Ч.Улаан: Өрийн таазыг өсгөх асуудлыг удахгүй оруулж ирнэ
Өрийн таазыг өнөөгийн хүрсэн түвшин буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3 хувь байхаар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ.
-Өрийн таазаа 58.3 хувиар тулгаад баталчихаар хөнгөлөлттэй зээл авах боломж хаагдаж байна гэж та хэлсэн. Тухайлбал, ямар хөнгөлөлттэй зээлээс татгалзах нөхцөл үүссэн бэ?
УИХ-аар хэлэлцээд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Дэлхийн банкны тав, Азийн хөгжлийн банкны гурав, Австри улсын таван төсөл бий. УИХ авч ашиглая гэж шийдвэрлэсэн бусад зээл ч байгаа. Өрийн таазыг өнөөгийн түвшинд тохируулаад баталсан учир зээл авах боломжгүй болж байна. Эдгээр зээлийг ашиглах асуудал эргэлзээтэй болсон гэсэн үг.
Өнөөдөр (өчигдөр) Төсвийн байнгын хороогоор намын бүлгүүдийн саналыг хэлэлцээд зээл авч санхүүжүүлэх зардал нэмэгдлээ. Аль ч тохиолдолд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3 хувиас давна.
60 хувьд багтах нь уу, үгүй юү гэдгийг нарийн тооцож үзэх хэрэгтэй. Өрийн таазыг 40 хувиас өсгөсөн. Нэмэхдээ зайлшгүй авах шаардлагатай эх үүсвэрээ тооцож, хязгаараа оновчтой тогтоох байсан юм.
-Өрийн таазыг нэмэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу?
-Аргагүй нөхцөл байдал үүссэн. Удахгүй өрийн таазыг нэмэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дахин оруулж ирэх байх.
-Дэлхийн банк зэрэг түншлэгч байгууллагуудын зээлийн хэмжээ хэдэн ам.доллар байсан бэ?
УИХ төсөл тус бүрээр хэлэлцээд баталсан. Хэмжээг нарийн хэлж мэдэхгүй байна.
-Таазыг 60 хувь болгож өсгөлөө гэхэд үүнээс өр давахгүй гэх баталгаа байна уу?
Эргэлзээтэй. Бид Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахдаа зарчмын хэд хэдэн зүйл хөндсөн. Тухайлбал, өрийн хэмжээг оновчтой тогтооё, зээлийнхээ ангилал, үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт нийцүүлье гэсэн цогц зохицуулалт тусгасан. Өрийн удирдлагыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Хувь хэмжээтэй ноцолдох нь өөрийгөө хуурсан ажил.
-УИХ-ын гаргасан шийдвэр хоорондоо яагаад зөрчилдөөд байна вэ. Өрийн таазыг 58.3 хувиар баталснаар өмнөх шийдвэрээ үгүйсгэж байна. Эсвэл улс төрийн шоу хийхээ урьтал болгоод байдаг юм болов уу?
Би онож халж чадахгүй нь. Ер нь богинохон харж байна. Аливаа шийдвэр өмнөхтэйгөө уялдаж, дараа нь гарах үр дагаврыг сайтар тооцсон байх ёстой. Салан баавгайн үлгэр шиг юм болж байна. Хуулийн уялдаа холбоог хангаж байж шийдвэрүүд хэрэгжинэ.
“Эхийн алдар” одон, хүүхдийн мөнгийг өгөхийн тулд шатахууны онцгой албан татварыг нэмэхээр болжээ. Үүнийг та хэр оносон санал гэж бодож байна вэ?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэнэт 230 тэрбум төгрөг олчихлоо гээд яриад эхэлсэн. Нэлээд ул суурьтай хандах ёстой асуудал. Бензин, дизелийн түлшний татварыг нэмэх нь орлого дайчлах талаасаа зөв. Энэ талаас хараад дэмжиж байгаа. Гэхдээ аливаа шийдвэр эерэг, сөрөг талтай. Үр дагаврыг хэр болсоныг мэдэхгүй байна. Эдийн засагт суурь үнэ гэсэн ойлголт бий.
Үүний голыг бензин, дизелийн түлш, эрчим хүчний үнэ бүрдүүлдэг. Суурь үнэ өсвөл бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дагаад өсдөг. Үнийн өсөлтийн олон давхар давалгаа явдаг гэмтэй. Үнэ өсөхгүй байх нөхцөлийг сайтар тооцсон байх шаардлагатай. Ямар ч тооцоо судалгаагүйгээр төсвийн зардлаа хасаж чадахгүй байгаагаа зөвтгөхийн тулд онцгой албан татварыг нэмж буй бол их үнээр олдсон хөрөнгө болно.