Баянзүрх дүүргийн 19 хороо Иргэний танхимтай боллоо
Баянзүрх дүүрэг 19-р хороо
2015.03.13

Баянзүрх дүүргийн 19 хороо Иргэний танхимтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болон төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан ажлын нэг нь хороодод Иргэний танхим байгуулах юм.

Баянзүрх дүүргийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны морин цагт нийт 19 хороонд 19 Иргэний танхим нээгдэж, төр иргэнийг холбосон гүүр тавигдлаа. Хороонд Иргэний танхим байгуулагдсанаар төр иргэний түншлэлийг хөгжүүлэх, танхимыг шийдвэр гаргах түвшин дэх иргэний оролцооны мэргэшсэн төрийн байгууллага болгон төлөвшүүлэх, танхимын үйл ажиллагааны үр нөлөөтэй тогтвортой байдлыг бэхжүүлэх, дотоод чадавхийг дээшлүүлэх,орон нутаг ттүгээн дэлгэрүүлэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах цар хүрээг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үзүүлэлт бий болж байгааг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү хэлсэн үгэндээ онцолсон.

Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2013 оны 09 дүгээр сард хуралдсан 8 дугаар хуралдаанаараа төлөөлөгчдийн урамшууллаасаа татгалзах шийдвэрт санал нэгдсэн байдаг. Ингэснээр 2014 оны хагас, 2015 оны бүтэн урамшууллын төсвөөр дүүргийн 28 хороонд Иргэний танхим байгуулахаар санал нэгдэн уг ажлыг эхлүүлсэнээр эхний ээлжинд ийнхүү  19 “Иргэний танхим” нээлтээ хийсэн байна. Нэг хороонд дунджаар 20 гаруй сая төгрөгийн засварын болоод, тохижилтын ажил хийгдсэн бөгөөд шинэхэн Иргэний танхимуудад иргэдийнхээ дунд цаашид хэлэлцүүлэх ажлын эрэмбэ авах санаачилгыг эхлүүлжээ. 

Билэгт сайн өдрийг товлон хийсэн уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Баттогтох нар 16 дугаар хорооны Иргэний танхимын нээлтэд, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, орлогч дарга С.Гантулга нар наймдугаар хорооны Иргэний танхимын нээлтэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан, Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар 13 дугаар хорооны Иргэний танхимын нээлтэд оролцсон байна.