“Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэний Танхим, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран "Баянголд үйлдвэрлэв-4 “Цагаан сар 2015 үзэсгэлэн худалдаа" -г 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар сарын 17-ныг дуустал нийт 15 хоногийн хугацаанд 3,4 –р хорооллын эцэст Оргил худалдааны төвийн баруун талд “LION TOWER”-т зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, дэд дарга Т.Сэр-Од, Засаг дарга Д.Оросоо, Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга П. Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Үзэсгэлэн худалдаанд уламжлалт гар урлал, арьс ширэн бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйл болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус дүүргийн 100 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.
Дашрамд дуулгахад “Баянголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Баянгол дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд дөрөв дэх жилийн үзэсгэлэн худалдаа нь өнөөдрөөс эхлэж байна. Энэхүү арга хэмжээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг, худалдан авагчид нь зорьж очин үйлчлүүлдэг нэр хүнд бүхий тогтмолжсон ажил болж чаджээ.