Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэх зөвшилцөлд хүрлээ
Хаврын чуулган 88.2 хувийн ирцтэй нээлтээ хийв
УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ирц 88.2 хувьтай байв.Төрийн гурван өндөрлөг, яам агентлагийн сайд дарга, Монгол Улсад суугаа Элчин сайдууд энэ өдрийн чуулганд урилгаар оролцсон юм. Уламжлал ёсоор УИХ-ын дарга чуулганы индрээс хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн ач холбогдол, үр дүнг дүгнэн ярьсан юм.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай, Сонгуулийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төслүүдийг онцлон нэр дурьдаж эдгээр хуулиудыг батлахад нам эсвэл, манай танай гэж талцалгүйгээр батлах шаардлага байгаа гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн хугацаа дуусахад нэгхэн жил үлдсэн энэ цагт гурван жил ярьсан маш олон хуулиуд энэ хаврын чуулган руу орж ирсэн учраас хэлэлцэх асуудлаар аль болох ойлголцож, зөвшилцлийг өмнөө барьж ажиллахыг захилаа.
Мөн Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа санал гомдол их ирж байгааг Засгийн газар анхааралдаа авч ажиллахыг З.Энхболд дарга онцлон хэлж Төрийн албанд үүрэг өгсөн юм. Танхимын индэр дээрээс хэлсэн түүний үгийн төгсгөл хэсэг бол яах аргагүй өчигдрийн нээлттэй давхацсан анхаарал татах мэдэгдэл байв. Хууль тогтоох байгууллагын даргын хэлсэн Тавантолгойн төсөлтэй холбоотой байр суурь улс төрийн хүрээнд анхаарал татах сэдэв боллоо. З.Энхболд дарга хэлэхдээ “Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.
Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад, манай улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна.
Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэв. Түүний хэлсэн үгнээс үүдэн Засгийн газрын зарим сайдууд ч мэдэгдэл хийж эхэллээ.
Тэгвэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Тавантолгойн асуудлыг хэлэлцээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах, улмаар энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлсний дараа гэрээ байгуулах ёстой гэсэн шийдвэрт хүрсэн юм. Ерөнхий сайд ч энэ асуудлыг УИХ-аар 14 хоногийн хугацаанд хэлэлцэж өг хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
Ч.Улаан: УИХ-аар зайлшгүй хэлэлцэх ёстой
Оюутолгойн гэрээнд бид маш том алдаа хийсэн. Өнөө болтол энэ асуудлыг ярьж байна. Ашигтай, ашиггүй гэсэн талцал идэвхтэй гарч байгаа. Тэгэхээр Оюутолгойг гэрээний алдааг давтахгүйн тулд Тавантолгойг зайлшгүй УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг дэмжиж байна. УИХ-аар хэлэлцэхгүй бол асуудлыг ул суурьтай ярилцах учиртай. Ерөнхийлөгч ашигла гэсэн шийдвэрийг гаргасан. Яаж ашиглахыг УИХ шийднэ. 10 гаруй зүйлтэй удирдамж байгаа. Тэрний хэрэгжилтийг хянаж байж батлах ёстой.
Ц.Даваасүрэн: Харилцуур ашигтай л байвал хэнийг ч дэмжинэ
УИХ-аар хэлэлцэх ёстой. Тэр бол зүйтэй санал. Яагаад гэвэл энэ чинь Монголын том баялаг. Хоёрдугаарт, стратегийн орд. Тавантолгойг бид явуулахгүй гэж ярьдаг улс биш. Харилцуур ашигтай байх ёстой гэж ярьж байгаа. Харилцуур ашиггүй байвал дэмжихгүй. 50.50 хувийн ашигтай байвал бид дэмжинэ. УИХ-ын дарга үр ашиггүй гэж хэллээ. Өр зээлд баригдсан гэж хэлсэн. Тийм бол дэмжихгүй. Стратегийн ордыг УИХ-аар буюу ард түмний төлөөллөөр хэлэлцүүлнэ гээд заачихсан.
Яагаад гэвэл газрын хэвлийн баялаг өөрөө Үндсэн хуулиараа ард түмний өмч. Тэр утгаараа тэдний төлөөлөл болсон УИХ зайлшгүй энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Улс орныг авч явдаг газрын баялаг дээрээ ямар гэрээ хийж байна вэ гэдгээ ярих цаг нь болчихож. Тамсагийн нефтийн гэрээ юу болов. 24 хувиа аваад л ямар ч ашиггүй сууж байна. Одоо нүүрсээ алдчих юм бол бидэнд өндийж босох өөр зүйл байхгүй болно.
Зэс алтаараа гуравт ордог ордоо бид алдчихсан шүү дээ. Нэг сонин зүйл нь Монголын эдийн засаг хятадын эдийн засгаас ч хурдан өсөлттэй байгаа. Хятадын эдийн засаг 7.2 бол, монголынх 7.8. Яагаад хямраад байна вэ гэхээр ашиггүй гэрээ хийгээд мөнгө нь орж ирэхгүй байгаа юм. Мөнгө нь орж ирдэггүй гэрээг хэрхэвч дэмжиж болохгүй. Эдийн засгийн хувьд мөнгөтэй болгох төсөл чинь Тавантолгой. Тиймээс харилцуур ашигтай байх тухай л ярих ёстой. Харилцуур ашигтай байвал хэнтэй ч хийж болно.
Х.Болорчулуун: Ч.Сайханбилэг популист амлалт өглөө
Тавантолгойн гэрээ өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүдэд хаалттай нууц байлаа. З.Энхболд даргын мэдээллээс нэлээд олон зүйлийг ойлголоо. Энд тэндээс олсон мэдээллээр Монгол Улсын эрх ашгийг хангаж чадахгүй гэрээ хийгдсэн гэдгийг сонсч байсан. Ер нь улсын төсвөөр хайгуул хийсэн ордын 51-ээс дээш хувийг монголын тал эзэмших УИХ-ын тогтоол байдаг. 2012 оны есдүгээр сард батлагдсан тогтоолыг хангаж чадаагүй юм байна.
Яагаад гэвэл энэ хоёр компанийн нэг нь Кайман аралд бүртгэлтэй MMC гэх компани. Яах вэ, монгол талын хувь бий. Нөгөөх нь Хятадын төрийн өмчит компани. Тэгэхээр Монголын төрийн хувь хаана байна вэ гэдэг асуудал яригдана. Мөн 1072 хувьцаа хүртэл байхгүй болчихоод байна шүү дээ. Энэ гэрээг явуулах хууль эрхзүйн үндэслэл алга. УИХ-аар хэлэлцэх ёстой. Стратегийн орд гэдэг утгаараа.
Ерөнхий сайд маш популист мэдэгдэл хийсэн. Яагаад гэвэл, Тавантолгойн ордоос иргэн бүртээ 100 мянган төгрөгтэй тэнцэх хувьцаа өгөх талаар ярилаа. Яг л хамтарсан Засгийн газрын үедээ 350 сая ам.долларыг Хятадын “Чалко” компаниас аваад бэлэн мөнгөөр тараасан тэр зүйл давтагдах гэж байна. Хүн бүхэнд 100 мянга гэж популист амлалт хийж байна. Урьдчилгаа төлбөрөөс л тараах гэж байна. Хуулийн дагуу хувь эзэмшээд тараагдах мөнгө биш.
Д.Сумъяабазар: Язгуур эрх ашгийн үүднээс шийдвэр гаргах ёстой
Хүлээлт үүсгэсэн асуудал их байна. Тавантолгойн асуудал нэлээд олон жил улстөржсөн. Үүнийг урагшаа явуулах ёстой. Гэхдээ Монгол Улсын язгуур эрх ашгийг хангах ёстой гэдэгт санал нэг байна. Мөн Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хууль гэсэн том том хуулиудаа явуулмаар байна. Үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаар аль болох хурдан гарах ёстой гэсэн байр суурийг барьж ажиллах болов уу гэж бодож байна.