“Ард түмэн та-хаан" зүүн бүсийн форумыг Дорнод аймагт зохион байгууллаа
“Ард түмэн та-хаан" зүүн бүсийн форум
2014.10.03

“Ард түмэн та-хаан" зүүн бүсийн форумыг Дорнод аймагт зохион байгууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба хамтран Монгол улсын Шадар сайдын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “АРД ТҮМЭНТА-ХААН” зүүн бүсийн форумыг “Шилэн тендер” сэдвийн дор 2014 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн төв, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албад болон аймгийн 300 гаруй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож орон нутгийн түвшинд төрөөс үзүүлж буй үйлчилгээний талаар санал хүсэлтээ гаргаж холбогдох агентлаг, хэлтэс, албадаас зохих мэдээлэл зөвлөгөө авлаа.

Энэхүү форумын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас Дорнод аймгийн сумдын төрийн захиргааны байгууллагын 70 орчим албан хаагчдад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах суурь мэдлэг олгох” сургалт, ХААГ-ын Цахим худалдан авах ажиллагааны хэлтсээс Дорнод аймгийн 22 аж ахуйн нэгж, байгууллагуудад “Цахим худалдан авах ажиллагаанд амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг тус тус үнэ төлбөргүйгээр зохион байгууллаа.

Форумын үеэр Аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас 2013-2014 онуудад зохион байгуулсан тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, Онцгой байдлын хэлтсээс салбарын үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэн арга хэмжээг тус тус зохион байгуулж иргэд олон нийтэд мэдээлэл хүргэсэн.