Хөгжлийн шинэ гарц, бизнесийн шинэ орон зайгаа олж харцгаая
Монгол Улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхан
2015.04.02

Хөгжлийн шинэ гарц, бизнесийн шинэ орон зайгаа олж харцгаая

Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Төмөрлөг, машинт үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх талаар Монгол улс ямар хүчин чармайлт гаргаж ирсэн вэ?

Үндэсний хэл, хил,  аж үйлдвэр гэсэн тулгын гурван чулуун дээр тусгаар улс оршин тогтнох нийтлэг ойлголт, томъёолол, зүй тогтол дэлхий дахинаа байдаг бөгөөд  улс орныхоо төр, эдийн засаг,  оюун санааны тусгаар тогтнол, дархлаагаа бэхжүүлэх чиглэлээр бидний өвөг дээдэс, ахмад үеийнхэн зуун жилээр дамнан тэмцэн, зүтгэж ирсэн. Бидний ахмад үе улс орноо хөгжүүлэхийн тулд 5-н жилийн төлөвлөгөө гаргаж, Хөдөө аж ахуйн орноос Аж Үйлдвэр-Хөдөө Аж Ахуйн  орон болох зорилтоо дэвшүүлж, олон талт ажлыг зохион байгуулж ирсний үр дүнд эдийн засгын үр ашиг багатай ч олон механикжсан үйлдвэр, заводууд баригдаж, дотоодын хэрэгцээгээ хангахаар ажиллаж байсан саяхны түүхийг бид эргэн санах ёстой.

Социализмын материал техникийн бааз суурийг бэхжүүлэх  хөгжлийн оргил үе буюу 1980-1989 онуудад Монгол улс 30 000 мянга гаруй автотээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд тэр үед металлург, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбараа хөгжүүлэх зорилгоор  Сайд нарын зөвлөлийн дэргэд Металын Комисс байгуулан тухайн үеийн яамдуудын үйлдвэрлэл технологийн бодлого, зохицуулалтын асуудлыг нэгтгэн зангидаж ажиллаж байсан. Монгол улсын технократ бодлогыг хэрэгжүүлэх Металлын комисс нь суурь аж үйлдвэрийн салбарын төлөвлөлт, эдийн засгын үр ашгын тооцоолол, технологи сонголт, зохион бүтээлт,  машинт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг  хамаарч   байсан ба энэ ажлын үр дүнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, эрчим хүч, тээвэр,  хөнгөн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлдвэрлэлийн төвүүд олноор баригдсан.

-Монгол улсад өндөр технологын машинт үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж, ач холбогдлын талаар таны санаа бодлыг уншигчид хүргэх нь сонирхолтой байна, энэ талаар

Нийгмийн дотоод нөөц боломжийг бүрэн дүүрэн  шавхан ашиглах боломжтой зах зээлийн нийгэмд шилжсний үр дүнд Монголчуудын эдийн засгын хүчин чадал нь социализм байгуулахаар зүтгэж байсан үетэй харьцуулахад 20 дахин өсөн томорч зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэмжээ эрс өссөн.

Өнөөдрийн байдлаар Монгол улс  630,0 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй байгаа нь ойролцоогоор 6,3 тэрбум ам долларын багтаамжтай зах зээлийг аль хэдий бий болгожээ. Ган,  металь хийц, тоног төхөөрөмж, машин  механизмын үйлдвэрлэлийн үндсэн бааз суурьгүй Монголчуудын хувьд долларын ханшийг өсгөх хамгийн том импортын  худалдан авалт, гадагшлах чиглэлтэй валютын задгай урсгал  энэ салбарт бий болсныг анзаарч өндөр технологийн машинт үйлдвэржилтийн салбарыг хөгжүүлэх цаг нь болжээ.

2011, 2012, 2013 онуудын гааль, статистикын тоо баримтаас харахад Монгол улс жилд дундажаар 3,0 тэрбум долларын металь хийц тоног төхөөрөмж, бүх төрлийн машин механизм импортлон авсан нь манай улсын нийт импортын 60-70% хүрч байгаа ба энэ  гадагшлах чиглэлтэй асар их  мөнгөний урсгал дээр өндөр технологын кластерт орсон машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг үе шаттайгаар хөгжүүлэн босгох боломж байна.

Өнөөдөр барилгын салбарт 3,0 их наяад төгрөгний эргэлттэй 400-иад компани, 30,0 мянга гаруй ажиллагсад байгаа бөгөөд барилгын салбартай зэрэгцүүлэн төмөрлөг, машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөл дээр нь босгож чадвал Монголчуудын хувьд цоо шинэ бизнесийн орон зай, хөгжлийн шинэ гарц нээгдэх юм.

Өндөр технологын машинт үйлдвэрлэлийн салбарын мөнгөний эргэц нь барилгын болон бусад салбарын мөнгөний эргэцээс 5-8 дахин их байдаг бөгөөд мөнгөний эргэлтийн  өндөр хурдтай,   эдийн засгийн үр өгөөж сайтай энэ салбараа түлхүү хөгжүүлэх зорилтыг дэлхийн бүх улс орон дэвшүүлэн тавьж,  өрсөлдөн ажиллаж байгаа.

Улс орныхоо дотоод хэрэгцээ, зах зээлийн багтаамж дээрээ тулгуурлан үндэсний машинт үйлдвэрлэлийн салбараа бойжуулан хөгжүүлж, чадавхжуулж чадсан үед дэлхийн аж үйлдвэрийн салбарын интеграци рүү технологи,  деталь хийц, хоршин үйлдвэрлэлээр нэгдэж болно.

Дэлхийн машинт үйлдвэрлэлийн 56% нь Зүүн Хойд Ази, Ази тивд төвлөрч эхлээд байгаа түүхэн боломжит цаг үеийг маш сайн ашиглаж Монгол хүний оюун ухаан,  бүтээлч хөдөлмөр дээр түшиглэсэн хөгжлийн нүүдэл,  үндэсний сэргэн мандалтын алхамаа хийж эхлэх хэрэгтэй байна.

Машинт үйлдвэрлэлийн салбарын кластерт орсон үйлдвэрлэлийн компаниуд дээр төрөл бүрийн машин механизмын  деталь хийц, тоног төхөөрөмж үйлдвэрлэхээс гадна улс ардын аж ахуйд салбарт хэрэгцээтэй  мянга, мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх техник технологи, боловсон хүчний чадамж бүрдэх ач холбогдыг давхар ойлгох ёстой.

Хүнд аж үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар хөгжүүлэх ажлын хүрээнд политехникийн өндөр боловсрол, мэдлэг чадвар, туршлага хуримтлуулсан өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарын инженер техникийн ажилтнуудын чадамжин дээр тулгуурлан уул уурхайн салбарын бүтээгдэхүүний гарааны болон нарийвчлсан боловсруулалт хийх чадвартай боловсон хүчний фондыг  бий болох боломжтой.

Өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр Монголын нийгмийн баялаг үйлдвэрлэл, технологиор дамжин шударга хүртээмжтэй хувиарлагдаж, эрх тэгш, хангалуун амьдралтай бүтээлч дундаж давхаргын шинэ үе  жинхэнэ утгаар  төрж, улс үндэснийхээ эдийн засгийн түсгаар тогтнолыг  баталгаажуулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтойг ойлгох ёстой. 

-Нийтийн тээврийн салбарт технологийн болон үйлчилгээний шинэ стандарт бий болгож чадахуйц Евро-4 хөдөлгүүртэй экоавтобусны угсралт үйлдвэрлэл, борлуулалтын ажил ямар түвшинд явж байна вэ?

Автотээврийн хуулийн 9.4, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.1.4,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 сарын 15-р тогтоолоор баталсан  “Нийтийн тээврийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийн 6.1, 6.10-р  заалтуудыг үндэслэн,  Улаанбаатар хотын нийтийн тээвэрт экологийн өндөр шалгуур тавигдаж буй төр засгийн бодлого шийдвэрт нийцүүлэн Евро-4 хөдөлгүүртэй,  өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  үйлчлүүлэхэд тохиромжтой  шинэ технологын автобусны угсралт үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн.

Нийслэлийн нийтийн тээврийн паркын 70% нь ашиглалтын гүйлтийн норм дуусаж, насжилтаар хасагдах нөхцөл бүрдэж буй энэ үед Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркыг шинэчлэх зорилгоор 20 тэрбум төгрөгөнд багтаан автобус худалдан авах ажил явагдаж байгааг бүгд мэдэж байгаа.

Монголчууд та бидний хамтын хүчин чармайлт,  хөдөлмөр зүтгэл, татвараар бий болж байгаа төсвийн энэхүү худалдан авалтанд оролцохоор   манай  хамт олон банкнаас зээл авч шинэ технологын автобусны угсралт  үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлж байна.

Монгол  улсад өнөөдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчин нь шинэ технологи, хөрөнгө оруулалтын өндөр шалгууртай машинт үйлдвэрлэлийн салбар хөгжих боломжийг чагтлан хааж байгаагийн хамгийн тод илрэл нь манай хамт олны хэрэгжүүлж буй энэ төсөл  болоод байгаа ба  өдөрт 3 сая  гаруй төгрөгний  банкны  хүү төлж, хувийн хөрөнгө оруулалтаараа хохирч байгаа бизнесменүүдийн урам зоригийг мохоож байна.

Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх Монгол улсын нэн тэргүүн зэргийн зорилт болон Ажилтай Орлоготой, Мэдлэг ур чадвартай Монгол хүний эгнээг өргөжүүлэх нийгмийн шаардлага, хүлээлтийг харгалзан,  мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих өнөөдрийн хууль эрх зүйн гаргалгаан дээр түшиглэн бүтээлч Монголчуудаа дэмжих  улс төрийн эр зориг гарган  ажиллана гэдэгт итгэж  байна.

–Цаашдаа бид яаж хөгжих ёстой вэ?

Шийдлийн Засгын газар гарч ирснээрээ Монгол улсад анх удаа Аж Үйлдвэрийн Яам байгуулагдаж хөгжлийн шинэ бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа ба шинэ яамнаас өргөн барьж байгаа үйлдвэржилтийг дэмжих хууль эрх зүйн актуудыг УИХурал, Засгийн Газар хурдтай дэмжих байх гэдэгт итгэж байна.

Монгол улсыг борлуулалтын зах зээл, түүхий эдийн хямд эх үүсвэр гэдэг өнцгөөс харж байгаа гаднын улс орнуудын лоббинд автахгүйгээр үндэсний язгуур эрх ашгаа дээдлэн суурь аж үйлдвэрийн салбараа босгож ирэхэд Монгол хүн бүр зүтгэх ёстой.

Төр засгийн цаг үеэ олсон оновчтой бодлого, зохицуулалтын үр дүнд мал аж ахуй, газар тариалан, барилга, хөнгөн аж үйлдвэр гэх мэт салбарууд  тодорхой татаас, бизнесийн тааламжтай орчинд үйл ажиллагаа  нь тогтворжиж ирсэн бөгөөд  хөгжлийн цоо шинэ салбар болох өндөр технологийн кластерт орсон машинт үйлвдэрлэлийн салбараа хөгжүүлэхэд:

  1. Хууль эрх зүй, бизнесийн орчинг бүрдүүлэх
  2. Зах зээл дээрх хамгийн том худалдан авагчийн хувьд ч тэр,  бусад хөгжсөн улс  орны туршлагыг харсан ч тэр,  төр худалдан авалтаар технологийн компаниудаа хөл дээр нь босгох
  3. Энэ салбар луу гадаад дотоодын хөрөнгө оруулагчидыг  орох итгэл үнэмшлийг төрүүлэх шаардлагатай байна.  

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хамгаалах дэмжих бодлого, үйл ажиллагаагаа төр засгийн байгууллагууд  хурдтай,  хүчтэй,  эр зоригтой явуулах юм бол өндөр технологийн машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбар луу мянга мянган бүтээлч иргэд ороход бэлэн, дохио хүлээгээд,  биднийг хараад сууж байна.