Авлигад идүүлсэн газрын салбар
Монгол бизнесийн зөвлөлийн сарын ээлжит тайлан хурал боллоо.
2015.03.04

Авлигад идүүлсэн газрын салбар

Монгол бизнесийн зөвлөлийн сарын ээлжит тайлан хурал боллоо.

Монголын эдийн засгийн өсөлтөд саад болж буй хууль тогтоомж, бодлого болон үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэхийн төлөө, Монголын эдийн засаг дахь хөрөнгө оруулагчдын үзэл санааг олон нийтэд төлөөлөх, түгээхийн төлөө ажилладаг тус байгууллагад Европын сэргээн босгол хөгжлийн банк, Монос групп, New media тэргүүтэй таван компани гишүүнээр элслээ.

Түүнчлэн хурлаар яригдсан нэг зүйл нь монголд авлигын түвшин хэр байгаа талаар ярилцлаа. Сант-марал төвөөс гаргасан өнгөрсөн оны судалгаагаар газартай холбоотой авлига бусад салбараас хамаагүй илүү гэсэн дүн гарчээ.

Монгол улсын хувьд шийдэгдээгүй хамгийн том асуудал нь авлигал гэж хуралд оролцогсод хэлж байлаа. Түүнчлэн  тав дах жилдээ зохиогдож буй “Coal Mongolia 2015” үзэсгэлэн яармаг ирэх дөрвөн сарын 9-10 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ “Энэ удаагийн яармагаар нүүрсний зах зээлд хөрөнгө оруулагчидыг татах нь хамгийн чухал. Яармагт нүүрсний салбартай холбоотой бүх яамдууд компаниуд оролцоно. Түүнчлэн оролцож буй зочид, төлөөлөгчдийг гурван уурхайтай танилцуулах аялал зохион байгуулна” гэдгийг хэллээ.

Бас  энэ сарын 23-25 оны өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдах “Экспо монгол” буюу уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн олон улсын хурал, үзэсгэлэн яармагийг зохион байгуулагдах гэж байна.  Монголын бизнесийн зөвлөл тус арга хэмжээнд  хамтран ажиллах аж.

Энэ үеэр тус яармагийг зохион байгуулагч "JV Consult" компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

-Энэ удаагийн яармаг бусад ижил төрлийн арга хэмжээнүүдээс юугаараа онцлог болгох вэ ?

Уг арга хэмжээг Германы эдийн засаг хөгжлийн яамны хөрөнгө оруулалтаар зохион байгуулж байна. Яармагт Бельги, Австри, Герман, ОХУ, Сингапур, Чех, Итали зэрэг нийт долоон улсын тавь гаруй өөрсдийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг танилцуулж оролцоно. Хурлын гол чиг нь уул уурхай болон түүнтэй дагалдах салбарууд руу хандана.

-Монголоос ямар компаниуд оролцох вэ ?

Монгол талаас уул уурхайн компаниуд оролцоно. Гэхдээ хямралын үе давхацсан учраас олон компаниуд оролцож чадахгүй.  Өмнө нь 2013 онд “Future Mongolia”-г зохион байгуулахад 100 гаруй компани оролцож байснаас 40 гаруй нь монгол талынх байсан. Гэхдээ яармагт арав гаруй аж ахуй нэгж оролцоно.

-Мэдээж яармагийн гол зорилго нь хөрөнгийн урсгалыг монгол руу чиглүүлэх. Ер нь хөрөнгө оруулалт дотоодын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ ?

Үндсэн хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засгийн өсөлтөд мэдээж нөлөөлнө. Өөрөөр хэлбэл яармагт оролцогчдыг монголд хөрөнгө оруулахад нь холбох гүүр болж байгаа юм. Үзэсгэлэнд оролцогчдын ихэнх дотоодын салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс бий. Мэдээж судалгаа хийсний дүнд компаниудтай сонгох боломжтой юм.

-Зохион байгуулагч компанийн тухайд ?

Planetfair болон JV consult гэсэн хоёр компани хамтран зохион байгуулна. Дэлхийн хэмжээнд жилд 25 хүртэлх үзэсгэлэн яармагийн зохион байгуулдаг арвин туршлагатай. Монголд 2010 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй олон улсын компани.

Түүнчлэн хурлын үеэр Оюутолгой, Тавантолгойн асуудлууд нэг мөр  шийдэгдэхгүй байгаа нь монголын эдийн засагт нөлөөлж байгааг хэллээ.Хэрвээ эдгээр асуудлууд шийдэгдвэл эдийн засаг тогтворжож эхлэнэ гэв.