Таван толгойн хөрөнгө оруулагчдын хэн нь хэн бэ?
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр чигээрээ Таван толгойн асуудлаар амьсгалж байна. Таван Толгойн төсөлд хөрөнгө оруулах компаниуд нь Японы “Сумитомо”, Хятадын “Чайна Шинхуа Энержи” нар. Тэгвэл уншигч та бүхэндээ эдгээр нь чухам ямар түүхтэй компаниуд болохыг сонирхуулъя.
Хятадын нүүрсний мангас
China Shenhua Energy компани нь нүүрс үйлдвэрлэлээ Хятадад нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог компани. Нүүрсний олборлолт, худалдаа, түүнчлэн Хятадад эрчим хүчний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажилладаг.
China Shenhua Energy
Компани 20 жилийн өмнө байгуулагдсан. 2007 онд IPO (Initial Public Offering) хувьцааг зах зээлд гаргажээ. Хувьцааны нийлбэр нь 8,9 тэрбум ам.доллар болжээ. Шанхайн хөрөнгийн бирж дээр хувьцааг зарж эхлэхэд үнэ нь 36,99 юан байснаа 70,40 юан болж 90,3 хувиар өсчээ. Хаалтын ханшийн үеэр нэг хувьцааны үнэ 69,3 юан байсан нь анхныхаас 87 хувиар өссөн үзүүлэлт байв. Энэ нь тэр онд дэлхийн хэмжээнд хийгдсэн хамгийн том IPO байв. Эдүгээ компани нь 62 286 ажилтантай.
China Shenhua Energy нүүрсний нөөцөөр баялаг орнуудын зах зээлд байр сууриа эзлэхийг байнга хичээдэг.
2013 оны сүүлээр Казахстаны нүүрсний салбарт 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Шинхуа групп нь хөрөнгө оруулах анхны жилдээ 2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.
Мөн ОХУ-ын “En+” болон Шинхуа группын хамтарсан “Разрез Уголь” компани Забайкалийн хязгаар нутагт дахь Зашуланскийн нүүрсний орд газарт олборлолт явуулахаар болсон. Эл ордын талбайд хайгуул, олборлолт хийх лицензийн төлбөрт 246,9 сая рубль буюу 7,4 сая ам.доллар төлсөн байна. Нүүрсийг ил аргаар олборлох бөгөөд жилд 6 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж. Төслийн хүрээнд ойролцоох төмөр замын станц хүртэл 100 км авто зам барихаар төлөвлөсөн байна. Зашуланскийн нүүрсний орд нь 252 сая тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй бөгөөд Орос-Хятадын хилээс 500 км зайд оршдог. Олборлолтыг 2018 оноос эхлүүлнэ. Зашуланскийн нүүрсний ордоос олборлосон нүүрснийг Забайкалийн хязгаар нутгийн эрчим хүчний хэрэглээнд нийлүүлэхээс гадна БНХАУ-д экспортлох зорилготой.
Түүнчлэн China Shenhua Energy нь Америкийн зах зээлд гараад амжсан бөгөөд Пенсильвани мужид сланц нефтийн олборлолт явуулахаар тохиролцсон. Уг төслийн нийт хөрөнгө оруулалт 146 сая ам.доллар байснаас 90 саяыг нь Хятадын тал гаргасан байна. China Shenhua Energy компани АНУ-д 2,5 км-ийн гүнд олборлолт явуулах бөгөөд 30 жилийн дотор 3,8 тэрбум метр куб сланц нефть олборлох төлөвлөгөөтэй.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой 2014 оны нэгдүгээр улиралд компаний цэвэр ашиг бараг 10 хувиар буурсан буюу 1,66 тэрбум доллар болжээ.
Буддын ламын эхлүүлсэн бизнес
Sumitomo Group (яп. 住友グループ) нь Японы хамгийн том кэйруцу буюу групп компани юм. Тус групп нь санхүү, машин үйлдвэрлэл, электрон техникийн аж үйлдвэр, хар ба өнгөт металлын үйлдвэр болон бусад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг олон тооны компаниудыг өөртөө багтаадаг.
Sumitomo 1630 онд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Масатомо Сумитомо гэгч хүн ном, эмийн зүйлийн дэлгүүр нээснээс компаний түүх эхэлжээ. Компанийг үндэслэгч нь буддын сургаальд суурилсан бизнесийг хэрхэн явуулах ухааны талаар “Мондзюин сиигаки” нэртэй ном бичсэн байна. Уг ном нь аливаад хандахдаа хөнгөн хуумгай хандаж болохгүй, анхаарал, хүндлэл үзүүлэх хэрэгтэй гэсэн гол санааг илэрхийлжээ. Гэхдээ компанийг нэрд гаргасан зүйл нь зэсийн олборлолт байв. Сумитомагийн эгчийн нөхөр Риэмон Сога зэс хайлуулах шинэ технологи боловсруулж, харин том хүү Томомоти Сумитомо түүнийг нь хэд хэдэн үйлдвэрт нэвтрүүлжээ. Чухам энэ үеэс Сумитомогийн үйлдвэр байрласан Осака хот нь Японы зэсийн үйлдвэрийн төв болжээ. Удалгүй компани санхүү, тээвэр зэрэг олон салбарт ажиллаж эхлэв.
Мэйдзийн сэргэн мандалтын үед Сумитомо компани зэс боловсруулах гадны технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэв. Үр дүнд нь 19 дүгээр зууны эцэс гэхэд тус компани Япон дахь хамгийн том зэс олборлогч, боловсруулагч компани болж хувирав. Энэ үедээ жинхэнэ конглемерат /дзайбацу/ шинжтэй болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа үндсэн компани татан буугдаж өнөөгийн Sumitomo Group байгуулагдав. Өнөөдөр тус группын охин компаниуд бие даасан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ч үндэслэгчийн бичиж үлдээсэн «Мондзюин сиигаки» номын үзэл санаанаас гаждаггүй. Sumitomo Group нь маш олон салбартай компани. Түүний нэг хэсэг болох худалдааны компани Sumitomo Corporation л гэхэд дэлхийн 65 оронд 116 салбартай, Японд 24 офистой, 11,484 их наяд иений хөрөнгөтэй. Харин Sumitomo Group өөрөө 42 толгой компани, тэдний дор харьяалагдах 800 орчим охин компанитай.
sumitomo group
Sumitomo Group-ийн бүрэлдэхүүнд ордог зарим томоохон компаниудыг дурьдвал:
- Sumitomo Chemical Co., Ltd.
- Sumitomo Heavy Industries, Ltd.
- Sumitomo Mitsui Banking Corporation
- Sumitomo Metal Industries, Ltd.
- Sumitomo Metal Mining Co., Ltd.
- Sumitomo Corporation
- Sumitomo Corporation of America
- Sumitomo Trust & Banking Co., Ltd.
- Sumitomo Life Insurance Co.
- The Sumitomo Warehouse Co., Ltd.
- Sumitomo Electric Industries, Ltd.
- Mitsui Sumitomo Insurance Co., Ltd.
- Mezon Stainless Steel Fzco.
- Nippon Sheet Glass Co., Ltd.
- NEC (Electronics and electric)
- Sumitomo Realty & Development Co., Ltd.
- Sumitomo Osaka Cement Co., Ltd.
- Sumitomo Light Metal Industries, Ltd.
- Sumitomo Mitsui Construction Co., Ltd.
- Sumitomo Bakelite Co., Ltd.
- Sumitomo Forestry Co., Ltd.
- Sumitomo Rubber Industries, Ltd.
- Mazda Motor Corporation
- Presidio Ventures
- Sumitomo Mitsui Financial Group
- Dainippon Sumitomo Pharma
- Sumitomo Densetsu
Америкчууд гомдов
2014 оны 12 дугаар сарын 22 нд Таван Толгойн орд газрын стратегийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулж Сумито, Шинхуа хоёр Монголын Энержи Ресурсын хамт ялагч болсон. Харин нэлээн шанстай гэгдэж байсан Америкийн “Пибоди энерджи” компани үлдэж чадсангүй. Уг компани нь дэлхийн хамгийн том нүүрсний компани юм. Өөрийн компанийг ялагдсаны дараа Монгол дахь АНУ-ын элчин сайд: “Америк компани шалгарах боломжтой байсан ч монголчууд том төсөл боловсруулах туршлагагүйн улмаас алдаа гаргасан” гэж гомдоллосон билээ.
Таван Толгойн ордын цанхийн зүүн хэсэг
Оросын ажиглагчид Таван Толгойг тойрсон тэмцэл бол социализмын үеэс улбаатай, 1990-иэд оноос эрчээ авсан цэвэр геополитик, улс төрийн шинжтэй маргаан гэж үзэж байна. Америкчууд уг төсөлд шалгарах гэж хичээсэн нь Монгол дахь Хятадын нөлөөг хязгаарлах гэсэн оролдлогын нэг илрэл гэжээ.