С.Ганбаатар: Ээжүүд, хүүхдүүд рүүгээ дайрч байснаас оюутолгой руу гар дүрэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.01.21

С.Ганбаатар: Ээжүүд, хүүхдүүд рүүгээ дайрч байснаас оюутолгой руу гар дүрэх хэрэгтэй

УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Мөн өрийн таазыг 60 хувьд хүргэхээр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан боловч өчигдрийн чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж санал хураалт явуулахад энэ оны улсын өр ДНБ-ий 58.3 хувиас хэтрэхгүй байхаар  болсон. Чуулганы хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

- 2015 оны төсвийн тодотголд таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

2015 оны төсөл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд батлагдсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжих ёстой. Гэтэл нэг ч өдөр хэрэгжилгүйгээр тодотгол яригдаж байна. Ядаж гурван сар хэрэгжүүлчихээд тодотгол ярьж бол болох байсан.

Миний мэдэхээр түүхэндээ анх удаа баталсан төсвөө нэг ч өдөр хэрэгжүүлээгүйгээр тодотгож байна. Ер нь тодотгол гэж хэзээд хийдэг вэ гэвэл төсвийн орлого гэнэт нэмэгдэж орж ирвэл нэмэгдсэн мөнгийг юунд зарцуулах вэ гэж тодотгол хийдэг. Аль эсвэл орж ирнэ гэж тооцож байсан орлого тасалдах юм бол зардлаасаа юуг хасах вэ гэдгийг тодотгодог. Сүүлийн жилүүдэд дандаа хоёрдугаар хувилбараар явж байна.

2015 оны төсвийн тодотголоор юугаа хасах вэ гэдгийг ярьж байгаа. Миний хувьд тодотголыг нэг их наяд төгрөгөөр орлого тасарсан гэж үзэж байгаа. Энэ нь цаад утгаараа 3000 уул уурхайн лицензтэй зарим компаниуд тэр дундаа үндэстэн дамнасан олон улсын корпорациуд Монголд өгөх ёстой юмаа өгөхгүй байгаа учраас тодотгол хийгдэж байна. Дараагаар нь өрийн таазаа нэмж зардлаа танаад  танаж чадахгүй болоод ирэхээрээ өр тавьж эхэлж байна гэсэн үг.

Өр тавина гэдэг нь  нэг их гайхуулаад мөнгө олж ирэх гээд байгаа биш, асар их хүүтэй, боомилох магадлалтай үнэтэй мөнгийг гаднаас зээлж оруулж ирж байгаа юм. Барьцаанд нь Монголын баялаг, ард түмнийг тавьж байна гэсэн үг. Тэгэхээр өрийн таазыг нэмэгдүүлэх явдал бол нэг их хүсэх зүйл биш.

-Тэгээд одоо өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа шүү дээ?

Муу өр, сайн өр гэж байхгүй. Өрийг сайн зүйлд зарцуулах уу, муу зүйлд зарцуулах уу гэдэг нь чухал байдаг. Хоёр жил бие даагчдын зөвлөлтэй нийлж өрийн таазыг нэмэхгүй шүү, нэмбэл аюултай шүү гэж орилсон МАН-ынхан Монголын ард түмнээс уучлалт гуйгаад бид  өрийн таазыг нэмэгдүүлэх тал дээр шийдвэрээ гаргана гэдгээ илэрхийлэх ёстой.

Зургаан сайдаар иргэдийнхээ, гишүүдийнхээ эрх ашгийг худалдаагүй юм бол МАНАН-ынхан үндэслэлээ гаргах хэрэгтэй. Тэгэхээр МАН өрийн таазыг нэмэх тал дээр санал нэгдэхгүй байх.  Миний тооцоолж байгаагаар  1.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ. Энэ мөнгөөр юу хийх гэж байгаа вэ.

Миний мэдэхээр түүхэндээ анх удаа баталсан төсвөө нэг ч өдөр хэрэгжүүлээгүйгээр тодотгож байна.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг монгол ардын  үг байдаг шүү дээ. Энэ их сааль аваад аль савандаа хураах гэж байгаа юм бэ. Хамгийн гол нь хэн юунд зарцуулах юм бэ. Энэ мөнгийг авснаар хэчнээн үйлдвэрлэл бий болж, эдийн засаг, экспортын бүтээгдэхүүн яаж өсөх юм бэ, гаднаас хэдий хэмжээний валют орж ирнэ гэсэн тооцоо судалгаа байна уу гэдэг асуултад хариулахгүй байна. Тэд энэ асуултад хариулж чадахгүйн зөв байх.

1.5 тэрбум бонд гаргаад, энэ мөнгөөр маш олон зүйлийг санхүүжүүлсэн байж болно. Бүтэн хоёр жилийн туршид би наад мөнгөөрөө хадаасаа үйлдвэрлэдэг үйлдвэртэй болооч ээ, эсвэл нефть боловсруулах үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийгээч ээ гэж байнга гуйж байсан. Тэгэхээр 1.5 тэрбум ам.долларын бондын мөнгийг гаргаад зарцуулсан үйл ажиллагааныхаа дүгнэлт, тайлан, үр дүнг гаргаж тавь.

Тэгээд тэр алдсан шүү, харин энэ дээрээ оносон шүү гэдгээ гаргаж үнэлэлт дүгнэлт өгч, дараагийн өр тавих гэж байгаа процесс дээрээ тусгаж оруулсан уу гэдгийг бид асууж байгаа юм. Тэгээд өр тавих гэж байгаа мөнгөнөөсөө 44.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төр өгнө гэж хэлж байгаад хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудаар маш олон сургууль, цэцэрлэгийг бариулсан.

Хувийн хэвшлүүдээ битгий хуурч бай. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын өр тавьсан мөнгийг өгнө гэдгээ энэ төсөл дээрээ тусгасан уу гэдгийг асууж байна. Аль эсвэл  энэ мөнгөөр хэдхэн улс төрч, гэр бүл, бизнесмэнүүдийг санхүүжүүлэх гээд байна уу. Улстөрчидтэйгээ хутгалдчихсан, энэ олигархиудынхаа өрийг дарах гэж зээл авч  байгаа юм уу гэдгийг хариулж өгөөч ээ гэдгийг хэлж байгаа юм.

-Өнөөдөр Монгол Улсын өр яг хэд байна вэ. Гурван тоонд эргэлдээд байх юм. УИХ-ын гишүүний хувьд бодитой мэдээлэл өгөөч?

Есөн их наяд төгрөг гэсэн тооцоо анх явж байсан. Дөнгөж анх биднийг асууж байхад 39,8 хувь байна. Өрийн тааз 40 хувьдаа хүрэхгүй байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ хэтэрлээ болоод явчихсан. Ингээд ДНБ-ний  54.2 хувь болсон. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.

ДНБ-ний өр 58.2 хувь болчихсон гэж хэлээд байгаа нь 2015 онд авах зээлээ оруулаад хэлээд байгаа юм. Тэгээд 1.8 хувь гэдгээ тэгшитгээд 60 хувь гэчихье л дээ гэсэн байдлаар ярьж байгаа юм. Эдний яриад байгаа 58 хувь бол хүлээгдэж байгаа үр дүн. Авах гэж байгаа зээлээ оруулж тоог хэлээд,  авчихсан юм шиг ярьж байгаа нь буруу.

-Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу өршөөлийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Энэ хууль эдийн засагт хэр өгөөжтэй бол. Эсвэл хэдэн  олигархиудыг дэмжсэн хууль болж байна уу. Таны байр суурийг сонирхвол?

Ер нь өр тавиад түүнийхээ хүүнд дарлагдаад ирэхээр өрийн дарамтад ордог. Манай төсөв 2017 оноос эхлээд тавьсан өр зээлийн хүү төсөвт асар их дарамт учруулна. Энэ хүүгээр одонтой ээжүүд, хүүхдийн мөнгө болон иргэдийн цалин тэтгэврийн хэмжээнд хүрч бидэнд дарамт учруулна, өрийн хүүгийн дарамтаа тооцоолсон уу гэж асууж л байсан.

Үүнтэй адилаар Монгол орон маш их өрөнд баригдаад, бизнесийн орчин нь авлига нэхдэг, төрийн хүнд суртал давамгайлдаг, төрийн тамга тэмдгээр далайлгадаг байхыг үгүйсгэхгүй. Янз бүрийн байдлаас болоод бизнесмэнүүд  өрөнд  ороод сандарсан байгаа үед нэг удаа өршөөл үзүүлэх тохиолдол бий. Миний санаагаар  бол жижиг дунд үйлдвэрлэгчдийг эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах ёстой гэж боддог.

Архиар, шатахуунаар Монгол орныг хангаж байгаа компаниуд болон  утасны оператор компаниуд, уул уурхайг ухаад гаргаж зарж байгаа компаниуд  бизнес хийж байгаа гэхээсээ илүүтэй мөнгөний асар том урсгал дээр сууж байгаа юм. Тэдэнд маркетинг гэж байхгүй. Тэдний дампуурал гэвэл улс төрийн дампуурал л байдаг. Түүнээс биш татвар юм уу янз бүрийн байдлаас болж дампуурдаггүй. Харин  жижиг дунд үйлдвэрлэгчид  ажлын байр байхгүйгээс, худалдан авагчид орлого байхгүйгээс, эдийн засгийн нөхцөл байдлаас болж дампуурдаг.

Тиймээс жижиг дунд үйлдвэрлэгчид, тэрдундаа гарааны бизнесээ дөнгөж эхлээд явж байгаа хүмүүсийг энэ хуульд хамруулах ёстой. Улс төрчид, олигархи бизнесмэнүүдийг хамруулж болохгүй. Ер нь гэхдээ өршөөл гэдэгт би хувьдаа дуртай биш. Эцсийн дүндээ татварын урамшуулал гэж байх ёстой. Учир нь татвараа байдаг чадлаараа төлөөд явж байгаа компаниудыг тодорхой хэмжээгээр урамшуулж байх хэрэгтэй. Тухайлбал, гурван жил тасралтгүй татвараа төлж байгаа компанийг тодорхой хэмжээгээр хөнгөлье гэж ярьж болно. Хэрвээ тэгэх юм бол мөнгөө төлөхгүй байгаа компаниуд хожно гэдэг зүйл байхгүй болно. Татварын урамшуулал бол миний сонирхдог санаа.

-Төсөв хэмнэх нэрээр янз бүрийн таналт хасалтыг хийх гэж нийгмийн шүүмжийг их хүлээлээ. Үүний дараагаас ээжүүд, хүүхдүүд рүүгээ дайрсан таналт хасалтаа намын бүлгүүд больж байх шиг байна. Ер нь өөр зүйлээс хэмнэлт хийх боломж байна уу?

Төсөв хэмнэхдээ одонтой ээжүүд, хүүхдүүд рүүгээ дайрч байснаас Оюутолгой руу гар дүрээч ээ гэдгийг байнга хэлдэг. Оюутолгойгоор амаа алгадуулчихаад байх юм. Өнөөдөр ээжүүд, хүүхдүүдээс 19 тэрбум төгрөг хэмнэх гээд улс даяар юм боллоо.  Тэрний оронд Оюутолгой компаниас 130 сая ам.долларын татварын авах ёстой өр байгаа биз дээ. Миний хувьд энэ асуудлаар  холбогдох хүмүүсийг АТГ өгсөн.

Төсөв хэмнэхдээ одонтой ээжүүд, хүүхдүүд рүүгээ дайрч байснаас Оюутолгой руу гар дүрээч ээ гэдгийг байнга хэлдэг. 

Мөн дэд сайд нарын суудлыг байхгүй болгоод тэдний тансаглаж байгаа мөнгийг хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгөн дээр  нэмье гэсэн саналыг бие даагчдын зөвлөлөөс гаргасан. УИХ-ын төсвийн ажлын хэсэгт надтай нийлээд долоон гишүүн байгаа. Долоон гишүүнээс дөрөв нь ийм саналтай гарын үсэг зурсан. Гарын үсэгтэй бичигт бүх яамдын орон тоо, түүнтэй холбогдох төсөв зардлыг төсвөөс хэмнэе гэсэн утгатай.

Одонтой ээжүүдийнхээ халаас руу гараа дүрэхээсээ ичээгүй мөртлөө дэд сайд нарын зардлаас танахаасаа ичээд байгаа юм МАНАН-ынхан. Улстөрчид бид өөрсдөө шударга ёс зүйтэй байх ёстой. Тэгэхээр миний хэлээд байгаа энэ хэмнэлт Төсвийн байнгын хороогоор орж дэмжигдэнэ. УИХ-ын чуулган дээр ч дэмжигдэх байх. Есөн яамтай байхдаа дэд сайдгүй байсан.

Одоо 17 яамтай. Тэгээд дэд сайдтай байх нь байж болохгүй зүйл. Улстөрчид бид өөрсдөөсөө эхэлье. Төрийн гурван өндөрлөг, сайд нар нь машинтай явдаг юм байгаа биз. Бусад бүх агентлаг зөвлөх, дарга нар Улаанбаатарт унаагүй яв.

Алхаад яв, яарч байгаа бол таксинд суу. Нийтийн тээврээрээ зорч. Миний хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш нэг ч унаа байхгүй. Байнга алхдаг. Буруудсан зүйл л алга. Хөдөө явах, яарсан үед Засгийн газрын автобаазаас унаа дуудаж болдог. Түүнээс биш өдөржин гадаа нэг жолооч, машин хоёр зогсоох хэрэг юу байгаа юм бэ. Үүнийг хэлэхээр популист гэх байх л даа.

-Сангийн сайд Оюутолгойгоос авах мөнгө байхгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Таны хувьд авах зүйл бий гээд байдаг. Ер нь Оюутолгойгоос хэчнээн хэмжээний мөнгө авах ёстой юм бэ?

Оюутолгой ерөөсөө ажиллахгүй байна. С.Ганбаатар гэдэг хүн зогсоогоод байгаа. Тиймээс бид ийм хүнд байдалтай байгаа гэж МАНАН-ынхан ярьдаг байсан. Одоо ичээд ярихаа больчихжээ.  Чин үнэндээ Оюутолгой ажиллахын  дээдээр  ажиллаж байгаа. Тэд өөрсдөө авах юмаа авахын дээдээр авч байгаа. Ганцхан жишээ хэлэхэд 2014 оны есдүгээр сарын 10-ны байдлаар гэхэд 612 тонн зэстэй тэнцэх хэмжээний баяжмал, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргасан.

Ирж байгаа жил гэхээр 820 мянган тонн зэстэй тэнцэх хэмжээний баяжмал,  15 мянган тонн алт, 32 мянган тонн мөнгө гаргана. Энэ бүх зүйл явдгаараа явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд есдүгээр сарын 10-ны байдлаар 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Бид чинь 1.5 тэрбум ам.доллар авчихаад яаж салгалж чичирч байна.

Тэгэхээр эндээс авах мөнгөө гэрээ, хэлэлцээр дээр байснаараа авъя гэж хэлээд байгаа юм. Яг юу гацаагаад байгааг мэдэх юм алга. 130 сая ам.доллар гэдэг чинь 240 тэрбум төгрөг авах талаар шүүх дээр маргаж байна.