Шаардлага
Монгол Улсын Засгийн газарт
Шаардлага
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурал 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдаж улс орны улс төр нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн хүрээний тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцээд Монгол Улсын Засгийн газарт дараах асуудлаар шаардлага хүргүүлж байна.
1.Эдийн засгийн хямралын үед хамтран ажиллах Санамж бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж иргэдийн ажлын байрыг хамгаалах, бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2.Хамтарсан засгийн газар байгуулагдсан нэрийн дор төрийн албанд ажиллагчдыг намын харъяалал, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал газар авч төрийн мэргэшсэн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаа зохисгүй үзэгдлийг нэн даруй таслан зогсоох.
3.Зарим төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож саад учруулж байгааг зогсоох.
4.Иргэдийн мөнгөн орлогыг хамгаалахын тулд Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх тухай, Үнэ бүрдэлтийн тухай хуулиудыг Засгийн газраас УИХ-д яаралтай өргөн барих.
5.Иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны түвшин доогуур байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн салбарын хувьчлалыг хэт яаравчлан хийхгүй байх, МҮЭ-ийн холбоо, холбогдох салбарын ҮЭ-ийн холбоодын санал дүгнэлтийг авч хамтран ажиллах.
6.Нийгэмд ядуурал, орлогын тэгш бус хуваарилалт гүнзгийрч байгаа өнөөгийн нөхцөлд Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар бодитой санал санаачлага гаргаж нийгмийн зөвшилцлийн талуудтай хамтран ажиллах.
7.”Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах.
Энэхүү шаардлагын хариуг 2015 оны 03 дугаар сарын 20-ны дотор МҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдэж байна.