Огцом эргэлт  & 1072 ширхэг хувьцаа
Одоог хүртэл “Эрдэнэс тавантолгой” компани албан ёсоор хувьцаат компаниар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээгүй.
2015.04.06

Огцом эргэлт & 1072 ширхэг хувьцаа

1,1 сая иргэд нийлээд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хуралд сууцгаая

Та гурван жилийн өмнө “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ш хувьцаагаа мөнгө эсвэл сургалтын төлбөрөөр солиогүй бол таны нэр дээр хувьцаа байгаа. Сайтаар шалгаж болно.

Өнөөдрийн байдлаар 1,1 сая иргэний хувьцааны бичилт хийгдээгүй байгаа гэх асуудлыг УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хурал даар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр мэдээлсэн. Бичилт одоог хүртэл хийгдээгүй гэдэг нь 2008 оны сонгуулийн МАНАН-гийн популизмыг улам бүр баталж өгөх шиг.

Одоог хүртэл “Эрдэнэс тавантолгой” компани албан ёсоор хувьцаат компаниар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээгүй. Тэгэхээр таны хувьцаа популизм. Үүнийг өчигдөр хэрүүлтэй эхэлсэн УИХ-ын хаврын чуулганы нээлт, УИХ-ын даргын мэдэгдэл нотлоод өглөө.

Шинэчлэлийн засгийн газрын эхний бөгөөд эцсийн зорилго нь Тавантолгойн төслийг урагшлуулах явдал. Энэ зорилгоо биелүүлэх үүднээс хурдацтай хөдөлж, өчигдөр гэхэд хэлэлцээрийг Засгийн газраар хэлэлцэж, маргааш нь гэрээ үзэглэх давчуу төлөвлөгөөтэй байлаа.

Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд үүний эсрэг зогсч, заавал УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг сануулж, огцруулна шүү гэсэн сүрдүүлгээр олон нийтийн хүчийг авч, Тавантолгойг анхаарлын төвд авчран хэлэлцүүлэхээр боллоо.

Тэрээр Тавантолгойн гэрээний төслийг Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч, 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байгаа хэмээн дүгнэсэн юм. Тэр ч бүү хэл эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна хэмээх ноцтой мэдэгдлийг хийсэн.

Хамгийн гол нь долоон жилийн өмнөөс алтан дээр суусан гуйлгачин хэмээх цолтой ард иргэддээ амласан, иргэн бүрийн 1072 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тохироо хийгээгүй гэх мэдээлэл иргэдийг сэрдхийлгэв.

“Эрдэнэс Тавантолгойн”-н хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй сууцгаая

Ямартай ч маргааш УИХ-ын чуулганаар Тавантолгойн асуудлыг авч хэлэлцэнэ. Гэхдээ хамгийн гол нь тус компанид ард иргэддээ хувьцаа эзэмшүүлсэн л юм бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах хэрэгтэй. Үүнд нь үндэсний аж ахуй нэгжүүд болон 1,1 сая Монгол иргэд оролцох учиртай.

Яагаад юуны учир өнөөдрийг хүртэл Тавантолгой ашиггүй ажиллаж байна гэж, “Эрдэнэс тавантолгой” компанийг хөрөнгийн биржид бүртгүүлэлгүй, ашигтай ажиллуулж, иргэн бүрийн хувьцааны ногдол ашгийг өгөхгүй байгаа гэдгийг асуух хэрэгтэй.

Нэгэнт л хувьцаат компани юм бол санхүүгийн тайлан, тооцоо мэдээллийг ил тод болгох учиртай. Зүгээр нэг http://www.erdenestt.mn/ сайтанд нэр төдий мэдээлэл оруулах нь үнэхээр учир дутагдалтай.

Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулагчдаас чухам хэн нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшигч болох гээд байгааг ард түмнээс асуух ёстой.

Үнэт цаасны тухай болон Компанийн тухай хуулиараа хувьцаат компаниуд 4 сарын 30-наас өмнө хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх ёстой. Үүний нэгэн адил хууль төрийн компанид ч үйлчлэх нь зайлшгүй.  

Тус компанийн сайтаас харахад 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08:30 цагт тус компанийн байранд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаар шийдвэрлэсэн байна. 1,1 сая иргэн хуралд хэрхэн оролцох нь сонирхол татаж байна. Ямартай ч иргэд өөрсдөө идэвхи гаргах учиртай юм.  

Хэрвээ тус компанид гадны хөрөнгө оруулагч оруулж ирэх гэж байгаа юм бол ордтой, юутай хийтэй нь шилжүүлж, популизмын амлалтаасаа төр ухарч болохгүй.

Гэтэл газрын доорхи баялаг бол ард түмний өмч. Хэрвээ ТТ-г гадны компанид гучин жилийн хугацаатай, мөн адил хугацаагаар сунгах эрхийг өгчихвөл монголын аж ахуй нэгж, ард иргэд нийлээд 20 хувийн жижиг хувьцаа эзэмшигч болчихно гэсэн үг. Яг Оюутолгойн 34 хувьтай адилхан.

Хэрвээ ийм болчихвол гадны хувьцаа эзэмшигчид том болж, бид ямар ч нөлөөлөл үзүүлж чадахгүйд хүрнэ.

Тиймээс хувьцаа эзэмшигч гэдэг чинь эцсийн эцэст бүх шийдвэрийг нь гаргадаг, ямар хүнийг ТУЗ-даа оруулах уу, үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдгийг шийддэг чухал үүрэгтэй учир 1,1 сая иргэн дуу хоолойгоо хүргэх учиртай.