүүн “Сүнжин Гранд” зочид буудлын маркетингийн газрын дарга Р.Соронзонболдтой Улаанбаатарын зочид буудлууд 2016 онд Монгол улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хэрхэн бэлдэж буй талаар ярилцлаа.
- Танай зочид буудал АСЕМ-ын чуулга уулзалтын зочдыг хүлээж авах буудлын тоонд багтсан гэсэн ?
Засгийн газраас өгөх хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон. Энэ зээлийг техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, буудлынхаа зэрэглэлийг ахиулахад ашиглана.
Манай буудалд Монголдоо хамгийн том Ерөнхийлөгчийн өрөө бий. 675 метр квадрат талбайтай. Ажлын өрөө, уулзалтын өрөө, гал тогоо, эмч, хамгаалагч нарын өрөө, хооллох өрөө, унтлагын өрөөнүүд, саун, халуун усны өрөө гээд нийтдээ 12 өрөөтэй.
- Хүмүүсээ ямар байдлаар бэлдэх вэ?
Гадаадаас зочид буудлын мэргэжилтнүүд авчирна. Миний бие холбооны удирдах зөвлөлд ажилладагийн хувьд Солонгосын зочид буудлын холбоотой ярилцаж тэндээс мэргэжилтнүүд авчрахаар тохирсон. Зээлд хамрагдах 32 зочид буудлынхаа хүрээнд сургалт явуулна. АСЕМ-ын уулзалтыг далимдуулаад бид Монголдоо албан ёсны сертификаттай чадварлаг сургагч менежерүүд бэлдэж авъя гэсэн зорилт тавьсан. Чуулганы үеэр монгол хүмүүс ажиллах бөгөөд гадны мэргэжилтнүүд зөвхөн бэлтгэх шатанд хүмүүсийг сургана.
АСЕМ-ын уулзалтын үеэр ирэх жуулчдыг хотоос гадуур байрлуулна.
АСЕМ-ын уулзалт нь Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөх, унахад нөлөөлөх чухал үйл явдал учраас бид асар өндөр хариуцлага хүлээж байгаа. 2016 онд зочид буудлынхан хагас цэрэгжилтийн байдлаар ажиллах болно. 2016 оны долдугаар сар гэхэд бүх зүйлийг хэвшүүлсэн, бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.
Дээр дурьдсан 32 буудалд зөвхөн өндөр түвшний зочдоо хүлээж авна. Үлдсэн 14 буудалдаа дагалдах төлөөлөгчдийг хүлээж авна гэсэн төлөвлөгөөтэй. Хэрэв илүү гарвал энгийн буудлуудад байрлуулна.
- АСЕМ-ын уулзалт эдийн засгийн хувьд Монголын аялал жуулчлалын салбарт багагүй орлого авчирна. Уулзалтыг зохион байгуулахад 190 гаруй тэрбум төгрөг зарчихаад төдий хэмжээний ашиг авч үлдэнэ гэсэн тооцоо байна уу?
Одоохондоо ямар нэгэн тоо хэлж чадахгүй. Ямартаа ч ийм их мөнгө зарчихаад Монголд юм үлдэхгүй бол утгагүй биз дээ? Урьдчилсан байдлаар 4500 зочин ирнэ. Тэр олон хүний халаасалж ирсэн мөнгөнөөс аль болох ихийг л авч үлдэхийг хичээнэ. Уулзалтын дараа ч бас Монгол руу ирэх мөнгөний урсгал нэмэгдэнэ гэж бодож байна. 52 орны ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ирнэ. Ийм олон улсын төрийн тэргүүн нар нэг зэрэг Монголд ирж байсан түүх байхгүй.
Гэхдээ АСЕМ-ын үр ашгийг зөвхөн мөнгөн утгаар нь харж болохгүй. Нэгдүгээрт улсын нэр хүнд өснө, хоёрдугаарт бид өөрсдөө энэ чуулганаас маш олон зүйлийг сурч авна.
- АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр Улаанбаатар дахь зочид буудлуудын ихэнх нь дайчлагдана. Тэгвэл тэр үеэр ирэх жуулчдыг хаана байрлуулах вэ?
Уг уулзалт аялал жуулчлалын оргил үетэй давхцаж байгаа. Өнөөгийнхөөс илүү олон жуулчин ч ирж магадгүй. Тиймээс бид уулзалтын үеэр ирэх жуулчдыг жуулчныхаа баазуудаар байрлуулах талаар ярьж байна. Бүх жуулчны баазуудад үйлчилгээгээ зохих түвшинд байлгахыг шаардана. Туроператорууддаа ч гэсэн жуулчдаа хотоос гадна байрлуулаарай гэсэн чиглэл өгсөн. Энэ хувилбарыг боломжтой гэж үзэж байгаа.
Аялал жуулчлалын салбарт чадварлаг боловсон хүчинг бүрдүүлэх гол арга нь цалингийн түвшинг нэмэх.
- АСЕМ-ын уулзалттай холбоогүй нэг зүйлийг асууя. Зочид буудлын салбарт боловсон хүчний байдал ямар байна вэ?
Монголд зочин буудлын мэргэжилтэн гэсэн чиглэлээр жилд 1000 орчим оюутан төгсдөг. Тэдний дундаас ажил олгогчийн шаардлага хангах нь тун цөөн. Наад зах нь зөөгч хийх хүн тухайн байгууллагын нүүр царай болдог учраас хариуцлага өндөр. Манай орны хувьд зочид буудлын боловсон хүчин маш дутмаг. Тиймдээ ч бид АСЕМ-ын уулзалтыг ашиглаад хүмүүсээ сургаад авах бодолтой байна.
Аялал жуулчлалын байгууллагууд ажлын зар өгөхдөө англи хэлтэй, ажлын туршлагатай хүн авна гэдэг. Гэтэл тийм хүн ирдэггүй. Яагаад гэвэл цалин нь бага. Бага цалинтай болохоор их мөнгө амласан салбар луу орчихдог. Тиймээс аялал жуулчлалын салбарт чадварлаг боловсон хүчинг бүрдүүлэх гол арга нь цалингийн түвшинг нэмэх. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Хүнд хэзээд аялах хэрэгцээ байдаг учраас аялал жуулчлалын салбарын зах зээл алга болохгүй. Гэхдээ цалинг нь өндөр тавьж өгөхгүй бол аялал жуулчлалын салбарт тогтворгүй хэвээр байна.