Парламент иргэдтэй харилцах гүүр нь сэтгүүлчид
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд “Парламент ба иргэдийн харилцааг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өнөөдөр /2015.04.18/ зохион явууллаа.
Тус сургалтад Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрх бүхий телевиз, өдөр тутмын сонин, мэдээллийн сайтын нийт 80 орчим сэтгүүлч оролцож, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулга болж, УИХ-ын үйл ажиллагаа болон чуулганы нэгдсэн хуралдааны дэгийг зохицуулсан эрх зүйн орчны талаар, мөн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, чиг үүрэг, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн талаар мэргэжлийн хүмүүс илтгэл тавьсан юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа нар оролцсон юм.Сургалтын үеэр “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч Х.Номингэрэл “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл-иргэдийн оролцоог хангах нь” сэдвээр мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин парламентын сэтгүүлчдийн сургалтын арга хэмжээнд оролцож, Монголын парламентын сэтгүүлзүйн үүсэл, тухайн үеийн парламентын сэтгүүлзүйн зарчим болон анхны парламентын сэтгүүлчдийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, нээлттэй яриа өрнүүлсэн юм.
Мөн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн референт Ш.Содномжамц “Парламентын мэдээлэл бэлтгэхэд баримтлах зарчим, анхаарах зүйлс” сэдвээр, “Bloomberg tv Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дуламхорлоо “Улс төрийн мэдээллийг эдийн засагтай холбон үзэгчдэд хүргэх нь сэдвээр, “Улстөрийн мэдээллийг жендерийн мэдрэмжтэй хүргэх нь” сэдвээр НҮБХХ-ийн “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн зохицуулагч Л.Өнөржаргал нар илтгэл тавьж, сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.