2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.03.11

2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.03.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж буйгаа танилцуулаад манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол Улсыг залуучуудын орон болсныг илтгэж байна гэлээ.

Мөн 2013 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтаж байна. Иймд “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийг Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна гэв.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Азийн Залуучуудын Зөвлөлийн 16 дугаар ерөнхий чуулганыг “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй авах, тусламж үйлчилгээ авах эрүүл мэндийн байгууллага, эмчээ өөрөө сонгох, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоосон зэргийг танилцууллаа. Мөн тэрээр мэдээллийн төгсгөлд тэтгэврийн шинэчлэл болон тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулаад сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө