Компанийн засаглал гэдэг чинь малчны хотонд байна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа орон нутгийн анхны томилолтоо уугуул Дорнод аймаг, тэр тусмаа өөрийн мэндэлсэн Баян-Уул сумаас эхлэлээ.
Билгийн тооллоор хаврын эхэн сар гарахаас өмнө манай улс “Сайн малчин”-аа шалгаруулдаг уламжлалтай. Анх 1960-аад оны үеэс “Улсын аварга малчин” шалгаруулдаг байсан бол зах зээлд шилжиж мал хувьд гарсан үеэс эхлэн дээрх цолыг “Сайн малчин” болгон өөрчилсөн байдаг.
Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 53 хүн улсын сайн малчин болжээ. Үүнээс дөрөв нь Дорнод нутгийнх. Тиймээс Засгийн газрын гишүүн Р.Бурмаа шагналыг малчдын гэрт, малынх нь хотонд аваачиж гардуулах үүрэг хүлээсэн нь энэ. Ная гаруй болзол хангаж байж “Улсын сайн малчин" шагналын эзэн болдог гэдэг утгаараа дуртай аавын хүү аваад энгэртээ зүүчих шагнал биш байх. Тиймээс төр малчдадаа хүндэтгэл үзүүлж өргөө гэрт нь зочилдог уламжлалтай.
Дорнодод өнтэй сайхан өвөл болж байгааг хэлэх үү, аль ч суманд очсон нутгийн зон олон нь нутгаасаа төрсөн сайдаа амжилт бүтээлээр дүүрэн, сэтгэл өөдрөг угтан авч байлаа. Үүнээс гадна тус аймагт нэг жилд дөрвөн “Сайн малчин” шалгарч байсан тохиолдол байхгүй юм билээ. “Сайн малчин” цолын эздээр Баян-Уул сумын малчин Б.Батболд, Сэргэлэн сумын IV багийн малчин Ч.Гаалиа, Чойбалсан сумын II багийн малчин Б.Алтангэрэл, Булган сумын IV багийн малчин Г.Оюунсүрэн нар тодорчээ.
Сайд зөвхөн улсын сайн малчны шагналыг гардуулаад зогсоогүй, үхэр сүргийнхээ тоо толгойг нэмж өнгөрсөн жилд 100 гаруй тугал бойжуулж “Алтан төл"-ийн эзэн болсон Баян-Уул сумын III багийн малчин Б.Мөнхжаргалынд зочилж шагналыг нь гардуулав. Мөн Өүлэн эх мэндэлсэн гэгддэг энэ сумаас Монгол Улсын, гурван сая дахь иргэний чацуутан төржээ. Тиймээс бяцхан хүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлгийг гардуулж төрийн тэргүүний хайрласан Тэмүгэ нэрийг баруун чихэнд нь шивнэсэн. Хаврын сар эхлэх гэж байхад Дорнодын тал өвдгөөр татсан их өвстэй байв.
Тэгсэн хэр нь малчид их хэмжээний хадпан хадаад хашаандаа буулгасан байх аж. “Ийм их өвстэй газар хадлан хадах шаардлага байдаг юм байх даа. Энэ их өвсийг мал барах болов уу” гэдэг асуулт ургалаа. Харин ХХААЯ-ны Мал аж ахуйн бодпогын газрын ахлах мэрэгжилтэн Б.Биньеэ “Хавар цас их орох, шуурах гээд эрсдэл мундахгүй. Тэгээд ч намар хадсан өвс илүү шимтэй” гэдгийг тайлбарлав. Дорнод аймаг газар тариалан голдуу эрхэлдэг байснаас ч юм уу малын тоогоороо зүүн аймгууд дундаа сүүл мушгидаг гэхэд болно.
Гэхдээ энд тоо биш чанарыг эрхэмлэдэг нь анзаарагдсан. Тухайлбал улсын сайн малчдын л гэхэд таван хошуу мал бүгд урдаа “сэтэртэй". Үзэмчин үүлдрийн илүү нугаламтай хонь, галшарын азарга, казахын цагаан толгойт үхэр гэх мэт. Сүүлийн жилүүдэд тэмээний тоо толгой буурч байгаатай холбоотой Засгийн газраас “Тэмээ" дэд хөтөлбөр зарлаад байгаа. Энэ хөтөлбөрийг дэмжиж Улсын сайн малчин Ч.Гаалиа тэмээний үүлдрийг сайжруулах зорилгоор говиос ат авчирч үүлдрээ сайжруулжээ.
Тэдний мал гэрийнхээ урдуур ёстой л “зулсан" юм шиг налайж харагдсан. Тэмээ сүрлэг томыг хэлэх үү, зуу гаруй тэмээг нэг дор харах сүрдмээр юм билээ.Ер нь малчдын аж төрж байгаа байдал, гэртээ зүүсэн байгаа одон медаль, шагналыг харахад л юу хийж бүтээсэн гэдгийг асуултгүй ойлгоно. Эдэлж хэрэглэх нь ч хотынхноос дутах юмгүй.
Гэрэл цахилгаан, телефон утас, зурагт радиогоос эхлээд бүх юм бий. Хотынхонд байхгүй амар амгалан, эрүүл орчин гээд харин ч илүү юм ихтэй. Зарим айл гэрийн дотор хөшгөө битүү хивсээр бүрж бараг л гаднаас нь хивсээр дулаалахаас наагуур харагдсан. Хотод ч юмуу аймгийн аль нэг даргынх тийм байвал хардаж сэрдээд бөөн юм болмоор. Гэвч малчдын нөр их хөдөлмөр, малынх нь буян хишгийн дэргэд эд хогшил юу ч биш санагдсанаа нуух юун.
Улсын сайн малчин Ч.Гаалиа залуу малчдад хандан “Цөөн хэдэн малтай болоод мотоцикль, машин авах гэж битгий яар. Эхлээд малаа өсгөж эдийн засгийн эргэлтэд оруул. Тэгсний дараа юу хүссэнээ худалдан авах боломж байдаг юм шүү" гэж сургаж байсан. Хүмүүс компанийн захирлуудыг том жийп хөлөглөсөн, ихэмсэг хүний дүрээр төсөөлөөд сурчихсан.
Хөдөөд тэгвэл монгол уламжлал ахуйгаа хадгалж үлдсэн, хүний өөрийн гэлтгүй залуусыг ажлын байраар хангадаг компанийн захирал олон. Малжуулах хөтөлбөрт хамрагдаж ажилгүй, орлого багатай залуу өрхийг малжуулна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 850 малаа бусдад өгсөн малчин байна. Хавар мал төллөх үеэр нэг сар ажиллаад хурга ишиг нийлсэн 50 төл өгдөг гэнэ. Хөдөлмөрч малч залууст сайхан боломж.
Сард 300 мянган төгрөгийн цалин өгдөг, нийгмийн даатгалыг нь төлдөг гээд нийгмийн хариуцлага, компанийн засаглал гэдэг чинь малчны хотонд нутагшчихсан байна. Дорнод аймгаас төрсөн улсын сайн малчид тэдний энгийн төрх. Тэдний ард хөдөлмөрч гэргий нар нь бий. Эмэгтэйчүүд ойр хавийнхантайгаа нийлж сүү саалиа боловсруулна.
Жишээ нь Г.Оюунсүрэнгийн эхнэр Х.Өнөрцэцэг “Улсын сайн малчин Г.Оюунсүрэнгийнх үйлдвэрлэв” гэсэн шошготой шар тос, ааруул үйлдвэрлэж байна. Хэрвээ тэдний шар тосноос элдэв хольц гарвал улсын сайн малчны нэр сэвтэнэ. Тэгэхээр өөрийн нэрээ зоригтойгоор “чанарын гэрчилгээ" болгож байгаа хэрэг. Энэ брэнд биш гэж үү. Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж'байгаа. Үндэсний үйлдвэрлэгч гэхээр хэдхэн том компанийн нэр санаанд буудаг. Гэтэл хөдөөгийн малчин өрх бүр үйлдвэрлэгч болжээ.
ХХАА-н сайд Р.Бурмаа Дорнодоос буцаж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Д.Очирпүрэвийн Сайн малчны шагналыг гардуулсан.Хөдөө амьдрал байна, хийх ажил ч байна. Үүнийг ч иргэд мэдрээд эхэлж, зөвхөн өнгөрсөн онд гэхэд 4400 өрх хөдөө орон нутаг руу шилжсэн гэнэ лээ.