2015.04.14

Нүүдэл суудал

Нийтлэлч, Монгол улсын зөвлөх инженер, Доктор Ш.Төрбатын хөдөөг хөгжүүлэх талаар бичсэн сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Монголчууд дэлхийн дээд амжилтыг олон удаа тогтоосон гэдэг. Дэлхийн хамгийн том нутагтай л байсан гэж ярьдаг байснаа, одоо хамгийн олон бөх нэг дэвжээнд барилдуулсан, хамгийн олон морь уралдуулсан, хамгийн олон хуур нэг талбайд хөгжимдсөн гээд л хөврөөд байх төлөвтэй. Гэтэл зарим нэг гаж үзүүлэлтээр дэлхийд ганцаараа торойх болов. Энэ нь нийслэлдээ өвөлждөг хүний эзлэх хувийг (энд хүн амыг тоог нь биш эзлэх 40 гаруй хувийг ярьж байна) 1500 мянган км2-д нь хуваах үзүүлэлтээр дэлхийн жишгийг эвдсэн байна. Гэтэл энэ нь гарамгай амжилт биш, гаж алдаа байж. Манай сүүлийн үндсэн хуульд заасан “Хүн амьдрах газраа өөрөө сонгоно” гэсэн цаг нь болоогүй байхад дээрээс шахаж оруулсан хатуу заалт, нөгөө талаас хүний эрхийн түгээмэл тунхаглалын хавчлага, хот тосгоны ялгаа нь бараг устсан өндөр хөгжилтэй орноос ирсэн багш нарынхаа ятгалгад автсанаар Монголын бараг бүх оюутан, эрх мэдэлтэй дарга нарын гэр бүл ах дүү нарынхан, залхуу малчид, зальтай хулгайчид бөөнөөрөө цуглаж Улсын бүх эрхийг Улаанбаатар хот авах гэснээс болж нийслэлчүүдийн амьдралын өртгийг хямдруулах зориудын арга хэмжээ зохион байгуулалттай хэрэгжүүлж ирсэн нь маргашгүй.

Улаанбаатарыг утаагүй, хог тоосгүй, замын түгжрээгүй, метротой, гэр хороололгүй хот болгоно гээд байгаа ойрын зорилт хэрэгжих цагт нийслэл хотын хүн ам 51 хувиас даваад бүх Монгол улсыг ...-р хорооны иргэд дураараа захирах болох нь. Тэр үед нийслэлчүүд хөдөөнийхөнд мах, буудай нийлүүлэлтийн төлөвлөгөө өгч худалдан авах үнээ хуулиар (хөдөөний гишүүнгүй УИХ-ын шийдвэрээр) тогтоож магадгүй биз. Олонх бол оносон оноогүй олонх л байдаг шүү дээ. Одоо Монголын дээд мэргэжилтэй иргэдийн ихэнх нь нийслэлд амьдарч байна. Хөдөөгийн соёл ахуйн нөхцлийг орхигдуулж байгаагаас Их дээд сургууль төгсөгчид Улаанбаатарт шингэсээр байна. Малын эмч гэхэд л маш олон хүн нийслэлд мэргэжлийнхээ хувьд бол нохойнд туулга өгөх (Бас сүүл тайрч мөнгө олдог байсныг нь Олон улсын хэмжээнд хориглож орхив бололтой) г.м ажил гүйцэтгэж байх шиг.

Монгол улсыг хурдацтай хөгжүүлэх нэг үндэс бол шинэ нийслэлээ өөр газар барих юм.

Хөдөөгийн малчны хүү би нүүдэл суудалтай холбоотой хэдэн санал хэлсү.

1. Цаашид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хоёр танхимтай болгох замаар хөдөөгийн иргэдийн эрх мэдлийг нийслэлийнхтэй харьцангуй ойр түвшинд хүргэх хэрэгтэй.

2. Нэгэн чухал зорилт бол аймаг, сумын төвийг төвийн халаалт, цэвэр усан хангамж, бохирын сүлжээ, цахилгаан, холбооны системд холбох хэрэгтэй байна. Ингэж хэлэхээр зарим хүн та нар тэгээд түүнийгээ хийгээч. Хэн байг гэсэн юм бэ гэх байх. Хөдөөгийн бидний нийслэлчүүддээ өгсөн зүйл авснаасаа хавьгүй их юм шүү.

3. Аймгийн төвд ажиллах мэргэжилтнүүдийн (эмч, багш, эдийн засагч, инженер ур чадвартай ажилчид г.м) цалинг нийслэлийнхээс 30%, суманд ажиллагсдын цалинг 60% хүртэл өсгөх нь дээр дурдсан алдааг засч хөдөөгийн хүн амын нүүдлийг зогсооход түлхэц болох юм.

4. Хөдөөнөөс эрхийнхээ дагуу нүүдэллэн ирэгчдийн төлбөр-сан бүрдүүлж, нийслэлээс хөдөөд шилжигсдэд тэр сангаасаа тэтгэлэг олгох журамд шилжих нь хүний эрхийг жинхэнэ утгаар нь хангасан хэрэг болно. Ийм арга гадаадад ч байдаг.

5. Нүүдлийн соёл иргэншилтэй гэдгээрээ гайхуулах хүн Монголд олон байдаг. Үүнийг буруутгах гээгүй боловч бид нэг зүйлийг давхар санаж явах хэрэгтэй. Энэ нь цөөн тооны хот улсыг эс тооцвол дэлхийн бүх улс нүүдлийн соёл иргэншлийг дамжиж хөгжсөн байдаг. Одоо дэлхийн улсуудын хөгжлийн чиг хандлага нь хот хөдөөгийн ялгааг ойртуулахад чиглэж байна. Монгол улс арай ч зориуд үзэсгэлэн болгосон Аброгени болон, Амазонкийн шугуйн зарим омог шиг биш байх. Хөдөөгийн чинээлэг иргэд хамжлагуудтайгаа хамт нэгдэн хоршоолж мал мах, сүү, арьс ширний, тариа ногооны фермерийн аж ахуй, жижиг үйлдвэр цехүүдийг байгуулж байгаа нь сайн хэрэг. Энэ бол хөдөөгийн иргэд суурин, хагас суурин амьдралд шилжих эхлэл, соёл боловсролоо дээшлүүлэх нөхцөл юм. Төр засгаас үүнийг нь бодлогоор дэмжих хэрэгтэй.

6. Бүх аймаг өөрийн хэрэгцээний дээд, дунд боловсролтой үндсэн мэргэжилтнүүдээ өөртөө бэлтгэх боломж бүрдсэн. Жишээлбэл нэг аймаг жил дутам 5-10 эмч, мөн тийм тооны багш, эдийн засагч, инженер, гадаад хэлний мэргэжилтнийг жил бүр сургаж чадах болсон. Шавь сургалтын, эчнээгийн, онлайн янз бүрийн аргаар хүмүүст Улаанбаатарт ирэлгүйгээр дээд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж, хичээлийн дундуур томилолтоор явах буюу хааяа нарийн мэргэжлийн багш нарыг урьж заалгуулах замаар мэргэжил эзэмшүүлж болох юм. Шалгалтаа бол эрх бүхий газар нь өгөөд дипломоо авна биз. Хонины бэлчээр дээрээс дээд мэргэжил эзэмших боломжтой. Хөгжилтэй зарим оронд ч 10 гаруйхан оюутантай танхимын биш бие даалт, дадлага, семинарын аргаар бага зардлаар сургадаг арга байсаар байна.

7. Манай дээд удирдлагынхан, бизнесийн эрх мэдэлтнүүд их хэмжээний мөнгийг богино хугацаанд босгох аргыг надаас дор сэтгэнэ гэж огт байхгүй л дээ. Ганцхан сэтгэл, зүрх хоёр нь дутаад байгаа бололтой. Голланд өвчин л гэнэ, баялагийн хараал л гэнэ. Хамаг байдгаа харийнхантай хуйвалдаж идээд, хойч үе маань хоосон хоцрох нь л гэнэ. Монгол шиг жижигхэн мөртөө ихээхэн баялагтай улсууд ахар богино хугацаанд яагаад цойлоод хөгжөөд гараад ирэв? Ард түмэн нь яагаад гэнэт баян тансаг болчихов. Гэтэл тэд “Уурхай шидэх” гэдэг сонгомол аргыг хэрэглэдэг юм гэнэ. Монголчууд энэ аргыг хэрэглэж ирсэн туршлагагүй мөртөө яагаа ч үгүй л хамтарсан үйлдвэр байгуулна, ашиг хуваана, хувь хүртэнэ, хувьцаа эзэмшинэ гээд л олон цөөвөр шиг орилж чарлаж хардаж сэрдсээр хайран цагаа гарздах шиг. Гадаадын манай шиг хур баялагтай жижиг орнууд эхний шатандаа хоёр гурван жижиг уурхайгаа, эсвэл уурхайнхаа нэг хэсгийг зарчихдаг байна. Үүнд эмзэглэх хүн гарч магадгүй. 40 настай идэрхэн эрх мэдэлтэн та, ач охиндоо өөрийн эд хөрөнгө, нийгмийн баялагаас хангалттай хөрөнгө үлдээж чадна. Харин таны 150 насны ойг тэмдэглэж байх үед дөнгөж ухаан сууж эхлэх жич хүүдээ бол оюуны өндөр чадавхи удамшуулахын дээр, атомын цахилгаан станц, хот суурингаа холбосон салаа төмөр зам, том үйлдвэрүүд, ой модоор битүү хучигдсан ногоон эх орон үлдээхээ бодоорой.

8. Монгол улсыг хурдацтай хөгжүүлэх нэг үндэс бол шинэ нийслэлээ өөр газар барих юм. Нийслэлээ өөр газар шилжүүлээд л цойлон хөгжсөн маш олон улс бий. Америк, Канад, Австрал, Бразил, Казакстан гээд л. Баруун Герман ч гэсэн арга буюу Бонн хэмээх жижигхэн тосгонд очоод дайны сэргээн босголт, асар их төлбөрөө даагаад ямар богино хугацаанд үсрэлт хийж хөгжив. ЗЗХОУ ч гэсэн стратегийн чухал газар болох Москвадаа нийслэлээ шилжүүлчихсэн байсандаа л Сибирийн их баялаг, хүн хүчний нөөцийг татах боломжтой болж, II дайнд ялалт байгуулах гол нөхцөл нь бүрдсэн юм.

Улаанбаатар маань том хот хөгжүүлэхэд тийм ч тохиромжтой газар биш. Сүвчид тус бүрийн салхи мөргөлдөж утаа тоос нь дундаа хуралддаг газар болохыг судлаачид мэднэ. Дулааны 5-р эх үүсвэрийг уулын цаана барихыг мэргэжилтнүүд зөвлөж байсан ч хотын удирдлага “4-р станцын утааны чиглэлийг хар! Туул голын урсгалаа сөрж байгаа биз дээ” гэж загнаж байгаад бас л салхиныхаа дээд талд байрлуулах болчихов. Хүйн голын салхи Туул уруудаж ирдэг. Хүрэл Тогоотын флюгер Улаанбаатар лугаа чиглэдэг юм шүү дээ! Эцэст нь хэлэхэд Чингисийн талбай Улаанбаатарт үлдвэл үлдэг. Модун Шаньюйнхаа талбайг шинэ нийслэлдээ цогцлооё.