Х.Баттулга: Бодит зүйлийг ярихгүй бол  хямрал гэдэг тоглоом байнга л явагдана
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.01.26

Х.Баттулга: Бодит зүйлийг ярихгүй бол хямрал гэдэг тоглоом байнга л явагдана

УИХ-ын гишүүн Х.Баттулгаас төсөвтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Улс төрийн намуудын суудлын мөнгийг хэмнэ гээд байна. Тийм зориг гаргах боломж бий юу?

Сайн ярилцаад олонхи нь л шийдэх ёстой байх.

-Хэмнэлтийг дээрээсээ хийе гэж байна. Жишээ нь та гишүүний мөнгөнөөсөө татгалзаж чадах уу?

Би өөр бодолтой байдаг. Ийм эдийн засагтай орон юу ч үйлдвэрлэдэггүй, түүхийгээр нь нүүрс зарж тэр нь нийт эдийн засгийнх нь 80 хувь болдгийг хэлээд байна. Шууд хэлбэл 2000 оноос хойш ажилласан бүх Засгийн газар зохион байгуулалттайгаар ийм байдал руу оруулсан.

-Бүх зүйл цаанаасаа төлөвлөгөөтэй гэсэн үг үү?

Хямрал болгочихож байгаа юм. Усанд живж байгаа хүн бургаснаас зуурдаг шиг нэг зохион байгуулалттай асуудал орж ирнэ. Ийм баян, олон сая мал, газар нутагтай орныг хямруулж байнаа гэдэг 2000 оноос хойш улсыг удирдаж явсан хүмүүстэй холбоотой. Одоо хариуцлагыг нь хүлээлгэх л хэрэгтэй. Хариуцлага тооцохоо больчихсон л доо. Н.Алтанхуягтай энэ Засгийн газар хариуцлага тооцох л хэрэгтэй шүү дээ.

-Өр нэмж тавихгүй л бол асуудал хүнд байгаа юм биш үү?

Өрөө төлөхгүй яадаг билээ. Зузаараад л байна. Сүүлд нь дампуурал болно гэж айлгаж байгаад л бүхнийг шийдчихнэ. Ер нь нэг хөл дээрээ зогсч байгаа юм шиг ийм эдийн засаг унахад бэлэн. Аливааг үйлдвэрлэдэггүй, эдийн засгийн чадамжгүй орон дампуурахад хамгийн амархан. Өнөөдөр үйлдвэржилт яагаад явдаггүй вэ гэвэл түүнийг сонирхож, бодож байгаа хүн алга.

Сонгууль болохоор ярьдаг, тэгээд мартдаг. Яг энэ асуудлаар ихээхэн судалгаа хийсэн, дэмжигддэггүй. Сая Н.Алтанхуяг огцорч байж, Ч.Сайханбилэг нь гарч байж үйлдвэржилтийн талаарх танилцуулгыг анх удаа хийж байгаа юм. Хэвлэл мэдээлэл ч гэлээ хямралтай гээд дагаад шуугичихаж байгаа байхгүй юу.

Яагаад хямарсан юм гэдгийг нь ярьж байгаа хүн байхгүй. Тиймээс ямар нэгэн зүйлийг үйлдвэрлэж нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргадаггүй л юм бол энэ асуудал байнга л байна. Өнөөдөр уул уурхайн баялаг гэж яриад байгаа ч үнэ нь унахад дагаад л хямарна.

1990 оноос өмнө хойд хөршөөс хамааралтай байсан бол өнөөдөр урд хөршөөс хамааралтай. Энд нэг ийм гажиг тогтолцоо байгаа юм. Жил бүр л төсөв ярьдаг. Төсөв нь тэдэн төгрөгийн алдагдалтай батлагддаг. Гишүүд тойрог руугаа хэдэн төгрөг хуваарилах гээд завгүй болдог. Тэгээд л тойрогтоо таван төгрөг суулгуулчихвал санаа нь амарч ажил хийчихлээ гэж боддог. Түүнээс биш яагаад төсөв алдагдалтай байгаа, яагаад хямарсан, хэн хямруулсан бэ гэдгийг ярьдаггүй.

-Халамжийн мөнгийг багасгаад татварыг нэмье гээд байна л даа?

Халамж хавтгайрах гэж нэг юм бий. Сонгууль болоход дахиад л халамжаа ярьдаг. Өнөөдөр Таван толгой гэж яриад л байна. Хувийн Ухаа худаг ч өнөөдөр алдагдалд ороод эхэлчихсэн. Менежментийн алдаа гаргасан хүмүүстээ том Таван толгойгоо өгөх  гээд ярьж байгаа.

Дахиад асуудал үүсгээд-яах юм. Тэгэхээр миний яриад байгаа зүйл бол түүхий эдээс хамааралтай, нэг улстай харилцаатай бол ийм л эдийн засагтай байна. Үүн дээр шоуддагийг өөрчлөх л хэрэгтэй.

-Татвар нэмж байгаа тухайд...

Нэг арга. Нэгэнт эдийн засаг хямарсан бол татвараар л торгоодог. Татвараа хэн дээр тавих гэдэгт л асуудал бий. Архи, тамхи, машин, тансаг хэрэглээ гээд. Үүнд асуудал байгаа юм биш. Үндсэн суурь нь буруу байгаа юм. Айлаар бол ямааных нь ноолуур ноолорч, тэмээнийх нь ноос гуужаад унжчихсан ажилгүй айл байдаг даа. Хэрэг болохоороо хамгийн ойрхон ямаагаа самнаж тушаагаад явдаг шиг ийм эдийн засгийг өөрчлөх л хэрэгтэй.

-2017 он гэхэд бондын эргэн төлөлтийг хийнэ. Төсвөөс төлж чадах уу?

Эрдэнэтийн ЗЭСийн үйлдвэрийг 1980-аад оны эхээр барьсан. Өнөөдөр Эрдэнэт шиг үйлдвэрийг хэд хэдээр нь барих хугацаа байсан. Ийм эдийн засаг бодит зүйлийг ярихгүй хэвээрээ байвал хямрал гэдэг тоглоом байнга л явагдана. Хямралаар далимдуулаад улстөрчид нь популизм хийсээр байх болно.

-Гол нь АН эрх барьж байгаа үе шүү дээ?

Одоохондоо асуудал ийм байна. Асуудал хэзээ эхэлсэн бэ гэдгийг би хэлсэн ш дээ. Өнөөдрийг, маргаашийг аргацаасаар байгаад л ийм байдалд хүрсэн. Бид үүнд анализ хийх ёстой.

Тэгэхдээ сонгуулийн үеэр яригддаг эдийн засгийг хөгжүүлэх хөгжлийн бодлого цаасан дээр буудаг ч хэрэгжддэггүй юм байна. Хэрэгжүүлэх сонирхолгүй бүлэглэлүүд байдаг юм байна гэдгээ тодруулах хэрэгтэй. Ер нь манай танай гэлгүй бид чинь нэг л Монгол.