О.Баасанхүү:Амиа алдсан дөрвөн настай охины асуудлаар ярилцана
Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийн албан өрөөндөө урьж, уулзалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Ямар учраас хүлээн авч уулзах гэж байгаа талаар түүнээс зарим зүйлийг тодруулахад
“ЦЕГ-ын дарга Р.Чингисийг өрөөндөө урьж байна. Цаг үеийн олон асуудлаар санал солилцохын хажуугаар, иргэдээс ирж буй өргөдөл гомдлыг танилцуулж анхаарч ажиллахыг санал болгох төлөвлөгөөтэй байна. Жишээлбэл, сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байна. Тиймээс сургууль орох, тарах үед замын цагдаагаа дайчлах боломж байгаа эсэхийг асууя.
Хоёрдугаар эцгийнхээ гарт амиа алдсан гэх дөрвөн настай охины асуудлаар чухалчилмаар байна. Учир нь олон нийт энэ охины хэрэгт гадны нөлөө орох вий гэхээс эмээж байна. Тиймээс цагдаагийн даргыг өөрийн биеэр энэ хэрэгт анхаарал хандуулж, хөндлөнгөөс ямар нэг нөлөө үзүүлэхэв дээ гэдэг дээр анхаарал хандуулахыг хүсэх гэсэн юм. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг цэгцэлж, хуучин Засгийн газрын мөрийн хөтөлбөр үргэлжилж байгаа бол үүний дагуу гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөдөлж байгаа эсэхийг тодруулж, цагийн үеийн асуудлаар ярилцахыг зорьж байна” гэв.