Нийслэлийн иргэдийн баяр Тусгаар тогтнолын талбайд эхэллээ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.04.09

Нийслэлийн иргэдийн баяр Тусгаар тогтнолын талбайд эхэллээ

Тусгаар тогтнолын талбай энэ сарын турш хөл хөдөлгөөн ихтэй байх нь. Учир нь энэ сарын 27- ны өдөр Нийслэлийн МАН-ын хороо үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа. Тиймээс нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд ойгоо угтсан олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж өчигдөр Тусгаар тогтнолын талбайд 90 жилийн ойн нээлтийн ёслолын ажиллагааг эхлүүллээ.

Анх421 гишүүнтэй байгуулагдаж байсан тус хороо өнөөдөр 50 мянга гаруй гишүүд, дэмжигчидтэй болжээ. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр гишүүд, дэмжигчид тус талбайд цугларч Монгол ардын намын түүхийн талаар ярилцахын зэрэгцээ, баярын мэндчилгээг уламжилсан. Энэ үеэр гишүүд, дэмжигчид “Нийслэл хотын бүтээн байгуулалт, хот төлөвлөлт, хөгжил Монгол ардын намаас эхтэй. Анх байгуулагдсан цагаасаа л нийслэлийн намын хороо хотын хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж ирсэн” гэж байлаа.

Ийнхүү хотын хөгжлийн түүхэн хугацааны амжилт ололт, алдаа дутагдал бүхэнтэй нийслэлийн МАН-ын хорооны түүх хамт бичигдэн он цагийн хуудаснаа үлдсэн хэмээх ахмад гишүүд нийслэлийн МАН түүхээ таниулах, цаашдын хөгжлийн ажлуудаа төлөвлөх 26 хоногийн аянд идэвхтэй оролцохоо илэрхийлж байна лээ. Нээлтийн үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй баярын үйл ажиллагааг нээж, “ 90 жилийн тэртээ Богдын сангаас нэг гэр, хоёр авдар авч, үүсэн байгуулагдаж байсан нийслэлийн намын байгууллага өдгөө 50 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн томоохон байгууллага болон өргөжжээ.

Түүхэн хугацааны явцад нийслэлийн МАН-ын байгууллага төрөлх хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжиж ирсэн. Тиймээс нийслэлийн МАН-ын хорооны баяр бол намын гишүүд дэмжигчдийн төдийгүй нийслэлийн иргэдийн баяр юм. Нийслэл хот маань нэг л өдөр сүндэрлээгүй.

Тиймдээ ч бид сард ажлын 26 хоногтойгоор амралт, зав зай багатайгаар ажиллаж, хөдөлмөрлөж өнөөгийн Улаанбаатарыг бүтээн байгуулсан үе үеийн залуус, нийслэлийн иргэдийнхээ уламжлалыг сэргээж 26 хоногийн аян зохион байгуулж байна. Мөн тухайн үеийн нам засгийн удирдлагууд иргэдийнхээ аж амьдралтай танилцах зорилгоор нийслэлд 26 хоног ажилладаг байсан нь дуртгал болон үлджээ. Аяны хүрээнд урлаг, спортын өдөрлөгүүд амжилттай зохион байгуулагдаж байна гэсэн юм. Нээлтийн үйл ажиллагааг алба- ны хүмүүсийн мэндчилгээгээр дуусгасангүй нь ёслолын ажиллагаанд очсон хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлсэн.

Тэнд иргэн бүр хотыг хэрхэн хөгжүүлэх талаархи саналаа өгч байна.

Тухайлбал, хүрэлцэн ирсэн иргэд, дэмжигчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдан, талархлын үг, гарын үсгээ үлдээж, хотын иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, замын түгжрэлийг хэрхэн бууруулах, хог хаягдлыг багасгах, бусад асуудлуудаар өөрийн саналаа өгч байгаа юм.

Нийслэлийн хотын иргэн бүр 26 хоног үргэлжлэх арга хэмжээнд очиж саналаа өгөх боломжтой. Харин өгсөн саналыг нийслэлийн МАН-ын хороо цаашдын ажил болон сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм байна. Мөн ирэх өдрүүдэд хүүхэд багачууд, залуу гэр бүл, оюутан залуус, өндөр настнуудад зориулсан хөтөлбөр болон “Замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшье”, “Эрүүл хот-эрүүл иргэн” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулах аж. Түүнчлэн “Хотын хөгжил” нэрийн дор гэрэл зургийн уралдаан, илтгэлийн уралдаан, сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн ч зохион байгуулна гэсэн.

Энэ үөэр Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудаас гишүүд, дэмжигчид, нийслэлийн иргэдэд ойн баярын баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ цаашдын ажлын төлөвлөгөө болон ойн арга хэмжээний талаар ийн хэллээ.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй:
Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ санаа, шинэ төлөөлөл бий болгоно

1925 оны дөрөвдүгээр сарын, 27-ны өдөр нийслэлийн МАН-ын хороог байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Үүнээс хойш 90 болжээ. Ойн хүрээнд нийслэлийн МАН-ын хороо намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийслэлчүүддээ хандсан олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөж албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ. Энэ сарын 1-26-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбай дээр есөн дүүргийн намын хороод, төрийн бус байгууллагууд иргэдээ сонсох өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Тухайлбал, энэ сарын 01-ний өдрөөс Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингэхдээ намын түүхийг сурталчлахаас гадна намын гишүүддээ эмнэлэг болон бусад үйлчилгээг хүргэж эхэлсэн.

XX зууны Эсгий хотоос XXI зууны дэлхийд данстай, сая гаруй оршин суугчтай хотыг бий болгоход МАН хөгжлийн бодлогын олон шийдвэрийг гаргаж байсан. Үүнд нийслэлийн намын байгууллагын оролцоо өндөр байсан юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд "таван ерөнхий төлөвлөгөө буюу өнөөдрийн нийслэлийн төлөвлөгөөг гаргаж байлаа. Тэгвэл өнөөдөр хотод шийдэх шаардлагатай олон асуудал бий. Тухайлбал, агаар, хөрсний бохирдол, гэр хороолол, ядуурал, инженерийн шугам сүлжээний хоцрогдол гэх мэт асуудлууд байна. Гэвч үүнийг тус бүрт нь шийдэх нь үр дүнд хүрэхгүй.

Тиймээс цогц бодлогыг шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан шийдэх нь зүйтэй юм байна гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Үүнийг ирэх 15-ны өдөр болох Эрдэм шинжилгээний бага хурлаар онолын асуудлыг өргөн барина. Өнөөдрийн хотын удирдлагууд нийслэл рүү шилжин ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг зөв суурьшуулж, зөв зохион байгуулах нь чухал. Дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Хотын хөгжлийн амин сүнс нь оршин суугч байдаг учраас өсөлтийг ад үзэх биш эсэргээрээ дэмжих нь зүйтэй.

2012 онд МАН түүхэндээ анх удаа цөөнх болсон. Тэглээ гээд бид эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэх биш үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа. Учир нь эрх баригчдын хийж байгаа ажил бидний үед бодож, төлөвлөсөн, хийхээр төлөв- лөсөн боловч хөрөнгө мөнгө дээр саатаж байсан юм. Гэхдээ энэ ажлын баригчид сайн ажиллаж байгаа ч алдаа, оноотой зүйл бий.

Үүнийг бид засч, залруулах, бүтээлчээр хамтран ажиллахыг зорьж байгаа. Тиймээс нийслэлийн ИТХ дахь бүлэг маань дуу хоолойгоо гаргаж, намын бодлогыг илэрхийлдэг. Иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд иргэдээс санал авч байна. Саналаа сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгана. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ санаа, шинэ төлөвлөлтийг бий болгоно гэдгийг нийслэлчүүддээ уламжилъя.