Мэдэгдэл
МҮЭ-ийн холбоо
2015.03.03

Мэдэгдэл

Монгол Улсын засгийн газарт  

Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хандсан

Мэдэгдэл

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөрийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2015 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар боловсруулаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд хандан энэхүү Мэдэгдлийг гаргаж байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа нийгмийн зөвшлийн гурван тал зөвшилцөн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалын талаарх хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-т тохирсон нэгдсэн байр суурь, зарчмаас зарим талаар ухарч улс, нийслэл, аймаг, сум, дүүргийн түвшинд гурван талт хэлэлцээр байгуулах, салбарын хэлэлцээрт төрийн захиргааны байгууллагуудын оролцоог хязгаарлах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэнд ҮЭ-ийн зүгээс тавих олон нийтийн хяналтын эрхийг үгүйсгэх, төслийн зарим бүлэг зүйлд ажилтны хөдөлмөрлөх эрхийн хамгаалалтыг өмнө хүрсэн түвшингээс дордуулах хандлага гаргаж байгааг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурал эрс буруушааж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин нухацтай авч үзэж МҮЭ-үүдээс баримталж буй байр суурь саналын зөрүүтэй асуудлуудыг харгалзан үзэхгүйгээр Засгийн газрын зүгээс хуулийн төслийг УИХ-ын 2015 оны хаврын чуулганд оруулахаар хэт яаравчлах нөхцөлд МҮЭ-үүд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг хийхдээ “Гурван талын харилцан ойлголцлын баримт бичиг”-т  тохирсон зарчмын дагуу хуулийн шинэчлэлийг өмнө хүрсэн түвшингээс дордуулахгүй байх, хөдөлмөрийн харилцааны шинэ төрөл хэлбэр эдгээртэй холбогдсон хуулийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох, талуудын санал зөрүүтэй асуудлыг зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэж байх зарчмыг тууштай баримтлан ажиллахыг талуудад дахин санал болгож байна.  

МҮЭ-ийн холбоо нь Зохистой хөдөлмөрийн олон улсын үзэл баримтлалд нийцүүлэн хөдөлмөрийн харилцаанд тогтвортой байдлыг хангах, хөдөлмөрийг хүмүүнлэг болгоход чиглэсэн, иргэдийн хөдөлмөрлөх эрх өнөөгийнхөөс улам баталгаажсан, хөдөлмөрийн удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн бүх шатны байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгосон байдлаар хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг хийхийн төлөө нийгмийн зөвшлийн талуудтай тууштай хамтран ажиллахаа мэдэгдэж байна.   

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН

VII ХУРАЛ