Жижиг, дунд бизнес эрхлэгчид төрд үгээ хүргэхээр чуулж байна
УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган" Төрийн ордонд болж байна. Чуулганд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхэлдэг ЖДҮ-ийн төлөөлөл болсон 350 орчим үйлдвэрлэгч оролцож байна.
Мөн тус салбарт үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 200 орчим хүн санал бодлоо солилцохоор цуглараад байгаа юм. Тэд манай улсад ЖДҮ эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдэх боломжтой талаар өөрсдийн байр суурийг нэгтгэх ажээ.
Чуулганыг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ЖДҮ гэдэг бол эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чухал үйл ажиллагаа гэдгийг дурдаад цаашлаад үйлдвэрлэл гэдэг бол улс орны тусгаар тогтнолын чухал суурь ойлголт гэлээ. Үүний нотолгоо болж Аж үйлдвэрийн яам байгуулагдсан нь чухал шийдвэр байсан гэдгийг мөн хэлсэн юм. Манай улсын ДНБ-ий 20 хувийг ЖДҮ-ийн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин дэлхийн бусад улсуудад үүнээс ч их хувийг эзэлдэг.
Тэгэхээр бид ДНБ-д эзлэх ЖДҮ-ийн бүтээгдэхүүний хувийг нэмэгдлүүлэхийн тулд анхаарч, санаачилгатай ажиллах хэрэгтэй гэдгийг салбарын сайд онцолсон юм. Манай улсад хөдөлмөрийн чадвартай 60 мянган иргэн ЖДҮ-ийн салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт 50.600 ЖДҮ эрхэлдэг аж ахуйн нэгж байдаг аж.УИХ-аас анх удаа Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлахаар ажиллаж байгаа нь ЖДҮ эрхлэгчдэд нэн хэрэгтэй чухал бодлого болох юм.
Дээрх бодлогын баримт бичгээс гадна Аж үйлдвэрийн яам Худалдааны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг санаачилж УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа ажээ. Үүнээс гадна Аж үйлдвэрийн сайд ЖДҮ эрхлэгчдийг үйлдвэрлэлээ явуулахдаа шинэ техник технологиудыг ихээр ашиглаж бүтээгдэхүүнийхээ үр ашгийг нэмэгдүүлэхэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Үүний дараа "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулган"-д оролцогчдод Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж танилцуулав.Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог үг хэлсэн.
Тэрбээр уг чуулганыг манай улсад анх удаа зохион байгуулж байгаад баярлаж байна гээд Азийн бар улсууд бүгд л манай улсад тулгараад буй хөгжлийн дорой байдалтай тулгарч байсан. Харин тэднийг аварсан гол зүйл нь ЖДҮ байсан гэдгийг онцлон хэлсэн. Тиймээс манай улс ЖДҮ-ийг хөгжүүлж байж хөгжилд хүрэх боломжтой гэлээ. Үүнээс гадна манай ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй төрийн бодлого тийм ч хангалтгүй байдаг гээд жишээ нь гадаадын аль нэг улсаас ирж байгаа зээлийн хүү нь тухайн улсаасаа хоёр хувь гэсэн нөхцөлтэй ирсэн хэрнээ бизнес эрхлэгчдийн гар дээр очихоор 11 хувийн хүүтэй зээл болж хувирдаг.
Тиймээс хамгийн наад зах нь энэ бүх зохицуулалтуудыг хийж байж ЖДҮ эрхлэгчдэд ажиллах таатай нөхцөл боломж бүрдэнэ хэмээсэн юм.Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь мөн чуулганы нээлтэд үг хэллээ. Тэрбээр манай улсад ажлын байр бий болгож байдаг ЖДҮ эрхлэгчдэд талархах нь зүйтэй гээд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Чуулган “Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” гэсэн сэдвийн дагуух илтгэлээр үргэлжилж байна. Чуулганы хүрээнд хөдөө орон нутгаас ирсэн ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн гарч байгаа юм.