Ж.Батсуурь: Малын хөлийн татвар авах нь зөв
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2015.01.09

Ж.Батсуурь: Малын хөлийн татвар авах нь зөв

Засгийн газраас өргөн барьж УИХ-аар хэлэлцэж буй энэ оны төсвийн тодотголд Малын хөлийн татварыг хонин толгой тутамд мянган төгрөгөөр тооцож татвар ногдуулах заалт оруулсан юм. Малын хөлийн татварыг зарим иргэн эсэргүүцэж байгаа ч дэмжих хүн цөөнгүй байна.  Малын хөлийн татварыг тодорхой хэмжээгээр авах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Малын хөлийн татварыг авах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байгаа гишүүдийн нэг нь та. Яагаад дэмжих байр суурьтай байгаагаас ярилцлагаа эхлэе?

Ер нь бол мал аж ахуй бол манай уламжлалт том аж ахуй л даа. Бидэнд нэг хэсэг мал аж ахуй эрхлэхэд хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг уурын нөлөөлөл ч бас байсан. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой ихээр өсч байна. Малчдаас гадна том том бизнесмэн, компаниуд бизнесийн зорилгоор мал аж ахуй эрхлэх нь нэмэгдэж байгаа.

Тиймээс Малын хөлийн татварыг орон нутгийн захиргаа нь тодорхой дээд, доод түвшингийн хүрээнд тогтоогоод, авсан татвараа бэлчээрийг хамгаалах, хадгалах, усжуулалт гэх мэт зүйлд зарцуулвал илүү үр дүнтэй. Гэхдээ малтай иргэн болгоноос, мал аж ахуй эрхэлж байгаа бүх хүнээс татвар авна гэсэн үг биш л дээ.

Тухайлбал, 500 ч юм уу мянгаас дээш малтай бол Малын хөлийн татвар авна гэсэн зааг ялгаатайгаар тогтоох юм бол үр дүнгээ өгнө гэж бодож байна. Сумын төв дээр, аймгийн төв дээр, хотод бизнес эрхэлж байгаа иргэд жижигхэн ч гэсэн үйлчилгээнээсээ татвар төлдөг. Гэтэл мал аж ахуй ч гэсэн тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхэлж орлого олдог салбар. Малаас гарах бүх зүйлийг зарж борлуулж байгаа. Гэхдээ дөнгөж амиа аргацааж байгаа 100 малтай хүнээс татвар авах шаардлагагүй л дээ.

Тэгэхээр энэ эрхийг нь нээлттэй болгочихвол тухайн орон нутгийн засаг захиргаа нь татвараа ингэж тогтооё, энэ жил татвар авахгүй ч гэдэг юм уу шийдээд явбал боломжтой. Монголын мал 50 сая толгойд хүрчихлээ. Энэ бол маш том аж ахуй шүү дээ.

Энэ чинь өөрөө эргээд бэлчээрийн даац гэх мэт зүйлүүдэд хүндрэл бэрхшээл учруулж байгаа. Зарим орон нутагт хэдэн мянгаар тоологдох мал сүрэгтэй хүмүүс их болсон. Ийм хүмүүс бол татвар төлөх нь шударга хэрэг.

Татвар гэдэг бол дэлхий нийтийн улс орнуудын хөгжлийн түүхэн том гарц.
-Зарим иргэн Малын хөлийн татварыг зөвхөн татвар нэмж байгаа нэг хэлбэр гэж хараад эсэргүүцээд байх шиг байна. Мөн бууны албан татвар гэхээр ихэнх нь малчдад хамаатай учраас тэдэнд илүү дарамт болно гэдэг зүйл бас ярьж байгаа?

Хүмүүс татварыг нэмэх гээд байна гэж л ойлгодог. Хөдөө суманд, багт байгаа малчдад үзүүлж байгаа эмнэлгийн, сургуулийн үйлчилгээг төр ямар ч үнэ төлбөргүй хүргэж байна.  Ерөнхий үйлчилгээ бол бүгд л үнэ төлбөргүй шүү дээ. Сургуульд сурдаг хүүхдийг нь дотуур байранд суулгачихаад тэр дотуур байрны барилга, цахилгааны мөнгийг хүртэл төр дааж байна. Гэтэл тэр зардлыг бид татвараар бүрдүүлж бий болгоно шүү дээ.

Гурван хүүхэдтэй айл байлаа гэхэд гурвууланг нь л дотуур байранд суулгаад төр хариуцна ш дээ. Цэцэрлэгт ч гэсэн явуулна. Тэгэхээр энэ бүхнийхээ багахан ч гэсэн хувийг эргүүлээд татвараар төлдөг байх ёстой.   Бууны татварын хувьд зөвхөн малчид л буутай гэвэл эндүүрэл болно. Төв суурин газрын томчууд бүгд л хэд хэдэн буутай ш дээ. Машиныхаа ард дүүрэн буутай явж байдаг хүмүүсийг би харж л байсан.

Жилд ганцхан удаа ногдох бууныхаа татварыг төлсөн нь л дээр шүү дээ. Татвар гэдэг бол тэр зүйлийн үнэ цэнийг бий болгож байгаа юм. Би буутай байхын үнэ цэнийг өөрөө татвараа төлж байж мэдэрч ойлгоно гэсэн үг. Татвар төлнө гэхээр л хөмсөг зангидаж байхын оронд би нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэж бодох хэрэгтэй. Би татвар төлсөн учраас энэ сумын эмнэлэг, сургууль ажиллаж байна. Би төрдөө хувь нэмэр оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Татвар гэдэг бол дэлхий нийтийн улс орнуудын хөгжлийн түүхэн том гарц. Ер нь бол улс орны эдийн засаг хямралгүй зөв үргэлжлэх, гол суурь нь татвартай холбоотой. Сумын төвд ч хүний сурах, хөгжих орчинг бүрдүүлж болно.

Сумандаа хүүхдийн төвтэй, усан спорт сургалтын төвтэй болж болно. Үүнийг бизнес эрхэлж байгаа хүмүүс л хийх ёсгүй. Малчин хүн татвараа төлөөд бий болгож болно. Татвар төллөө гээд тэр хүн хоосрохгүй. Харин төлсөн татварыг нь төр, орон нутгийн удирдлагууд эрх мэдлээ зөв ашиглаж, зөв зарцуулах хэрэгтэй.

Би бол тэгж дааж давшгүй их татвар оногдохгүй байх гэж бодож байна.    
-УИХ дахь бие даагч гишүүдийн зүгээс манай улсын голлох аж ахуй болсон мал аж ахуйг ингэж хааж байгаа нь малчдыг хот руу нүүх, төвийн төвлөрлийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэсэн байр суурийг илэрхийлж байсан?

Би бол тэгж дааж давшгүй их татвар оногдохгүй байх гэж бодож байна. Хэдхэн төгрөгийн татвар төлөхөөс болоод мал аж ахуй эрхлэхээ болъё. Татвар төлдөггүй юм хийе гээд явахгүй байх гэж бодож байна. Малын хөлийн татвар бол тэгтлээ их дарамт учруулахгүй. Үүнийг чинь бас тооцоо судалгааны үндсэн дээр хийнэ шүү дээ.

Ер нь бол иргэдэд татвар төлөхгүй байхыг сургаж байна гэдэг бол хүүхэддээ эрлэхийг сургаж байна л гэсэн үг.  “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэж үг байдаг шүү дээ. Малчид “Би татвар төлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ёстой” гэдгийг л ойлгох ёстой. Татвар буй дор төр оршино гэдэг үг байдаг шүү дээ. 

Би бол малчдыг ойлгоно гэж бодож байна.
-Энэ хууль батлагдаад малчид татвар төлөх боллоо гэхэд энэ талаарх зөв зүйтэй мэдээллийг тэдэнд хэрхэн хүргэх вэ?

Би бол малчдыг ойлгоно гэж бодож байна. Морьдоо машин дээр ачаад хэдэн зуун километр явж наадам хэсэх, малынхаа тоо толгойноос шалтгаалаад цөөхөн хэдхэн төгрөгийн татвар төлөх хоёрын хооронд ялгаа байгаа. Харин нэг зүйлд бухимдаж байгаа байх.

Төлсөн татварыг нь төрийн хариуцлагагүй түшмэдүүд буруу зүйлд зарцуулаад байна уу, өөрийнхөө хувийн эрх ашигт үйлчлэхээр зүйлд зарцуулаад байна уу гэдэгт л санаа нь зовж байгаа байх. Яг зөв зүйлд нь зарцуулах юм тэд нар татвар төлөхөөс татгалзахгүй.  Тэгэхээр төр өөрөө шударга, хариуцлагатай байх ёстой. Түүнээс хэсэг бүлэг хүн гарч ирчихээд намын эрх ашиг яриад байх юм бол бүх зүйл буруу болчихно.   -

Малын хөлийн татварын эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх нь зөв үү?

Бэлчээр нутгийн ашиглалт, мал аж ахуй эрхэлж байгаа байдал зэрэг нь орон нутагт бол харилцан адилгүй шүү дээ. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаа болон татвар төлөгч иргэд хоорондоо сайтар ойлголцож чадна гэж бодсон байх. Би бол үүнийг зөв юм уу л гэж дэмжиж байгаа.