Иргэд үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгодог болно
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.04.02

Иргэд үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгодог болно

Иргэд зөвхөн харъяа эмнэлэгтээ биш өөрөө сонгож сайн эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой болох гэж байна. Энэ талаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тусгасан бөгөөд энэ хуулийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль хүн бүрт хамаатай. Гэвч яг ямар зохицуулалт хийснийг сайн мэдэхгүйгээс олон хүн энэ талаар лавлаж байна. Та хуулийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Иргэдэд илүү ойлгомжтой байх үүднээс тайлбарлая. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрэх үр дүн юу вэ гэдэг  чухал юм.Манай иргэд, даатгуулагчид эргэлзэж байгаа. Одоо хуулийн талаар тодорхой мэдээлэлгүй учраас ямар үр дүнтэй вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа болов уу. Эрүүл мэндийн даатгал, түүний үр өгөөж, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанарын талаар олон жил даатгуулагчдын гол бухимдлыг төрүүлдэг асуудал байлаа. Өнөөдөр ч энэ асуудал хэвээр байна. Эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг, гэвч эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирдаггүй. Эрүүл мэндийн салбар дахь өөрчлөлт явж өгдөггүй, өнөөх л бахь байдгаараа эмч, эмнэлгийн тогтолцоо байна.

Энэ талаар бид удаан хугацаанд судалгаа хийж хуулийн төслийг боловсруулсан юм. Бараг дөрвөн жилийн өмнө  хуулийн төслийг санаачилсан ч тодорхойгүй шалтгаанаар хэлэлцүүлэг нь хойшилсоор байгаад өнгөрсөн намрын чуулганаар батлууллаа. Энэ хуулийг санаачлах болсон гол шалтгаан бол даатгуулагчдын бухимдал, тэдний санал шүүмжлэл байсан. Үе үеийн Засгийн газрын үед эрүүл мэндийн салбарын удирдлага өөрчлөгдөж, эмнэлгийн дарга нарыг шинээр томилж, энэ салбарт ийм, тийм өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэдэг ч олигтой үр дүнд хүрээгүй. 

Эмнэлгийн дарга нарыг сольж, энд тэнд баахан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Хүн харахад энэ салбарт хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа юм шиг хэрнээ дорвитой өөрчлөлт хийгдэхгүй байсан. Нэг эмнэлгийн даргыг сольсноор, нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ салбар өөрчлөгдөхгүй гэдэг нь тодорхой харагдлаа. Энэ бүгдэд бид дүгнэлт хийж эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлт хийхгүйгээр явахгүй юм байна гэж үзсэн. Ингээд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачилсан юм.

-Энэ хууль иргэн буюу эрүүл мэндийн даатгал төлдөг хүнд ямар ашигтай юм бэ гэдгийг та товчхон дурдаач. Хуулийг бүхэлд нь тайлбарлана гэвэл их зай талбай, цаг хугацаа хэрэгтэй болов уу?

Тийм ээ, хуулийг бүхэлд нь тайлбарлах боломжгүй юм. Зарчмын гол зүйлүүдийг хэлье. Нэгдүгээрт, даатгуулагч өөрийнх нь оролцоог бий болгосон. Одоогийн хуулиар ийм боломж огт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын газар нь Эрүүл мэндийн даатгалын  санд төвлөрсөн хөрөнгийг тухайн жилд нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй газруудад хуваарилдаг. Хуваарилахдаа урьдчилгаа 70 хувийг өгч, гүйцэтгэлээр үлдсэн 30 хувийг нь өгдөг.

Цаад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд урьдчилгаа 70 хувийг авахдаа хэн нэгэн даатгуулагч буюу иргэн Дорж, Дулмаагийн мөнгө гэж ерөөсөө ойлгодоггүй. Төсөв санхүүжилтээр хуучин социализмын үед авч байсан өнгө гэж ойлгож авдаг байсан учраас иргэн Дулмаа, Дорж эмнэлэгт үзүүлэх гээд очихоор хэн ч түүнийг хүндэтгэлтэй хүлээж авдаггүй. Тэр хүний мөнгөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг гэдгээ ойлгодоггүй байсан.

Хоёрдугаарт, даатгуулагч ч гэсэн оролцож, хянаж, сайн муу гэх үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүй байсан. Иймд даатгуулагчийн оролцоог бий болгох ёстой. Даатгуулагч эмчилгээ, үйлчилгээ, эмчээ өөрөө сонгодог эрхгүй байгаа. Манайхан эмнэлэгт үзүүлэхдээ дотооддоо сонголт хийдэггүй хэрнээ гадаадад очиж сонголт хийдэг. Жишээлбэл, элэгний эмчилгээ Энэтхэгт, Тайландад сайн гэнэ, сүүлдээ Солонгос сайн гэнэ гэдэг. Энэ бол сонголт явж байгаагийн хэлбэр. Иргэн өөрт таалагдсан эмчилгээ, үйлчилгээгээ сонгож үйлчлүүлж байгаагийн илрэл. Сонголт нь ч нээлттэй байгаа биз. Сонголтоо хийгээд очиход тухайн эмнэлэг авахгүй гэдэггүй, урдаас нь тосоод авдаг.

Гэвч манайд яадаг билээ. Сүхбаатар дүүргийн иргэн тус дүүргийнхээ эмнэлэгт  л үзүүлдэг. Тэр хүн Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүү­лэх гээд очихоор авдаггүй, үздэггүй. Тэгэхээр дуртай, дургүй ч Сүхбаатар дүүргийнхээ эмнэлэгт л үзүүлж үйлчилгээ авна. Тэрний төлөө эрүүл мэндийн даатгалд улсын төсвөөс санхүүжилтээ авна. Тэгээд тэнд ажилладаг эмч, ажилчид үр дүнтэй ажиллая, даатгуулагчдад таалагдая  гэсэн сэтгэлгээ яагаад ч төрдөггүй. Тэд сайн ч, муу ч даатгалын сангаас санхүүжилтээ хүчээр авчихдаг учраас тэр. Энд ямар ч өрсөлдөөн алга.

-Эмч, сувилагчид ч гэсэн энэ тогтолцоондоо дасчихсан шүү дээ. Яагаад ийм байдаг юм бол?

Нөгөө талаар тэр эмнэлэгт ажилладаг эмч, сувилагч сайн ажилласан ч, муу ажилласан ч 500 мянган төгрөгийн цалин авах жишээтэй. Даатгуулагчийн төлөө гүйсэн ч, гүйгээгүй ч авдаг цалингаа л авна. Тухайн эмч ажлын цагаа бүртгүүлээд л дугаар авсан нэг, хоёр хүн үзээд үдээс хойш нь алга болчихдог. Би эмч, сувилагчдаа муулах гээгүй шүү. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо яг ийм байгаа.

Яагаад ийм байгаа юм бэ гэвэл тэд сүлжээний 500 мянган төгрөгийн орлоготой. Тэр хүн чинь илүү амьдарч хэрэгцээгээ хангах хэрэгтэй болно. Тэгэхээр найзынхаа эмнэлэг дээр очиж илүү цагаар ажиллана, үгүй бол хувийн эмнэлэг дээрээ очиж ажиллана. Эсвэл таньдаг мэддэг хүнийхээ сүлжээний эмийн сангуудад үйлчлүүлэгчдээ явуулах ажлыг зохион байгуулна. Ийм тогтолцоотой үед манай эрүүл мэндийн салбар ахихгүй, улам л унана. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд эмчилгээ, үйлчилгээ авах эрхийг даатгуулагчдад олгож байгаа юм.

-Тэгэхээр даатгуулагч иргэн би Баянзүрх дүүргийнх ч гэлээ Баянгол дүүрэгт очиж үзүүлж болох нь ээ. Хэрэв тус дүүргийн эмнэлэг сайн гэж үзэж байгаа бол?

Болно, аль сайн эмчилгээ, үйлчилгээтэй эмнэлгийг даатгуулагч өөрөө олдог, сонгодог, тэнд очих эрхтэй. Үүнийг дагаад санхүүжилтийн менежмент нь явна. Тодруулбал гүйцэтгэлээр санхүүждэг хэлбэр рүү орно гэсэн үг. Ингэж сонгох эрхтэй даатгуулагч бүр эрүүл мэндийн цахим карттай болно.

-Иргэд эрүүл мэндийн цахим карттай болсны давуу тал юу вэ?

Тухайн иргэн эмнэлгийн карт гээд зарим нь боть ном шиг, зарим нь нэг удаа үзүүлэхдээ л карт авчихаад тэрийгээ хаячихна, дахиад үзүүлэхдээ шинээр авдаг. Тухайн хүний эрүүл мэндийн талаар зөв цэгцтэй мэдээллийн бааз огт бүрддэггүй. Уг нь эмч үйлчлүүлэгчийнхээ өмнөх өвчний түүхийг үзэж, судалж байж эмчилгээнийхээ тактикийг боловсруулна.

Тэгтэл ямар ч мэдээлэлгүйгээр, хэдэн шинжилгээний хариу харж байгаад эмчилгээ бичиж өгнө гэвэл өрөөсгөл. Үүнийг бараг туршилт гэж болно. Хэрэв тэр хүний өвчний түүх байсан бол дараагийн шатлалын эмчилгээний тактик илүү үр дүнтэй болно шүү дээ. Тэгэхээр манай өвчтөний хувьд өмнөх түүх нь, мэдээлэл нь байдаггүй нь маш том алдаа. Иймд бүх даатгуулагчийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм. Тэр санд гурван сая иргэний эрүүл мэндийн мэдээлэл орно.

-Хувь хүний эрүүл мэндийн нууц гэж байх ёстой. Үүнийг яаж хамгаалах вэ?

Мэдээллийн сан дээд зэргийн нууцлалтай байх болно. Тухайн хүний мэдээлийн сан руу зөвхөн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр тусгай нууц кодоор картаа уншуулж байж нэвтэрнэ. Цахим картны хоёр дахь давуу тал нь төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно.Бид “Номин” худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ  картаа уншуулаад кодоо хийгээд гарын үсгээ зураад мөнгөө шилжүүлдэг. Яг түүнтэй адил. Тухайн сонгосон эмнэлэг дээрээ та ороод тодорхой хэдэн төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ аваад, картаа уншуулаад гарна. Хэдэн төгрөгийн эмчилгээ авсан тухай мэдээлэл шууд эрүүл мэндийн мониторингийн албанд очно.

Мэдээллийн мониторингийн алба шалгаж, хянаад ок гэдэг командыг Эрүүл мэндийн сан руу өгнө. Тус сан мэдээллийг авангуутаа эмчилгээнийх нь мөнгийг  үзүүлсэн тухайн эмнэлэг рүү шууд шилжүүлнэ. Энд ямар ч дамжлага байхгүй. Цаашид эрүүл мэндийн даатгал, эмчилгээ үйлчилгээ, улсын төсвийн санхүүжилт нь нэг худалдан авалт руу үе шаттайгаар шилжих юм. Даатгуулагчийн өмнөөс худалдан авалт хийнэ гэсэн үг.

-Тэгвэл иргэн сонгож үйлчлүүлэх ёстой эмнэлгийн нэр төрлийг яаж тогтоох вэ. Дуртай болгондоо очоод байх уу?

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын байгууллага хамтраад эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хүрээг тогтооно. Магадлан итгэмжлэл хийнэ гэсэн үг. Энэ эмнэлэг үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж үзвэл карт уншдаг машиныг нь олгоно. Ингээд үйлчлүүлэгч өөрийн сонголтоо хийхдээ тухайн эмнэлэг магадлан итгэмжлэгдсэн эсэх, цахим карт уншдаг машин байгаа эсэхээр сонголтоо хийнэ. Ийм магадлан итгэмжлэгдээд иргэний эрүүл мэндийн цахим карт уншдаг машинтай эмнэлгээс иргэн та сонголтоо хийж болно гэж ойлгож болно. Ингээд ирэхээр даатгуулагч өөрөө хаан, эзэн гэдгээ мэдэрч эхэлнэ.

Тэгээд ч эмчилгээ, үйлчилгээний чанар сайжирна, даатгуулагчаа татахын тулд тэд сайн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болно. Ингэхийн тулд орчноо, тоног төхөөрөмжөө сайжруулж, сайн эмч сувилагчаа барьж үлдэхийн тулд тэдний нийгмийн асуудлыг шийдэх, цалингаа нэмэх гээд нөгөө талдаа ч эерэг үзүүлэлт гарч байгаа биз. Зөвхөн даатгуулагч биш эмч, ажилтанд хүртэл ашигтай юм. Гадаадад хамгийн өндөр орлоготой хүмүүс нь эмч, сувилагч байдаг. Шалтгаан нь тогтолцоо нь сайн байдаг юм билээ.

-Хууль хэрэгжихэд нэлээд бэлтгэл ажил хэрэгтэй гэдгийг таны ярианаас анзаарлаа. Энэ хууль ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх бил үү?

Хуулийн бүрэн хэрэгжих хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 1. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа нь ирэх долдугаар сарын 1 гэж баталсан байгаа. Одоо бид 36 журам боловсруулж байна. Энэ хуулийг хэрэгжүүлнэ гэдэг маш нарийн. Цахим картыг яаж үйлдвэрлэх, хэрхэн түгээх, ашиглах гээд тусгай журмаар зохицуулагдана .Нарийн яривал хүний эрүүл мэнд, амь настай холбоотой хууль учраас бэлтгэл ажил гэдэг маш нарийн зүйл бий. Цахим карт, прогромм хангамжийн асуудлаар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Германы эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

-Та бүхний санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хууль нэг хэсэгтээ олны анхааралд байсан. Парламент дээр ч асуудал их үүссэн. Энэ төсөл юу болсон бэ?

Үндсэндээ хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хууль хаврын чуулганаар батлагдана. Ахмад настны нийгмийн хамгаалалд бодитой хувь нэмэр оруулахуйц хууль болно гэж үзэж байгаа.

-Өнгөрсөн жилийн өдийд л хэлэлцээд байсан биз дээ. Яагаад явдаггүй төсөл юм бэ?

Ардын нам барьцаалчихаад хөдөлгөхгүй байсан шүү дээ.

-Та намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо хэр ажиллав?

Баянгол дүүргийн 23 хороогоор явсан. С.Одонтуяа гишүүн бид хоёр хамт явж иргэд, сонгогчидтойгоо уулзсан. Өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайланг танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонссон. Олон хүнтэй үр дүнтэй уулзсан гэж болно.

-Сайдтай уулзсаных нэг зүйл тодруулъя. Сайд нь солигдсон олонх яамнаас төрийн албан хаагч халагдсан тухай гомдол Өргөдлийн байнгын хороонд олноор ирсэн гэсэн. Танай яам дээр ийм асуудал байна уу?

Манай яаманд улс төрийн намын харъяалал, эсвэл үзэл бодлоор нь ялгаварлан, хууль бусаар ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй.