Нийслэлээ нүүлгэхээс өөр гарц харагдахгүй л байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Хүний үндсэн эрх зөрчигдөж байгаа талаар та ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржид ханджээ. Ямар асуудал хэний эрхийг зөрчсөн болоод тэр бичгийг илгээсэн юм бэ?
НИТХ-ын тэргүүлэгчдийн 124 дүгээр тогтоол гэж 2014 оны долдугаар сарын 8-нд гарсан юм байна. Энэ тогтоолоор Улаан- баатар хотын нутаг дэвсгэрт газар худалдан авах, газрыг нөхөн олговортой олгох, солих журмыг баталсан байдаг юм. Энэ журмын хүрээнд Улаанбаатар хотын 24 байршилд дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгж болон иргэдийн хооронд зөрчил үүссэн.
Энэ тухай гомдол зөвхөн надад биш, Өргөдлийн байнгын хороонд, бас холбогдох дүүргийнхээ Засаг даргын Тамгын газарт, тойргоос сонгогдсон гишүүдэд ирсэн юм билээ. Тэр гомдлын дагуу би Сонгинохайрхан дүүргийн V, VI, X, XXVIII хороонд дахин төлөвлөлт явж байгаа бодит нөхцөл байдал- тай танилцлаа. Тэгээд ХЭҮК-т хандахаар шийдсэн. Яагаад гэвэл түрүүнд хэлдэг НИТХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиас давсан агуулгатай юм байна. Хүний эрхийг зөрчжээ.
-Уг нь газрыг нь байраар сольж өгөх зорилготой журам юм биш үү?
Газрыг байраар солих, газар худалдан авах, нөхөн олговор олгохтой холбоотой бүх асуудлыг зохицуулах зорилготой журам. Гэвч энэ журамдаа юу гэж заасан гэхээр “Иргэдийн түр зөвлөл нь тухайн газар өмчлөгчдийн 75- аас доошгүй хувийн санал авсан тохиолдолд 25 хувийг үл харгалзах байдлаар асуудлыг шийдэж явна" гэчихсэн. Тэгэхээр тэр 25 хувийнх нь эрх зөрчигдөж байгаа биз дээ. Олонх нь гээд хүч түрээд бүхнийг шийдэх нь. Энэ нь өөрөө Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа болохоор би асуудал тавиад байгаа юм.
Үндсэн хуульд юу гэж заасан байдаг гэхээр хүний үндсэн эрхэнд тодорхой нөхцөлд л хуулиар зохих хязгаар тогтоож болно гэж заасан. Гэтэл тухайн 25 хувь нь Газар өмчлөх хуулийн дагуу газартай болж, өмчөө баталгаажуулаад авчихсан байдаг. Хуулийн дагуу авсан гэсэн үг шүү дээ. Гэтэл хуулиар газраа өмчлөөд авчихсан байхад журмаар хүчингүй болгож таарахгүй. Монгол Улсын Үндсэн хуулиас давсан журам гэж байх ёсгүй.
-Ингэхэд тэр 25 хувь нь яагаад дахин төлөвлөлтөд орохгүй гээд байгаа юм бэ. Гол шалтгаан нь юу байна?
Янз бүрийн л шалтгаан байгаа байх. Миний анзаарсан юм гэвэл төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгждээ учир бас байна. Аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө санхүүгийн боломж, бололцоо нь хэр зэрэг байгаа юм. Хэдий тендерт шалгарсан байж болох ч тэд санхүүгийн асуудалтай байна гэж би хараад байгаа.
Санхүүгийн боломж бололцоо нь тааруу, ачааллаа даахгүй байх шиг. Тэдэнд ажиллах хүний нөөц, тоног төхөөрөмж нь ч дутуу байх шиг байна. Тиймээс би эхлээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршилд нэг бүрчлэн очиж үзчихээд дараа нь хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзъя гэж төлөвлөсөн. Тэгээд бодит нөхцөл байдлыг тодруулъя гэж бодож байгаа.
-Та НИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын дагуу НИТХ-ын даргатай уулзсан уу?
Энэ тогтоол гараад бараг жил болох гэж байна. Жилийн хугацаанд дахин төлөвлөлт ямар шатанд явав гээд би харж л байсан. Гэвч бахь байдгаараа л байна. Жилийн өмнө ямар байсан одоо тийм л байна шүү дээ. Ялангуяа дүүргүүдээр явж дахин төлөвлөлтийн байршил дээр нь очиход иргэд янз бүрийн санал хэлдэг. Дарга нар нь өөр өнцгөөс ярьж, иргэд нь өөр бодолтой байж, төсөл хэрэгжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд нь бас өөрийг ярьдаг. Тиймээс энэ бүхнийг нэг зүг рүү харуулах ёстой.
-Та ер нь хотын дахин төлөвлөлтийн чиглэлээр явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа юу?
Мэдээж дэмжилгүй яах вэ. Би хотын дахин төлөвлөлтийг эсэргүүцэж байгаа юм ерөөсөө байхгүй. Улаанбаатарт төрж, өссөн хүний хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмждэг. Орчин үеийн стандартад нийцсэн хоттой болох юмсан гэсэн туйлын хүсэл надад бий. Хамгийн гол нь энэ дахин төлөвлөлт нь өөрөө хууль ёсны, ном журмын дагуу л явах ёстой.
-УИХ энэ хаврын чуулганаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Энэ төсөлтэй танилцсан уу?
Сайн анхаарч батлахгүй бол бас л Үндсэн хуулиас давсан агуулга орчих гээд байгаа. Нөгөө 75, 25 хувь гэсэн зүйл орох гээд байгаа юм. Тиймээс би бүлэг дээрээ байр сууриа хэлж, сайн ярилцах ёстой гэж бодож байна.Энэ төсөлтэй холбогдуулж МАН-ын бүлэг Эдийн засгийн байнгын хороонд тодорхой саналаа хүргүүлсэн. Маш сайн бодож батлахгүй бол хүний эрхийг зөрчиж, хүний өмчид халдсан агуулга орчихож магадгүй.
Хот төлөвлөлт дээр иргэдэд хүлээлт бий болсон. Тиймээс энэ чиглэлд зөвхөн хотын захиргаа гээд орхих биш, УИХ нь, Засгийн газар нь цогц бодлого явуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нийслэлийн тулгамдсан энэ олон асуудал шийдэгдэхгүй. Хуулиас давсан дүрэм, журмаа хуулийнх нь дагуу болгож, цаашид хуулийн дагуу хийж явахгүй бол ар араа дагасан олон сөрөг үр дагавар үүснэ.
-НИТХ хүний эрх зөрчлөө гэж та ханджээ. Ер нь Улаанбаатар хотын удирдлагуудын явуулж байгаа бодлого танд ямар санагддаг вэ. Дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээ, машин ачилт зэрэг дээр иргэд янз бүрийн байр суурьтай байна. Таны хувьд...?
Улаанбаатар хотын хүн амын механик өсөлтийг зогсоох хэрэгтэй. Нэг нийгмээс нөгөөд шилжсэнээр Улаанбаатарын хүн ам огцом өссөн. Үүнээс болж хотын даац аль аль талаараа хэтэрсэн. Хөрсний бохирдол, агаарын бохирдол, замын түгжрэл гээд тулгамдсан асуудал олон болсон. Үүнийг шийдэхийн тулд цогц арга хэмжээ л авах хэрэгтэй. Өнөө маргаашаа аргацаасан арга хэмжээ бол хол явахгүй.
-Ямар арга хэмжээ вэ?
Би нэг л жишээ хэлье. Гурав- дугаар сард Казахстан улсын Астана, Алмата хотоор яваад ирлээ. Тэр хотуудын дахин төлөвлөлт яаж явааг харлаа. Шинэ хотын бүтээн байгуулалт нь хэр зэрэг хурдацтай явав гээд хотынх нь удирдлагатай, парламентынх нь гишүүдтэй уулзсан. Тэд юу ярьж байна гэхээр нийслэлээ нүүлгэн шилжүүлсэн нь хамгийн зөв шийдвэр болсон гэж байна лээ.
Үүнийг бүгд дуу нэгтэй хэлж байна. Бид ч бас Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд нийслэлээ нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ олон тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй юм шиг надад санагдсан.
-Манайх хотын захиргаагаа Баянхошуу руу нүүлгээд энэ асуудлыг шийднэ гээд байгаа ш дээ?
Эдийн засгийн тооцоо, судалгаа хийхэд Монгол Улсын нийслэл нь төв цэгтээ очих ёстой юм байна гэж би боддог. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анх санаачилж байсан Хархорин улсын нийслэл байх ёстой гэсэн санааг дэмждэг. 300-400 км-ийн алсад нийслэлээ нүүлгэн шилжүүлж байж нийслэлдээ хэт төвлөрдөг байдлыг зогсоож, тулгамдсан асуудлаа шийдэж чадна. Тэгж байж хөгжлийн бодлого ч өөр болно. Би дахиад Казахстаны жишээг хэлье. Нийслэлээ нүүлгэснээр 120 мянган ам.доллар байсан орон сууцны үнэ 60 мянган ам.доллар болж буурсан гэж байна лээ.
Ингэж асуудлыг шинэ нийслэлтэй болох замаар шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр Богд уулыг тойрсон хот болгоно гэвэл Улаанбаатарын энэ бүх асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. Би сая амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт газар олгож буй байршлуудыг очиж үзсэн. Гэр хорооллоо л дахиад тэлж байна. Хотын ачаалал дахиад нэмэгдэх юм байна, эрчим хүчний хэрэглээ дахин нэмэгдэх юм байна л гэж харлаа. Мэдээж дагаад сургууль, цэцэрлэгийн асуудал яригдах юм байна. Зам, гүүр гээд маш олон асуудал яригдах юм байна.
Энэ бүхэнд одоо шийдэл байхгүй шүү дээ. Цэгцлэхийн тулд төрийн оновчтой бодлого л хэрэгтэй. Тэгэхгүй өдөр аргацаах маягаар ажлаа хийвэл утаанаас эхлээд Улаанбаатарын олон асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ нухац- тай хандаж, Улаанбаатарын ир- гэдийн дунд санал асуулга ч явуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Улаанбаатар хот сүйрлийн ирмэгт ирчихлээ.