Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай далан худалчийн үлгэрээс
Монголын төрийн бодлогод жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн далан худалчийн үлгэр байдаг. Хэдэн зуун тэрбумаар нь мөнгө цутгасан ч элсэнд ус асгасантай адил алга болчихдог нь хачирхалтай. 20 орчим жилийн түүхтэй жижиг дундыг хөгжүүлсэн паянг өгүүлье.
Анх 2005 онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр” батлагдсанаар жижиг наймаачдыг дунд гарын болгох, дунд гарын наймаачдыг том бизнесмен болгох аян өрнөсөн. Хоёр жилийн дараа хууль нь батлагдсан. Олон тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл хэмээх цоорхой хувинд юүлж эхэлжээ. 2009-2011 онд нийтдээ 260,8 тэрбум ЖДҮ-ийг дэмжих санд бүрдүүлж 5012 төсөлд хөнгөлөлттэй зээл болон санхүүгийн түрээс байдлаар олгожээ. Үүний үр дүнд 21000 гаруй ажлын байр цоо шинээр бий болж, 15396 ажлын байр дампууралгүй хадгалагдаж, 1109 үйлдвэр байгуулагдаж, 3804 үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчилсэн гэсэн мэдээг тэр үеийн Жижиг дунд үйлдвэрийн газраас өгч байв. Дээрээс нь “Сум хөгжүүлэх сан” гэдгийг бий болгож 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлийг 21 аймгийн 330 сумдад зүгээр л тараагаад өгчихсөн. Дараа жил уг санд дахин 24 тэрбумыг нэмж өгөв.
Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр энэ чиглэлд улам ч их мөнгө цутгах болов. 2013-2014 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 180,7 тэрбум төгрөгийн зээлийг 1013 төсөлд олгосноор, 10437 шинэ ажлын байр бий боллоо гэжээ. Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслөөр 4,2 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт ирж байсан. Эрх баригчид үзэхдээ энэ төслийг дагаж 55 сарын дотор 40 мянган ажлын байр бий болно гэж үзсэн. Чингис бондын хөрөнгөнөөс 100 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаар байршуулан үйлдвэрлэгчдэд зээл олгосон. Мөн 2014 оны эцэс гэхэд зээлийн батлан даалтын сангаас 18 тэрбум төгрөгийн батлан даалтыг хийсэн байна.
2013 оноос Төсвийн хууль шинэчлэгдэж орон нутгийн захиргаа бие даасан төсөвтэй болсон. Үүнийг дагаад орон нутгийг хөгжүүлэх сан хэмээх төсөл чононд хонь хадгалуулсан төсөл бий боллоо. Сангийн мөнгөний хэмжээ мөн л хэдэн зуун тэрбумаар яригдана. Орон нутгийг хөгжүүлэх нэрийн дор хамгийн их идэж уудаг хүмүүс нь Засаг дарга нар. Хамаатан садан, найз нөхдөө өрөөндөө дуудаж авчраад болсон болоогүй төсөл бичүүлдэг. Өөрсдөө болохоор том том дэлгүүр бариад л, жип унаад л. Ийм юмнаас мэдээж үр дүн гарахгүй.
Авлигатай тэмцэх газар 2013 оноос эхлэн бүх аймгийг тойрж Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой судалгааг хийжээ. Нийт 123 сумаар явсны 90 хувьд нь гарт баригдах ямар ч ажил байсангүй. Харин найр наадам болохоор өчнөөн саяар нь зарцуулдаг гэнэ. Уг нь хуулиараа сум 5 сая, аймаг 10 саяд багтааж наадамдах ёстой ч бараг бүгд давуулсан төсөвтэй гарчээ. Сумдууд бөөн бөөнөөрөө ойгоо тэмдэглэсэн өнгөрсөн зун наадмын төсөв бүр ч талийж өгсөн. Наадмын байнд зориулж хилээр оруулж ирсэн машины үнэ хэдэн арван тэрбумт хүрсэн тухай ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Орон нутагт байдал ийм байгааг УИХ, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Тамгын газарт удаа дараа танилцуулдаг ч нүдэн балай чихэн дүлий. Байж байж өнгөрсөн оны сүүлээр Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулалтад Үндэсний аудитын газар шалгалт хийжээ. Эндээс нийт хөрөнгийн 30 хувийг ямар ч үр ашиггүй зарцуулсан гэсэн тооцоо гарчээ.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрүүдийг дурьдвал:
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
- Зээлийн батлан даалтын дан
- Чингис бонд
- Орон нутгийн хөгжлийн сан
- Сум хөгжүүлэх сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
АТГ-ын хэлтсийн дарга Б.Бат-Отгон: Ямар ч үр дүн тооцоогүй, судалгаа хийгээгүй байхад нь Орон нутгийг хөгжүүлэх санд нэмээд л мөнгө өгөөд байдаг.
Тэд эдийг иджээ гэсэн тооцоо гарах нэг өөр. Харин хариуцлага тооцно гэдэг тэс өөр хэрэг бөгөөд Монголчуудын хамгийн хийж чаддаггүй, эсвэл хийхийг хүсдэггүй ажил. Ер нь монголын төр ажил хийхээсээ өмнө судлах ёстой, хийсэн хойноо хянах ёстой гэдгээ мэддэггүй.
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого байгаа онодоггүй, хэдхэн том компаний охин компаниудыг тэтгээд өнгөрдөг гэдэгтэй олонхи судлаачид санал нийлдэг. Уг нь өдий 20-иод жилийн хугацаанд ийм их хөрөнгө хүч зарцуулсан байхад жижиг нь дунд болж, дундах нь томорч, тэр байтугай гадны зах зээлд гарах цаг нь болсон баймаар. Гэтэл шударгаар хөдөлмөрлөсөн үйлдвэрлэгчид биш улс төрийн аргаар баяжсан хэдхэн нөхдүүд томроод байдаг нь нууц биш.
Жижиг дундыг дэмжих төслийн тайлан болгонд тэдэн мянган ажлын байр шинээр нэмэгджээ гэж бичдэг. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн оны эцэст гаргасан мэдээлэл ам ажил хоёр хэрхэн зөрдгийг харуулж байна.
Манай улс 70 мянган аж ахуйн нэгжтэй хэмээн төр засаг, хувийн хэвшлийн төлөөллүүд ярьдаг ч 54 337 ААН байна гэсэн тоо гарчээ. Гэхдээ тайлант хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн ердөө 10 838 аж ахуйн нэгж тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 40 мянга орчим компани үйл ажиллагаагаа зогсоосон буюу татан буугдсан, эсвэл “X" тайлан ирүүлсэн аж. Тэдгээрийн дотор байгуулагдсан цагаасаа хойш огт үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага 5571 байдаг бол “X” тайлангаа явуулж байгаа аж ахуйн нэгж 19 400 байдаг гэвэл та итгэх үү.
Өөр нэг сонирхолтой баримт бол, дээрх “X” тайлан “гаргагсад“-ын 10 мянга гаруй нь 2012 оноос өмнө, 3500 орчим нь 2012, 2013 онд байгуулагдсан аж. Харин 2014 онд 1800 ААН шинээр байгуулагдсан ч огт ажиллаагүй. Энэ маягаар сүүлийн гурван жилд мянга, мянгаараа аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, “X” тайлан “өгөгсөд”-ийн эгнээнд шилжиж байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлого хэмээн нэрлэгддэг далан худалчийн үлгэрт гардаг паянг өгүүлэхэд иймэрхүү л дүр зураг гарч байна.